Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Булган, Дархан-уул, Орхон, Өвөрхангай, Төв, Ховд, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с. 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 18-нд Алтайн уулсаар, 21-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд 6х8 метр хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.16-ны өдрийн 09:18 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 09:24 цагт очиж, байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 5х10 метр хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.16-ны өдрийн 15:43 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 15:50 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багт 10х8 метр хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.16-ны өдрийн 20:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч,  1 автомашинтай 2.5 км замыг туулан 20:32 цагт очиж, дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.17-ны өдрийн 00:43 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 12 км замыг туулан 01:10 цагт очиж, 30 минут ажиллан унтраасан.

Багануур дүүргийн 3 дугаар хороо, “Нарийн-Нуур” хэсгийн задгайд цахилгааны хуваарилах шүүгээ шатаж байна гэсэн дуудлагыг 06.17-ны өдрийн 02:42 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 02:53 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дулаан багт 10х12 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.17-ний өдрийн 03:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 10 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 03:10 цагт очиж, 55 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд 2х2 метр хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.17-ны өдрийн 03:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 04:01 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн “Тээлийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 120 км-т, сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 19:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, орон нутгийн 30 иргэн, нийт 43 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.16-ны өдрийн 13:12 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт нийт 10 га талбай шатсан.

4.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 25 дугаар байрны авто зогсоол дээр зогсож байсан Сонгинохайрхан дүүргийн харъяат иргэн О-гийн эзэмшлийн “Маяти” загварын ачааны автомашины араа мултран өнхөрч хойд талд нь зогсож байсан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны харъяат иргэн Х-гийн /37 настай, эрэгтэй/ эзэмшлийн “Портер” загварын ачааны автомашиныг мөргөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 06.16-ны өдрийн 11:43 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 11:58 цагт очиход  иргэн Х /37 настай, эрэгтэй/ “Портер” загварын ачааны автомашины бүхээгт хөл хэсгээрээ хавчуулагдсан байсныг гаргаж цагдаагийн байгууллага болон ГССҮТ-д шилжүүлэн өгсөн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Баяннуур багийн “Аукей-Арал” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 5 км-т, аймгийн төвөөс хойд зүгт 130 км-т/ иргэн Ж /46 настай, эрэгтэй/ 06.14-ний өдрийн 13:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 00:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, орон нутгийн 19 иргэн, нийт 25 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 06.16-ны өдрийн байдлаар тус сумын Баяннуур багийн “Аукей” гэдэг газраас “Харагант” гэдэг газар хүртэл 12 км-т Ховд голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул 21:26 цагт түр зогсоосон. 06.17-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Долоод багийн “Хөмөлтэйн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 180 км-т, сумын төвөөс баруун зүгт 35 км-т/ “Хэрлэн” голд загасчилж явсан Дорноговь аймгийн харъяат иргэн Х /24 настай, эрэгтэй/ 06.17-ны өдрийн 00:14 цагт  хамт явсан 3 хүнээс салж, сураггүй алга болсон тухай дуудлагыг 06.17-ны өдрийн 01:26 цагт хүлээн авч тус сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, 1 автомашинтай 06:30 цагт очиж эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж байна. 06.17-ны өдрийн 06:27 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 7 алба хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар тус сумын чиглэлд хөдөлгөөн үйлдсэн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Мал бордохын гэр хорооллын дэргэд дэх хиймэл нууранд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны харъяат иргэн Б /44 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ орж осолдсон тухай дуудлагыг 06.16-ны өдрийн 20:06 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 21 км замыг туулан 21:10 цагт очиж, 1 цаг ажиллаж цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР