Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Дундговь, Орхон, Өвөрхангай, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудын зарим хэсгээр бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус,  бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, бага зэргийн бороо орно,салхи баруун хойноос  6-11 м/с, 17-19 градус дулаан байна.

Төлөв байдал: 9,12-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгаар, 10,11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд авто тавиулан шатаж байна гэсэн дуудлагыг 07.07-ны өдрийн 20:54 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай  1.5 км зам туулан 21:00 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Яргайтын богино” зуслангийн “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.07-ны өдрийн 21:42 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 9 км зам туулан 21:59 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн “Цанын бааз” гэдэг газар /Улаанбаатар хотоос баруун зүгт 35 км-т/ Төв аймгийн Аргалант сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Портер” загварын автомашин, “Портер” загварын автомашинтай мөргөлдөж автомшины төмөр эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 07.07-ны өдрийн 09:54 цагт хүлээн авч тус Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж иргэн Ч /64 настай, эрэгтэй/, О /54 настай, эрэгтэй/, Б /36 настай, эрэгтэй/, Ч /30 настай, эрэгтэй/ нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэж өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5  км-т/ тус сумын харьяат иргэн Г /23 настай, эмэгтэй/, А /13 настай, эмэгтэй/, Ж /10 настай, эрэгтэй/ нар сураггүй болсон тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 21:51 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа ҮАБ-ийн 8 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, орон нутгийн 6 иргэн, нийт 21 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр А /13 настай, эмэгтэй/, Ж /10 настай, эрэгтэй/ нарыг 07.07-ны өдрийн 08:00 цагаас Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газраас “Хасбаатарын хөшөө” гэдэг газар хүртэл 32 км-т “Ховд” голын эрэг дагуу 15 удаагийн шумбалт  хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:45 цагт түр зогсоосон. 07.08-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР