Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Завхан, Ховд, Хөвсгөл аймгийн зарим хэсгээр бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи нутгийн баруун хагаст зүүн өмнөөс баруун хойш эргэж бусад нутгаар зүүн өмнөөс 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 градус, Увс нуур болон Их нууруудын хотгороор 20-25 градус, Алтайн өвөр говиор 28-33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 30-35 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн дуу цахилгаантай бороо орно. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с. 28-30 градус дулаан байна.

Төлөв байдал: 6-9-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 6, 7-нд ихэнх нутгаар, 8, 9-нд говь талын нутгаар 5-10 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. Бага зэрэг сэрүүсч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг, Авто тээврийн хяналтын 40 дүгээр постын хажууд Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын зорчих хэсэгт “Хово” загварын ачааны автомашины дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 07.04-ний өдрийн 16:57 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 12 км зам туулан 17:10 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Аривжах багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.04-ний өдрийн 18:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 3,2  км зам туулан 18:35 цагт очиж, 11 минут  ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Тосонгийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 142 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.01-ний өдрийн 16:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 59 алба хаагч, Орон нутгийн 24 иргэн, нийт 83 хүн, 6 автомашинтайгаар унтраахаар ажиллаж байна. 07.03-ны өдрийн 13:30 цагт түмрийн тархалтыг зогсоосон.

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Уруйн үер: Ховд аймгийн Жаргалант сумын төвд 07.03-ны өдрийн 19:50 цагийн орчимд усархаг ширүүн бороо орсны улмаас уруйн үер болж Наран багийн 14, 15 дугаар гудамжны 30 айл өрх, Рашаант багийн 25 айл өрхийн гэр хашаа усанд автсан тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 20:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 60 иргэн, 24 автомашинтай ажиллаж 800 метр урт шороон даланг сэргээн засварласан. 07.05-ны өдрөөс гэр, хашаа нь усанд автсан айл өрхийн тоог нарийвчлан гаргаж, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулна.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Хужирбулан” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 10 км-т/ Булган аймгийн 6 ажилтан “Делика” загварын автомашинтай 07.03-ны өдрийн 20 цагийн үед Булган аймгийн төвөөс “Орхон” голын гүүрний ойролцоо зугаалахаар байрласан. 07.04-ний 04:30 цагийн үед Улаанбаатар хотын харъяат иргэн Х /46 настай, эрэгтэй/ сураггүй болсон тухай дуудлагыг 07.04-ний өдрийн 14:55 цагт хүлээн авч тус аймгийн онцгой байдлын газрын 5 алба хаагч, тус компанийн 4 ажилтан, нийт 9 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 07.04-ний өдрийн 19:20 цагт байрлаж байсан газраас 1 км-т, “Орхон” голын дунд арлаас осолдсон иргэний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5  км-т/ тус сумын харьяат иргэн Г /23 настай, эмэгтэй/, А /13 настай, эмэгтэй/, Ж /10 настай, эрэгтэй/ нар сураггүй болсон тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 21:51 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа ҮАБ-ийн 8 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, Увс аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, орон нутгийн 28 иргэн, нийт 55 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр А /13 настай, эмэгтэй/, Ж /10 настай, эрэгтэй/ нарыг 06.24-ний өдрөөс эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 07.04-ний өдрийн байдлаар тус сумын Хөх хад багийн ”Найрамдал-Уул” гэдэг газраас Бугат сумын Буга багийн нутагт байдаг Хасбаатарын хөшөө хүртэл “Ховд” голын эрэг дагуу нийт 26 км-т самналт хийж, 48 удаагийн гүний шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоосон. 07.05-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Бусад: Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн нутаг дэвсгэрт 07.04-ний өдрийн 15:09 цагаас эхлэн 30 минут үргэлжлэн орсон аадар борооны улмаас үер бууж Богдын голын усан цахилгаан станцын харьяа дизель станцын хаягдал тос маслын тогоо усаар дүүрч Богдын гол руу урсаж байна гэсэн дуудлагыг 07.04-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, Цагдаагийн газрын 5 алба хаагч, Мэргэжлийн хяналтын газрын 5 ажилтан, Хот тохижилтын газрын 5 ажилтан, Алтай-Улиастай эрчим хүчний газрын 5 ажилтан, орон нутгийн 5 иргэн, нийт 40 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр үерийн усны голдирлыг өөрчилж, бохир усанд автсан 3 айлыг нүүлгэн шилжүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР