Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 29-34 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 28-30 градус дулаан байна.

Төлөв байдал: 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд нутгийн зүүн хагаст  дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 21, 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд 6х9 метр хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.19-ний өдрийн 16:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км замыг туулан 16:29 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Цагаан-Эрэг багт оршин суугч иргэн А /34 настай, эрэгтэй/ 06.08-ны өдрийн 18:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.13-ны өдрийн 08:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 7 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй  тул 06.14-ний өдрийн 10:00 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон. 06.18-ны өдөр эрэн хайх ажиллагаа зохион байгуулж өгөх хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас дахин гаргасан тул 06.19-ний өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр Өлгий сумын бетон гүүрнээс Бугат сумын “Хасбаатарын хөшөө” гэдэг газар хүртэл 12 км-т “Ховд” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг 06.20-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Баяннуур багийн “Аукей-Арал” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 5 км-т, аймгийн төвөөс хойд зүгт 130 км-т/ иргэн Ж /46 настай, эрэгтэй/ 06.14-ний өдрийн 13:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 00:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 20 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 06.19-ний өдрийн байдлаар тус сумын 2 дугаар багийн “Улиастай” гэдэг газраас зүүн тийш “Краз тохой” гэдэг газар хүртэл 6 км-т “Ховд” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:30 цагт түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг 06.20-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Улаан харгана багийн “Заг-Усан” гэдэг газар /сумын төвөөс зүн зүгт 25 км-т, аймгийн төвөөс зүн зүгт 70 км-т/ иргэн Т /24 настай, эрэгтэй/ 06.18-ны өдрийн 18:00 цагийн орчимд Ховд голын усанд боогдсон малыг гаргахаар морьтой гол гаталж яваад осолдсон тухай дуудлагыг 06.18-ны өдрийн 18:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашин, 1 завь, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашин, 1 завь, нийт 9 алба хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.19-ний өдрийн 13:25 цагт тус багийн “Заг-Усан” гэдэг газар /осолдсон газраас 2 км-т/ “Ховд” голын эргээс цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Өвөр наймганы-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 230 км-т, сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат иргэн А /35 настай, эрэгтэй/ алтны уурхайн тогтоол усанд /340х217 метр хэмжээтэй, 10 метр гүнтэй/  завьтай ажиллаж байгаад осолдсон тухай дуудлагыг 06.19-ний өдрийн 15:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, 1 автомашинтай 23:30 цагт очиж, 06.20-ны өдрийн 01:15 цагт цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Хурандаа тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ Баяндун сумын харъяат иргэн Б /33 настай, эрэгтэй/ 06.19-ний өдрийн 18:00 цагт “Онон” голын усанд орж байгаад осолдсон тухай дуудлагыг 06.19-ний өдрийн 18:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай мөн өдрийн 20:35 цагт,  Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, 1 автомашинтай 06.20-ны өдрийн 02:30 цагт очиж “Хурандаа тохой” гэдэг газар “Онон” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Бусад: Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн “Батын-Арал” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 80 км-т, аймгийн төвөөс баруун зүгт 200 км-т/ “Ховд” голын усны түвшин нэмэгдэж, 9 өрхийн 75 бод мал /адуу, үхэр/ усанд боогдсон тухай дуудлагыг 06.18-ны өдрийн 19:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 1 иргэн /малчин Ц, 46 настай, эрэгтэй/, 9 өрхийн 6 тэмээ, 150 адуу, 132  үхэр, нийт 288 бод малыг аюулгүй газарт гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР