Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчимоор 16-21 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 23-28 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал: 24-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын нутгаар, 26, 27-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 24-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, 25-нд ихэнх нутаг, 26, 27-нд говь талын нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр дулаахан байх боловч 25-нд баруун аймгуудын нутгаар, 26, 27-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 5-10 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Төрийн өмчид гарсан: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт МСҮТ-ийн оюутны дотуур байрны өрөөнд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 15:22 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 400 метр зам туулан 15:26 цагт очиж 16 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд тагт дээр хог шатсаны улмаас дулаалгын хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 11:57 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 10 алба хаагч, 3 автомашинтай 3 км зам туулан 12:05 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 15:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7.5 км зам туулан 16:05 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн “Шавар хэрэм” гэдэг газар 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 18:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 10 км зам туулан 18:20 цагт очиж 6 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд иргэн З-гийн эзэмшлийн “Мерседес бенз Жи-500” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 23:57 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 00:04 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Налайх дүүргийн 4 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.23-ны өдрийн 00:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 00:07 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Э /35 настай, эрэгтэй/, Э /3 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Шарлангын гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т/ ойн түймрийн голомт /Ө-49011’28”, У-107034’08”/ Зайнаас тандан судлах үндэсний төвийн www.icc.mn сайтад 05.17-ны өдрийн 12:05 цагт илэрсэн. ОБЕГ-ын 1 алба хаагч, Аврах тусгай ангийн 52 алба хаагч, Нийслэлийн Онцгой байдлын газрын 72 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 12 ажилтан, нийт 178 хүн, 12 автомашин, 6 морьтой унтраахаар ажиллаж 05.22-ны өдрийн байдлаар түймрийн тархалтыг зогсоосон. Түймрийн голомтод унанги мод их, хөвд доогуур шатлага явагдаж, гэнэтийн хүчтэй салхи гарч байна. Улсын Онцгой комиссын шийдвэрээр Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэргээр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн мэргэжилтэн, хошууч С.Галтзул, Олон нийттэй харилцах төвийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Отгонболд, Байгаль орчин, аялал жуучлалын дэд сайд Ц.Батбаяр, Байгаль орчин, аялал жуучлалын газрын дарга Б.Оюунсанаа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг түймрийн нөхцөл байдалтай таницлах, алба хаагчдад хүнс хуурай хэрэглэл хүргэх зорилгоор Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нислэгийн талбайгаас 05.22-ны өдрийн 09:21 цагт хөөрч, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Баавгайт” ууланд 10:10 цагт буусан. 12:27 цагт “Баавгайт” уулаас хөөрч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн “Сэнжит” уулын “Сэнжитийн гол” гэдэг газар /Минжийн заставаас зүүн урд зүгт 40 км-т/ гарсан ойн түймрийг бүрэн унтраан, цэвэрлэгээ хийхээр, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Баавгайт” ууланд ажиллаж байсан АТА-ын Агаарын ажиллагааны салбарын дарга, ахмад Ж.Гэрэлт-Одоор ахлуулсан 9 алба хаагчийг 13:43 цагт хүргэсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн “Цохиот” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 100 км-т/ тус багийн харьяат иргэн Б /27 настай, эрэгтэй, унаж татдаг өвчтэй/ 05.18-ны өдрийн 20:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 05.19-ний өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 28 хүн, 7 техник хэрэгсэл, 2 морьтойгоор 05.20-ны өдрөөс эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд 05.22-ны өдрийн байдлаар тус багийн “Олон цохиот” гэдэг газраас “Баянхайрхан” гэдэг газар хүртэл 15 км газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:35 цагт түр зогсоож, 05.23-ны өдрийн 06:00 цагаас дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР