Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

 1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Завхан, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон.

   Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 12-17 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 29-34 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 25-30 градус,  бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал: 21-22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2. Объектын түймэр:

 Хувийн өмчид гарсан:Архангай аймгийн Эрдэнэбулган 3 дугаар багийн “Цогт уул”-ын 12 дугаар гудамжинд  байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.20-ны 16:51 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр  ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 9 км замыг туулан 16:56 цагт очиж, 36 минут ажиллан унтрааж, гэрийн эзэн Э-д хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 64 дүгээр гудамжинд иргэн О-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.21-ний өдрийн 04:54 цагт  хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 05:04 цагт очиж 15 минут ажиллан  унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын  Бор гүвээ багийн 1 дүгээр  гудамжинд  /ангийн байрлалаас зүүн урд зүгт  8 км-т/ тус сумын иргэн Г-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагагыг 07.21-ний өдрийн 05:39 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах  36 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 05:44 цагт очиж 01:30 цаг ажиллан унтрааж байшинг иргэн Г-д хүлээлгэн өгсөн.  

                                       3.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:

Үер: Баян-Өлгий аймгийн Өлгий суманд  07.15-ны өдрийн 15:00-15:30 цагийн  хооронд усархаг бороо орсны улмаас болсон уруйн үерт тус сумын 2,3,4,12,13 дугаар багт 275 айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 16:05 цагт  хүлээн авсан. Дахин 07.16-ны өдрийн 17:13 цагт аадар бороо орж, “Бөхөн” уулнаас уруйн үер буусан тухай мэдээллийг 17:46 цагт хүлээн авсан. Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгуудын Онцгой байдлын газрын 66 алба хаагч, 9 техник,  Цагдаагийн газрын 19 алба хаагч, 4 техник, аймгийн Засаг даргын Тамгын газрын 11 хүн, 5 техник, Мэргэжлийн хяналтын газрын 9 алба хаагч, 2 техник, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 13 алба хаагч, 1 техник, Эрүүл мэндийн газрын 27 алба хаагч, 2 техник, Өлгий сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн 47 хүн, 8 техник, Нийтийн аж ахуйн үйлчилгээний “СУАТ” ХХК-ий 4 хүн, 1 техник,  Боловсрол, соёл урлагийн газрын 45 хүн, 2 техник, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 13 хүн, 2 техник нийт 9 байгууллагын 254 хүн, 36 техник хэрэгсэлтэйгээр гамшгийн голомтод сэргээн босгох ажлыг зохион байгуулж, 9 хүнийг татан гаргаж, 5 хүнийг түр хорогдох байранд байрлуулан, 16 хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, цэвэр усны хомсдолд орсон 240 айлыг 18 тонн ундны цэвэр усаар ханган, хохирлын үнэлгээ тогтоох, түр хоргодох байранд байгаа 668 иргэнийг  халуун хоол, цайгаар хангах ажлыг зохион байгуулан ажиллав.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн “Хөөвөр хороолол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км-т/ тус сумын  иргэн Э /30 настай, эмэгтэй/, Г /10 настай, эрэгтэй/ нар ухсан нүхний усанд унасан тухай дуудлагыг 07.20-ны өдрийн 13:10 цагт  хүлээн авсан.Тус сумын Цагдаагийн байгууллагын 6 алба хаагч, 1 автомашин, ЗДТГ-ын 7 албан хаагч, 7 автомашин, Эмнэлгийн байгууллагаас 5 хүн, нийт 18 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр уснаас иргэн Э-г эсэн мэнд, Г-ын цогцсыг 14:00 цагт гаргаж Эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгснийг Онцгой байдлын газарт мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 8 алба хаагч 1 автомашинтай осолдсон газарт очиход нутгийн захиргааны байгууллагын алба хаагчид иргэн болон цогцсыг гаргасан байсан тул 17:45 цагт ангийн байрлал руу буцсан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн гүүрийн урд талдТуул голд хүн живж байна гэсэн дуудлагыг 07.20-ны өдрийн 18:30 цагт  хүлээн авсан.Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 18:45 цагт очиж  10 минут ажиллан Туул голд живж байсан тус дүүргийн  иргэн Э /28 настай, эрэгтэй/ голын уснаас аварч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн НЯТТ-д хүлээлгэн өгсөн.

Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт  07.16-ны өдрийн 13:06 цагийн орчим аадар бороо орж  үер буусны улмаас сумын төвийн 200 мерт автозам эвдэрч, явган хүний зам урссан, орон нутгийн чанартай “Шавартайн” бетонон гүүр /Улаанбаатар хотоос 100км-т/-ийн  тулгуур баганад суулт үүсч зорчих хэсэгт цууралт үүссэн, сургууль, цэцэрлэгийн хашаа нурж, лаг шаварт дарагдсан, 12 гэр, хашаа, 3 дэлгүүр, 1 цайны газар, цагдаагийн байр усанд автсан, зэлэндээ уяатай байсан 15 унага хорогдсон,  тухай мэдээллийг 07.16-ны өдрийн 15:03 цагт хүлээн авсан. Дахин 07.17-ны өдрийн 11:30-12:00 цагт аадар бороо орж, уруйн үер буусан тухай мэдээллийг 13:30 цагт  хүлээн авсан.  Тус суманд ЗХ-ий 016 дугаар бригадын 32 алба хаагч, сумын ЗДТГ-ын 11 албан хаагч, Цэцэрлэгийн 16 ажилчин, ЕБС-ын 22 алба хаагч, Соёлын төвийн 4 алба хаагч, Дүйцүүлэх албаны 8 хүн, 8 техник, нийт 93 хүн, 8  техник хэрэгсэлтэйгээр 1 га газрын 45 тонн орчим лаг шавар, хогийг цэвэрлэж ачуулсан.

Төв аймгийн Зуунмод  2,3,4,5,6  дугаар багийн  нутгаар 07.17-ны өдрийн 11:02-11:30 минутын хооронд  усархаг бороо орсны улмаас болсон уруйн үерт тус сумын замын ус зайлуулах суваг задарсан, зам 2 метр сэтэрсэн, гүүр үерийн усанд эвдрэл үүсч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон,   24  айл өрхийн гэр, 70 хашаа усанд автсан тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 11:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн багийн Засаг дарга, хэсгийн ахлагч 13 албан хаагч, 4 автомашин, Хот тохижуулалтын  газрын 13 хүн, 3 автомашин, Авто зам засвар, арчлалтын “Төв” ХХК-ийн 8 ажилчин, 4 автомашин орон нутгийн 18 иргэн, 2 автомашин, нийт52 хүн 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, сумын Онцгой комисс 08:30 цагт хуралдаж уруйн үерийн аюулаас үүссэн хор уршгийг арилгах,  хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг зохион байгуулан явуулах шийдвэр гаргасан. Нацагдорж багийн ус зайлуулах хоолой, авто замын ус зайлуулах сувгийн лаг шаврыг зайлуулах, усанд автсан 12 дугаар гудамжны 2 айлын хашаанд шороо асгаж тэгшлэх, Баянхошуу, Зүүндэлгэр багуудын авто замын 2 талын шуудууг шинэчлэх зураг, төслийг хийсэн.1 дүгээр гудамжны үерийн ус залуулах далан таглаж хашаа барьсан айлыг нүүлгэн шилжүүлсэн ба нийт 23.4 м3 хог хаягдал цэвэрлэж, 80 тн шороо зөөж 1.4 га талбайг тэгшилсэн. 

                                                4. Эрэн хайх, аврах ажиллагаа: 

Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/: Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн “Найрамдал- Өндөрлөг”  хадан цохион дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 07.20-ны өдрийн 21:16 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 21:18 цагт очиж 4 минут ажиллан согтууруулах ундаа хэрэглэсэн тус сумын  иргэн М/25 настай, эмэгтэй/  хадан цохионоос үсрэх гэж байсныг буулган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Геологийн хүрээлэн”  гэдэг амралтын газар /Хатгал тосгоноос баруун урд зүгт 1,5 км-т/ Иргэн Х /35 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/  07.19-ний 12:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 17:36 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 6 иргэн, 4 автомашинтай, нийт 14 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр 1,5 км зам туулан 17:54 цагт очиж эрэн  хайх аврах ажиллагааг зохион байгуулж байна.

Усны осол:Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг багийн “Гуртын гүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 7 км-т/  Сэлэнгэ голын усанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн Б. /25 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 07:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 2 автомашин, ар гэрийн 8 хүн, 2 автомашин, нийт 19 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.20-ны өдрийн байдлаар тус багийн “Гуртын гүүр”-ээс  “Цэргийн даваа” хүртэл 110 км урсаж  “Ангын отог” гэдэг газраас 17:10 цагт иргэн Б-ын цогцсыг уснаас гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Их гутай” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ Хэрлэн голын усанд нийслэлийн Багануур дүүргийн харъяат иргэн Ж /57 настай, эрэгтэй/ 07.13-ны өдрийн 11:00 цагт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 17:21 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай, ар гэрийн 10 хүн, 2 автомашинтай, нийт 15 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 07.20-ны өдрийн 09:40 цагт ар гэрийн хүмүүстэй зөвшилцсөнөөр эрэн хайх ажиллагааг зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР