Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Орхон, Сэлэнгэ, Өмнөговь, Хэнтий, Төв аймгийн нутгаар бороо орсон.

Өнөөдөр: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 31-36 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 19-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд төвийн аймгуудын нутгаар, 21-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 21, 22-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, “Санзай”-н зуслангийн “Задгай-”д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.17-ны өдрийн  04.54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 9 албан хаагч, 3 автомашинтай 20 км зам туулан 05:18 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн “Тээлийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 120 км-т, сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 19:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, орон нутгийн 30 иргэн, нийт 43 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.17-ны өдрийн 10:30 цагт унтрааж, тус сумын Засаг даргын Тамгын газрын даргад хүлээлгэн өгсөн. Түймэрт нийт 10 га талбай шатсан.

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Дундговь аймгийн Гурвансайхан сумын Дэрсэнэ-Ус багийн”Шороот” гэдэг /газар сумын төвөөс баруун урд зүгт 33 км-т/ /Ө-45039/00//, У-106067/00/// 06.17-ны өдрийн 09:58 цагт 3.76 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон турай мэдээллийг ООГХ-ээс цахим шудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

5.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Нийслэлийн Багахангай дүүргийн 2 дугаар хороонд Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймгийн чиглэлд 10 зорчигчтой зориж явсан “Приүс-20” загварын автомашин онхолдож автомашины төмөр эд ангид 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 06.17-ны өдрийн 16:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 9 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн Ц /62 настай, эмэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж дүүргийн Эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн.

6.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Баяннуур багийн “Аукей-Арал” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 5 км-т, аймгийн төвөөс хойд зүгт 130 км-т/ иргэн Ж /46 настай, эрэгтэй/ 06.14-ний өдрийн 13:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 00:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, орон нутгийн 19 иргэн, нийт 25 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 06.17-ны өдрийн байдлаар тус сумын Баяннуур багийн “Аукей” гэдэг газраас “Харганат” гэдэг газар хүртэл 15 км-т Ховд голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул 21:50 цагт түр зогсоосон. 06.18-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Долоод багийн “Хөмөлтэйн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 180 км-т, сумын төвөөс баруун зүгт 35 км-т/ “Хэрлэн” голд загасчилж явсан Дорноговь аймгийн харъяат иргэн Х /24 настай, эрэгтэй/ 06.17-ны өдрийн 00:14 цагт  хамт явсан 3 хүнээс салж, сураггүй алга болсон тухай дуудлагыг 06.17-ны өдрийн 01:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашин,  сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, 1 автомашин, ар гэрийн 2 хүн, 1 автомашинтай “Хөмөлтэйн гүүр”-ээс зүүн тийш 18 км эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 06.17-ны өдрийн 17:00 цагт түр зогсоосон. 06.18-ны өдөр дахин үргэлжилнэ.

Усны осол /эрэн хайх, аврах/: Булган аймгийн Тэшиг сумын Харгал багийн “Ишгэн толгой” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 32 км/ Эгийн голын усанд Орхон аймгийн харъяат иргэн С /33 настай, эрэгтэй/ осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 06.17-ны өдрийн 22:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашинтай, Цагдаагийн газрын 1 алба хаагч, 06.17-ны өдрийн 23:50 цагт явж 06.18-ны өдрийн 04:00 цагт очиж эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР