Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с. Увс нуурын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул голын хөндий болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 26-31 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 30-35 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 26-28 градус дулаан байна.

Төлөв байдал: 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 14-нд зарим газраар, 15-нд ихэнх нутгаар, 16-нд зүүн аймгуудын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Тэрэлж, Улз, Халх, голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 23-28 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 15-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд цахилгаан хувиарлах самбар шатаж  байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 18:39 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 0,5 км зам туулан 18:40 цагт очмж, 10 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд иргэн Р-ийн эзэмшлийн “Ланд-Ровер” загварын автомашин шатаж  байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 11:33 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 5 км зам туулан 11:49 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд байшин шатаж  байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 11:43 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 7 км зам туулан 11:55 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Ахмадын хотхоны задгайд иргэн С-ийн байшин, иргэн Б-гийн “Приус-10” загварын автомашин бүрэн, иргэн М-ийн ”Рехстон”, иргэн Х-гийн “Приус-30”  загварын суудлын автомашинууд шатаж  байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 12:20 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 5.5 км зам туулан 12:28 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт граш шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 17:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтайгаар 3 км зам туулан 17:17 цагт очиж, 13 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26  дугаар хороонд гэр шатаж  байна гэсэн дуудлагыг 06.13-ны өдрийн 04:18 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 7.5 км зам туулан 04:28 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 3 дугаар хороонд хаалга шатаж  байна гэсэн дуудлагыг 06.13-ны өдрийн 04:59 цагт хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 4 км зам туулан 05:25 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт  иргэн Б /24 настай, эрэгтэй/-ын 2 гарын алга түлэгдсэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Баавгайт уулын “Шарлангын гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т/ ойн түймрийн голомт /Ө-49011’28”, У-107034’08”/-ыг Зайнаас тандан судлах үндэсний төв 05.17-ны өдрийн 12:05 цагт илрүүлсэн. ОБЕГ-ын 1 алба хаагч, Аврах тусгай ангийн 39 алба хаагч, Нийслэлийн Онцгой байдлын газрын 69 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 31 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Дорноговь аймгийн 11 алба хаагч, Ханхэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 8 ажилтан, нийт 253 хүн, 17 автомашин, 12 морьтой ажиллаж, 06.08-ны өдрийн 15:00 цагт цурманд оруулж, 06.12-ны өдрийн 21:50 цагт бүрэн унтрааж, Ханхэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчдад хүлээлгэн өгсөн. /түймэрт нийт 23922 га талбай шатсан/.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны 1 дүгээр багийн  “Давхар зээрэнгийн-Ар” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.12-ны өдрийн 16:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 95 иргэн, нийт 107 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 20:20 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн Баян-Уул гэдэг газар иргэн Х-гийн охин У /2 настай, эмэгтэй/- нь ээжтэйгээ малд явж байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 06.08-ны өдрийн 20:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Цагдаагийн газрын 10 алба хаагч, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 54 алба хаагч, аймгийн Хүүхдийн төлөө газрын 3 ажилтан, орон нутгийн 7 иргэн, нийт 84 хүн 6 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг анх алга болсон газраас 10 км тойрогт зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 22:35 цагт түр зогсоосон. 06.13-ны өдрийн 05:00 цагт  эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Мөндөлтэй хошуу” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 4 км-т/ сумын харъяат Б /11 настай, эрэгтэй/ 05.28-ны өдрийн 16:00 цагт “Орхон” голд осолдсон дуудлагыг 05.29-ний өдрийн 10:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, ар гэрийн 12 хүн, нийт 22 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 06.12-ны өдөр тус сумын Хонгорморьт багийн “Мөндөлтэй хошуу” гэдэг газраас ОХУ-ын хил хүртэл 100 км-т 2 удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:10 цагт түр зогсоосон.  06.12-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Бусад: Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн “Балгант-Арал” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ Т /13 настай, эрэгтэй/, Т /10 настай, эрэгтэй/ нар Ховд голын усанд гэр, 200 толгой малтайгаа боогдсон тухай дуудлагыг 06.12-ны өдрийн 08:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 80 км зам туулан 10:20 цагт очиж, 7 цаг 05 минут ажиллаж, усанд боогдсон 2 хүүхэд, гэр, малыг аюулгүй газарт гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР