Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баян-Өлгий, Булган, Дундговь, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 32-37 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 25-27 градус дулаан байна.

Төлөв байдал: 9-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, төв, зүүн аймгуудын зарим газраар, 10,11-нд зарим газраар, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 11-нээс баруун аймгуудын нутгаар халах боловч нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна.

2.Объектын түймэр: 

ААН, байгууллагын өмчид гарсан: Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд модны үйлдвэр шатаж байна гэсэн  дуудлагыг 08.07-ны өдрийн 21:42 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 15 км замыг туулан 21:59 цагт очиж ”МСЖП” ХХК-ийн хашаанд модны үртэс шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсанНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.07-ны өдрийн 17:21 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 9 км замыг туулан 17:34 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тус дүүргийн харьяат Е /4 настай, эмэгтэй/, Г /3 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан, цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн “Балбархай” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 25 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 08.07-ны өдрийн 20:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн 9 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 2 иргэн, 1 автомашин, нийт 11 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр 25 км замыг туулан 21:35 цагт очиж, унтраахаар ажиллаж байна.

3.Зам, тээврийн осол: 

Автозамын осол: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Хустайн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 147 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т/ автомашин мөргөлдсөний улмаас төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 08.07-ны өдрийн 14:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 20 км замыг туулан 14:44 цагт очиж, Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд зорчиж явсан “СОНАТА-6” загварын суудлын автомашин, “ХОНДА CРВ” загварын суудлын автомашин мөргөлдөж, Хан-Уул дүүргийн харьяат иргэн Х /69 настай, эмэгтэй/-ийн цогцсыг гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Их гутай” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т / Багануур дүүргийн харьяат иргэн Ж /57 настай, эрэгтэй/ 07.13-ны өдрийн 11:00 цагийн орчим согтуу гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.14-ний өдөр хүлээн авсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай 07.15-ны өдрөөс 07.20-ны өдөр хүртэл “Хэрлэн” голын усанд эрэн хайсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоогоод байсныг 08.02-ны өдрийн 14:05 цагт дахин эрэн хайх хүсэлтийг ар гэрээс нь ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, ар гэрийн 6 хүн, нийт 11 хүн, 1 автомашин, 6 морьтой 08.06-ны өдөр Байдлаг багийн “Таван салааны гарам”-наас “Эрэг бүүрэг” гэдэг газар хүртэл 24 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. Ар гэрийн хүсэлтийн дагуу 08.07-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар ус багийн “91-ийн гарам” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 11 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 93 км-т/ Орхон голыг бривазаар гатлаж байх үед зөөлөн холбоос тасарч урссан тухай дуудлагыг 08.07-ны өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 93 км замыг туулан 13:35 цагт очиж, 30 минут ажиллан “Тоёото Рав-4” загварын, 5 зорчигчтой суудлын автомашиныг зорчигчдын хамт аюулгүй газарт гаргасан.

Бусад: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Дэлгэрэх багт тус сумын харьяат иргэн У /24 настай, эмэгтэй/ 08.06-ны өдрийн 06:00 цагийн орчим бие засах үед жорлонгийн нүхэнд урагаа унагасан тухай дуудлагыг 08.07-ны өдрийн 12:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 12:43 цагт очиж, 30 минут ажиллан цогцсыг жорлонгийн нүхнээс гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР