Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Дархан-уул, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Монгол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 30-35 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 27-29 градус дулаан байна.

Төлөв байдал: 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 15-нд ихэнх нутгаар, 16-17-нд зүүн аймгуудын нутгаар, 18-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. 15-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд төвийн аймгуудын нутгаар, 18-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Тэрэлж, Улз, Халх, голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороонд үйлдвэрийн хашаанд 3х10 метр хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.13-ны өдрийн 16:39 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 16:42 цагт очиж,  10 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд 7х8 метр хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.13-ны өдрийн 11:01 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 11:06 цагт очиход байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Өгөөмөр багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.13-ны өдрийн 11:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 11:53 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд модны үртэс шатаж байна гэсэн дуудлагыг 06.13-ны өдрийн 11:59 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км замыг туулан 12:10 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд 5х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.13-ны өдрийн 12:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км замыг туулан 12:32 цагт очиж,  25 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны 1 дүгээр багийн  “Давхар зээрэнгийн-Ар” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.12-ны өдрийн 16:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 95 иргэн, нийт 107 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 20:20 цагт цурманд оруулж, 06.13-ны өдрийн 12:15 цагт бүрэн унтрааж тус сумын Байгаль орчны улсын байцаагчид хүлээлгэж өгсөн. Түймэрт нийт 12 га талбай шатсан.

4.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн ажилчдын орон сууцны байрыг тус сумын харъяат иргэн А /40 настай, эрэгтэй/ “Приус-20” загварын суудлын автомашинтай мөргөж, автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 06.13-ны өдрийн 16:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Гал түймэр унтраах, аврах 17 дугаар  ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг  туулан 16:37 цагт очиж,  15 минут ажиллаж цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн Баян-Уул гэдэг газар иргэн Х-гийн охин У /2 настай, эмэгтэй/- нь ээжтэйгээ малд явж байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 06.08-ны өдрийн 20:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Цагдаагийн газрын 10 алба хаагч, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 54 алба хаагч, аймгийн Хүүхдийн төлөө газрын 3 ажилтан, орон нутгийн 7 иргэн, нийт 84 хүн, 6 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 06.13-ны өдөр эрэн хайх ажиллагаатай танилцах, эрэн хайх ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Онцгой байдлын дарга, хурандаа Н.Гантөмөр нараар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь очиж ажилласан.  Мөн өдөр “Яхь” нуур, “Баянхошуу”, “Хайлан” гэдэг газруудад 3 км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 06.14-ний өдрийн 04:00 цагт  эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Цагаан эрэг багт иргэн А /34 настай, эрэгтэй/ 06.08-ны өдрийн 18:00 цагт гэрээс гараад сураггүй болсон. Тус аймгийн Цагдаагийн газраас “Ховд” голд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өгөх хүсэлтийг 06.13-ны өдрийн 08:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 7 алба хаагч, 1 автомашинтай 06.13-ны өдрийн 09:40 цагаас тус сумын Их булан багийн “Их булан” гэдэг газраас Бугат сумын Буга багийн “Бугын гол” гэдэг газар хүртэл нийт 12 км-т  “Ховд” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 06:14-ний өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ.

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Мөндөлтэй хошуу” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 4 км-т/ сумын харъяат Б /11 настай, эрэгтэй/ 05.28-ны өдрийн 16:00 цагт “Орхон” голд осолдсон дуудлагыг 05.29-ний өдрийн 10:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, ар гэрийн 12 хүн, нийт 20 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 06.13-ны өдөр тус сумын Хонгорморьт багийн “Мөндөлтэй хошуу” гэдэг газраас ОХУ-ын хил хүртэл 100 км-т 2 удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр 21:03 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон.

Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэг багийн “Улаан эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 65 км-т/ Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Хэнтий аймгийн Батноров сумын чиглэлд зорчиж явсан Өмнөговь аймгийн харъяат иргэн Б-гийн эзэмшлийн “Ланд-200” загварын /3 зорчигчтой/ суудлын автомашин “Хэрлэн” голд суусан. 3 зорчигч нь голын эрэг дээр эсэн мэнд гарсан, автомашиныг гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 06.13-ны өдрийн 14:16 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 3 алба хаагч, 1 автомашинтай 15:50 цагт очиж, автомашиныг татан гаргаж, иргэн Б-д хүлээлгэн өгсөн.

Бусад: Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд дулааны худаг дотор цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 06.13-ны өдрийн 09:58 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 9 км замыг туулан 10:07 цагт очиж, нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч иргэн Ж /52 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР