Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн зарим нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Бүх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хэнтийн уулс болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос 6-11 м/с. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын болон Увс нуурын хотгор, Алтайн өвөр говиор 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос 6-11 м/с. 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи 8-нд Алтайн салбар уулсаар, 9, 10-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 10-нд төвийн нутгийн хойд хэсгээр, 11-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар байрны хойд талд үйлчилгээний төвийн 2 давхар барилга шатаж байна гэсэн дуудлагыг 06.07-ны өдрийн 04:38 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 1 км зам туулан  04:41 цагт очиход барилгын талхны цех, барны хэсэгт гал тархсан байсан тул нэмэлт дуудлагаар Гал түймэр унтраах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашин, 18 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашин, нийт 22 алба хаагч, 6 автомашинтайгаар ажиллаж байна.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга-морьтын эцсийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 12:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 16 км зам туулан 13:15 цагт очиж, 05 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Наран багт гэрийн эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 19:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 0,8 км зам туулан 19:30 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан. Уг гал түймрийн утаажилтын бүсээс иргэн Г /47 настай, эрэгтэй/-ыг гаргасан.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар гүнт, Билгүүний-Амны задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.07-ны өдрийн 04:33 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 19 км зам туулан 04:50 цагт очиж, 05 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Баавгайт уулын “Шарлангын гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т/ ойн түймрийн голомт /Ө-49011’28”, У-107034’08”/-ыг Зайнаас тандан судлах үндэсний төв 05.17-ны өдрийн 12:05 цагт илрүүлсэн. ОБЕГ-ын 1 алба хаагч, Аврах тусгай ангийн 39 алба хаагч, Нийслэлийн Онцгой байдлын газрын 69 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 31 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Дорноговь аймгийн 11 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 8 ажилтан, нийт 253 хүн, 17 автомашин, 12 морьтой ажиллаж, 05.29-ний өдрийн 07:30 цагт түймрийг цурманд оруулсан. Мөн өдрийн 17:50 цагт түймэр зүүн урд, урд хэсгээрээ дахин ассан. 06.02-ны өдрийн 07:00-17:30 цагийн хооронд шиврээ бороо орж, түймрийн тархалт зогссон, захаараа бага зэргийн уугилттай, унанги ихтэй, цэвэрлэгээ хийж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 23922 га талбай шатсан.

Хээрийн түймэр: Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн “Чагдаан булан”  гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 31 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.06-ны өдрийн 16:00 цагт хүлээн авч тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн 6 алба хаагч, орон нутгийн 7 иргэн, нийт 13 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 20:40 цагт цурманд оруулж, 23:40 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль орчны улсын байцаагчид хүлээлгэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжинт багт иргэн О /65 настай, эрэгтэй/ 06.06-ны өдрийн 18:00 цагийн үед Хонгор сумын “Булагт” гэдэг газарт халиар түүхээр яваад сураггүй болсон тухай дуудлагыг 06.06-ны өдрийн  23.26 цагт хүлээн авч тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн 6 алба хаагч, орон нутгийн Захиргааны 7 ажилтан, нийт 13 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг Хонгор сумын “Булагтын даваа” гэдэг газраар /Шарын гол сумийн төвөөс зүүн зүгт 12 км-т/ зохион байгуулахаар 06.06-ны өдрийн 23:50 цагт хөдөлсөн. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Мөндөлтэй хошуу” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 4 км-т/ сумын харъяат Б /11 настай, эрэгтэй/ 05.28-ны өдрийн 16:00 цагт “Орхон” голд осолдсон дуудлагыг 05.29-ний өдрийн 10:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, ар гэрийн 6 хүн, нийт 14 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр тус сумын Хонгор морьт багийн “Мөндөлтэй хошуу” гэдэг газраас ОХУ-ын хил хүртэл 100 км-т, 2 удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:30 цагт түр зогсоосон. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР