Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

     Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Завхан, Хөвсгөл аймгууудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи зүүн болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгаар 31-36 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

    Улаанбаатар хотод: Үүлшинэ. Түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж 6-11 м/с. 24-26 градус дулаан байна. 

Төлөв байдал: 18-нд нутгийн зарим газраар, 19, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун, төв болон зүүн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангийн тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.   

2.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Үер: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд 07.15-ны өдрийн 15:00-15:30 цагийн  хооронд усархаг бороо орсны улмаас болсон уруйн үерт тус сумын 2,3,4,12,13 дугаар багт 275 айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 16:05 цагт хүлээн авсан. Мөн 07.16-ны өдрийн 17:13 цагт аадар бороо орж, “Бөхөн” уулнаас уруйн үер буусан тухай мэдээллийг 17:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын  газраас 36 алба хаагч, 5 техник, 2 завь, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн 90 алба хаагч, 10 техник, Хилийн цэргийн 0165 дугаар ангийн 55 алба хаагч, 5 техник, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн 35 алба хаагч, 1 техник, Цагдаагийн газрын 74 алба хаагч, 18 автомашин, Цахилгаан шугам сүлжээний газрын 40 хүн, 2 техник, нийтийн аж ахуйн үйлчилгээний “СУАТ” ХХК-иас 15 хүн, 4 техник, Зам засвар, арчилалын “Жол” ХХК-ийн 10 хүн, 3 техник, Мэргэжлийн хяналтын газрын 25 хүн, 2 техник, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 5 хүн, 1 техник, Хөдөлмөр хамгаалал үйлчилгээний газрын 8 хүн, 2 техник, орон нутгийн 34 иргэн, 10 автомашин, нийт 11 байгууллагын 427 хүн, 63 техник хэгэгсэлтэйгээр ажиллаж, аймгийн төвийн цахилгааны хэрэглээг хязгаарлаж, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг  зохион байгуулж, 1,1 км газарт үерийн далан байгуулж, усанд автсан 286 хүнийг аюулгүй газарт гаргаж, орон гэргүй болсон 163 иргэнийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байранд байрлуулаад байна. Нийт 7 багийн 43 айлыг нүүлгэн шилжүүлсэн. ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга Бригадын генерал Г.Ариунбуянгийн шийдвэрээр Ховд аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 1 автомашинтай 18:54 цагт, Завхан аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 1 автомашинтай 22:10 цагт, Увс аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч,1 автомашинтай 20:15 цагт, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч,1 автомашинтай 22:40 цагт Баян-Өлгий аймгийн чиглэлд хөдөлсөн.

     3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй алга болсон: Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Билгэх багийн “Гашуун-Ус” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/  иргэн Г /11 настай, эрэгтэй/ 07.16-ны өдрийн 21:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 01:20 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 5 иргэн, 1 автомашинтай, нийт 10 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Усны осол: Булган аймгийн  Хутаг-Өндөр сумын Хутаг багийн “Гуртын гүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 7 км-т/ Сэлэнгэ голын усанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харъяат иргэн Б /25 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 07:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 2 автомашин, ар гэрийн 19 хүн, 6 автомашин, нийт 30 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр 2 бүлэг болон хуваагдаж, 1 дүгээр бүлэг Хутаг-Өндөр сумын Хутаг багийн “Хар-Усны тохой” гэдэг газраас тус багийн “Цагаан булан” гэдэг газар хүртэл 18 км-т 2 удаа гүний шумбалт хийж, 2 дугаар бүлэг Бугат сумын Баянтөгөл багийн “Ангийн-Отог” гэдэг газраас Сэлэнгэ сумын Таримал багийн “Ацаг” гэдэг газар хүртэл 30 км-т эрэн хайх ажиллагааг тус тус зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 07.16-ны өдрийн 20:40 цагт түр зогсоосон. 07.17-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. 

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Их гутай” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ Хэрлэн голын усанд нийслэлийн Багануур дүүргийн харъяат иргэн Ж /57 настай, эрэгтэй/ 07.13-ны өдрийн 11:00 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 17:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашин, тус сумын Цагдаагийн хэсгийн 1 алба хаагч, ар гэрийн 15 хүн, 5 автомашинтай, нийт 21 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 07.16-ны өдрийн байдлаар Сөвдөгийн гарамнаас “Улаан-Эрэг” гэдэг газар хүртэл нийт 53 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:30 цагт түр зогсоосон. 07.17-ны өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн.

       4. Бусад

Увс аймгийн Малчин сум Баянмандал багийн “Чацарганы-Эхэн” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ 07.15-ны өдрийн 22:00 цагийн орчим усархаг бороо орж, Тэс сумаас Улаангом сумын чиглэлд зорчиж байсан иргэн Ё-ийн 84-12 УВХ улсын дугаартай, “УАЗ-469” загварын, 3 зорчигчтой автомашин шаварт суусан тухай дуудлагыг 07.16-ны өдрийн 08:50 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 текник хэрэгсэлтэй 60 км зам туулан 12:30 цагт очиж, 2 цаг 20 минут ажиллаж татан гаргасан.

Нийслэлийн  Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо, “Буянт-Ухаа 2” хорооллын 1011 дүгээр байрны  гадна Авто гражийн ус зайлуулах хоолойн төмөр хийцэд иргэн С /11 настай, эмэгтэй/ хөлөө хавчуулсан  байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 16:48 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр 13 км зам туулан 17:05 цагт очиж, 10 минут ажиллан, гаргаж ээж Б-д хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР