Баянзүрх дүүргийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

0

Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Гамшгаас хамгаалах дадлага, сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” 41 дүгээр захирамжийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг дарга А/211 дүгээр захирамж гаргаж дүүргийн хэмжээнд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, дадлага”-ыг зохион байгуулахаар болсон.

Тэгвэл Баянзүрх дүүргийн гамшгийн үед үүрэг гүйцэтгэх хүч хэрэгсэл, болзошгүй гамшгийн үед хэрхэн хамтран ажиллах  талаар туршлага солилцож,  мэдээлэл авах гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр эхэллээ.

Энэхүү гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлтийн арга хэмжээнд  Нийслэлийн дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн,  Баянзүрх дүүргийн Онцгой комиссын дарга Т.Баясах болон дүүргийн онцгой комиссын гишүүд, алба хаагчид, дүүргийн гамшгаас хамгаалах алба, шуурхай команд, мэргэжлийн анги, аж ахуй нэгж байгууллагууд оролцсон юм.

Тус иж бүрэн сургууль нь гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, хороо, аж ахуй нэгж байгууллага мэргэжлийн ангиудын харилцан ажиллагааг уялдуулан зохицуулах, мэдлэг дадлага олгох үүрэг гүйцэтгэх чадавхыг сайжруулах зэрэг ач холбогдолтой.

Гамшгаас хамгаалах дадлага сургуультай холбогдуулан Засаг даргын захирамжаар  дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги болон аж ахуйн нэгж байгууллагууд  өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна.

Түүнчлэн өнөөдөр гамшгаас хамгаалах сургуулийн Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Дүнжингарав худалдааны төвийн өмнөх талбайд зохион байгуулсан бол штабын дадлага 14 дүгээр сургуулийн спорт зааланд үргэлжилж байна гэж Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.