Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Орхон, Сэлэнгэ, Увс аймгуудын зарим нутгаар бороо орсон.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Дорнод Монголын тал нутгаар 32-37 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 26-28 градус дулаан байна.

Төлөв байдал: 23-нд төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 25, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын Ялалт багт иргэн Н-ийн эзэмшлийн “Аксент” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.21-ний өдрийн 09:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч,  1 автомашинтайгаар 2 км зам туулан, 09:54 цагт очиж, 02 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Салхитын задгайд иргэн С-ийн байшин, гэр, Т-гийн гэр бүрэн шатаж хажуу талын хашааны иргэн А-гийн гэрт гал тархан шатаж  байна гэсэн дуудлагыг 06.21-ний өдрийн 15:15 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 10 км зам туулан 15:25 цагт очиж, 02 цаг 25 минут ажиллаж унтраасан.

Налайх дүүргийн 1 дүгээр хороонд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 06.21-ний өдрийн 20:14 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар  ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 5 км зам туулан 20:17 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хонгор багийн “Эргэн хөндий” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.21-ний өдрийн 10:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дах Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 20 иргэн, 4 автомашинтай, нийт 32 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 15:00 цагт цурманд оруулж, 16:45  цагт бүрэн унтрааж, иргэн У-д хүлээлгэн өгсөн. /Түймэрт нийт 9 га орчим бэлчээрийн талбай өртсөн/.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Хурандаа тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ Баяндун сумын харъяат иргэн Б /33 настай, эрэгтэй/ 06.19-ний өдрийн 18:00 цагт “Онон” голын усанд орж байгаад осолдсон тухай дуудлагыг 06.19-ний өдрийн 18:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 алба хаагч, 2 автомашинтай, тус сум дах Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 5 алба хаагч, ар гэрийн 13 хүн, нийт 34 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр осолдсон газраас 200 метрийн тойрогт 3 удаа шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 06.21-ний өдрийн 20:50 цагт түр зогсоосон. 06.22-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Бусад: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон “Хүслийн хад” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 140 км-т, Хатгал тосгоноос зүүн хойд зүгт 40 км-т/ 2018.04.25-ны өдөр Хөвсгөл нуурын мөсөнд цөмөрч, живсэн “Ниссан Пикап” загварын автомашиныг гаргаж өгөх хүсэлтийг 06.18-ны өдрийн 09:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Мөрөн сум дах Эрэн хайх, аврах салбарын 8 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр нуурын эргээс 1300 метрийн зайд, 15 метрийн гүнд байсан автомашиныг 7 цаг 30 минут ажиллаж, 19:21 цагт татан гаргасан.

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цагаан-Арал багийн “Нууц тохой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 95 км-т/ тус сумын харьяат иргэн Ж /18 настай, эрэгтэй/, Х /18 настай, эрэгтэй/ нар, 300 толгой бог малтай “Ховд” голын усанд боогдсон тухай дуудлагыг 06.20-ний өдрийн 13:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 95 км зам туулан 19:50 цагт очиж, 1 цаг ажиллаж, 2 иргэнийг аюулгүй газарт гаргасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их бүлан багийн “Цагаан-Арал” гэдэг газар /сумын төвөөс  баруун урд зүгт  5 км-т/ тус сумын харьяат иргэн А /48 настай, эрэгтэй/, А /48 настай, эмэгтэй/, Ж /48 настай, эрэгтэй/, А /13 настай, эмэгтэй/, нар “Ховд” голын усанд боогдсон тухай дуудлагыг 06.21-ний өдрийн 16:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 16:35 цагт очиж, 10 минут ажиллаж, 4 хүнийг аюулгүй газарт гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР