Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 18-23 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 12-нд зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, 13,14-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Салхи 12-нд нутгийн зүүн хагаст 15-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Тэрэлж, Улз, Халх, голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.12-нд нутгийн зүүн хагаст, 15-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд Үртэс шатаж байна гэсэн дуудлагыг 06.10-ны өдрийн 12:33 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 12:49 цагт очиж,  1 цаг ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхой багт 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.10-ны өдрийн 12:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 12:39 цагт очиж, 9 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Тариалан сумын Мянган багийн “Тээлийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 15 км-т/ бургас шатаж байна гэсэн дуудлагыг 06.10-ны өдрийн 13:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 8 алба хаагч 1 автомашинтай 15 км замыг туулан  13:34 цагт очиж,  20 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багт 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.10-ны өдрийн 15:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 15:23 цагт очиж, 8 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Түргэн сумын Рашаант багийн “Нарийн ус” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 06.10-ны өдрийн 15:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 30 км замыг туулан 17:45 цагт очиж, 45 минут ажиллаж унтраасан.  Орон нутгийн 30 иргэн, 2 автомашин, 2 мотоцикль, 6 морь хүч нэмэгдүүлэн ажилласан. Уг гал түймэрт иргэн Г-гийн 1 амбаар, 4 ширхэг малын хашаа, саравч шатсан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Баавгайт уулын “Шарлангын гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т/ ойн түймрийн голомт /Ө-49011’28”, У-107034’08”/-ыг Зайнаас тандан судлах үндэсний төв 05.17-ны өдрийн 12:05 цагт илрүүлсэн. ОБЕГ-ын 1 алба хаагч, Аврах тусгай ангийн 39 алба хаагч, Нийслэлийн Онцгой байдлын газрын 69 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 31 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Дорноговь аймгийн 11 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 8 ажилтан, нийт 253 хүн, 17 автомашин, 12 морьтой ажиллаж, 05.29-ний өдрийн 07:30 цагт түймрийг цурманд оруулсан. Мөн өдрийн 17:50 цагт түймэр зүүн урд, урд хэсгээрээ дахин ассан. 06.02-ны өдрийн 07:00-17:30 цагийн хооронд шиврээ бороо орж, 06.08-ны өдрийн 15:00 цагт цурманд оруулсан. 06.10-ны өдрийн байдлаар цурманд асаж, уугиж байгаа газар байхгүй, цэвэрлэгээ хийх ажил явагдаж байна. Мөн өдрийн 09:00 цагаас 15:00 цагийн хооронд бороо орсон. Түймэрт урьдчилсан байдлаар 23922 га талбай шатсан.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар багийн Цүүцийн зүүн салааны “Хараа толгой” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.08-ны өдрийн 17:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 32 хүн, 3 автомашинтай ажиллаж мөн өдрийн 21:10 цагт цурманд оруулж, 06.10-ны өдрийн 22:00 цагт бүрэн унтрааж тус багийн Засаг дарга, Байгаль орчны улсын байцаагч нарт хүлээлгэн өгсөн. Түймэрт нийт 1.5 га талбай шатсан.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар багийн “Байшинт-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 110 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.09-ний өдрийн 17:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 20 алба хаагч, 2 автомашин, орон нутгийн 10  иргэн, 2 автомашин, 3 морь, нийт 30 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.10-ны өдрийн 02:02 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт нийт 10 га талбай шатсан.

Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэбулаг багийн “Бодийн хөтөл” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.10-ны өдрийн 11:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 4 иргэн, нийт 16 хүн, 3 техник хэрэгсэлтэй ажиллаж, мөн өдрийн 17:25 цагт цурманд оруулж, 20:00 цагт бүрэн унтраасан. Түймэрт 10 га талбай шатсан.

Ой, хээрийн түймэр: Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн  “Харцайн-Их өтөг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.10-ны өдрийн 22:00 цагт хүлээн авч тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашин,  орон нутгийн 25 иргэн, 3 автомашин, нийт 37 хүн, 4 автомашинтай түймрийг унтраахаар ажиллаж байна.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Загаст нуур багийн “Загаст нуур” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ тус сумын харъяат малчин С-ийн хүү Н /2 настай, эрэгтэй/ 06.06-ны өдрийн 19:00 цагт гэрийнхээ гаднаас сураггүй алга болсон тухай дуудлагыг 06.07-ны өдрийн 08:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн 12 алба хаагч, Цагдаагийн газрын 4 алба хаагч, орон нутгийн 5 иргэн, ар гэрийн 10 хүн, нийт 31 хүн, 4 автомашин, 3 мотоцикль, 6 морьтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 06.10-ны өдөр хүүхэд сураггүй болсон газраас 6 км радиуст эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 22:30 цагт түр зогсоосон. 06.11-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн Баян-Уул гэдэг газар иргэн Х-гийн охин У /2 настай, эмэгтэй/- нь ээжтэйгээ малд явж байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 06.08-ны өдрийн 20:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн 5 алба хаагч, Цагдаагийн газрын 11 алба хаагч, орон нутгийн 27 иргэн, нийт 43 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 06.10-ны өдөр “Баян-Уул, Цайдамын нуур” гэдэг газар 8 км радиуст эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоосон. 06.11-ний өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Мөндөлтэй хошуу” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 4 км-т/ сумын харъяат Б /11 настай, эрэгтэй/ 05.28-ны өдрийн 16:00 цагт “Орхон” голд осолдсон дуудлагыг 05.29-ний өдрийн 10:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, ар гэрийн 12 хүн, нийт 22 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 06.10-ны өдөр тус сумын Хонгорморьт багийн “Мөндөлтэй хошуу” гэдэг газраас ОХУ-ын хил хүртэл 100 км-т 2 удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 21:10 цагт түр зогсоосон. 06.11-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Дорноговь аймгийн Өргөн сумын Сүмийн булаг багийн “Цагаан чулуу” гэдэг газар  /сумын төвөөс баруун урд зүгт 4 км-т/ Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат иргэн Б /41 настай, эрэгтэй/ ус тээвэрлэх зориулалт бүхий “Урал” загварын автомашинтай жоншны уурхайн нуурын усанд осолдсон тухай дуудлагыг 06.07-ны өдрийн 21:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар 6 алба хаагч, 1 автомашинтай 64 км замыг туулан 06.08-ны өдрийн 00:08 цагт очиж, цогцос болон автомашиныг татан гаргахаар ажиллаж байна. 06.08-ны өдрийн 04:00 цагт Аврах тусгай ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллахаар Дорноговь аймгийн чиглэлд хөдөлгөөн үйлдсэн.

Бусад: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд бага насны 2 хүүхэд гэртээ цоожлогдсон тухай дуудлагыг 06.11-ний өдрийн 01:32 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 01:42 цагт очиж, иргэн Б /5 настай, эрэгтэй/, иргэн М /3 настай, эмэгтэй/ нар гэртээ цоожлогдсон байсныг тагтаар нь орж аюулгүй болгон аав М болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР