Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Дархан-Уул, Дорнод, Төв, Сэлэнгэ аймгийн зарим сумдын нутгаар нойтон цас, бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, говь, тал хээрийн нутгаар 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Эрс сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 0-5 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 18-23 градус, Орхон-Сэлэнгийн сав, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос 7-12 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. Өчигдрөөс эрс сэрүүсч 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 21-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын зарим газраар, 22-нд зүүн аймгуудын нутгаар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 21-нд төв, говь, зүүн аймгуудын нутаг, 24-нд ихэнх нутгаар 18-20 м/с, 23-нд зарим газраар 15-17 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 21-нд ихэнх нутгаар эрс сэрүүсч Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 15:50 цагт хүлээн авч тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 6 алба хаагч, 2  автомашинтайгаар 1.5 км зам туулан 15:53 цагт очиж, 35 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын  дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 17:48 цагт хүлээн авч тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 3 км зам туулан 17:52 цагт очиж, 14 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн “Төмөр замын 212 дугаар тэмдэгт” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 14 км-т/ малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 20:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 14 км зам туулан 21:23 цагт очиж, 17 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хороонд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 23:46 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 7 км зам туулан 00:00 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Шарлангын гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т/ ойн түймрийн голомт /Ө-49011’28”, У-107034’08”/ Зайнаас тандан судлах үндэсний төвийн www.icc.mn сайтад 05.17-ны өдрийн 12:05 цагт илэрсэн. ОБЕГ-ын 1 алба хаагч, Аврах тусгай ангийн 52 алба хаагч, Нийслэлийн Онцгой байдлын газрын 72 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 12 ажилтан, нийт 178 хүн, 12 автомашин, 6 морьтой унтраахаар ажиллаж байна.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн “Цохиот” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 100 км-т/ тус багийн харьяат иргэн Б /27 настай, эрэгтэй, унаж татдаг өвчтэй/ 05.18-ны өдрийн 20:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 05.19-ний өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, орон нутгийн 25 иргэн, нийт 30 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 05.20-ны өдрийн байдлаар  “Хөөтэй чих” уулын эргэн тойронд 70 км газар явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

Усны осол /эрэн хайх, аврах/: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ногоочид багийн “Далангийн цөөрөм” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 4 км-т/ Тариалангийн талбайн усалгааны цөөрөмд хийлдэг гудас ашиглан хөвж байсан 3 иргэн живэх гээд байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 16:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 18 алба хаагч, 3 автомашинтай 16:52 цагт ангийн байрлалаас хөдөлж, 16:56 цагт очиж, Даланзадгад сумын харьяат иргэн Т /27 настай, эрэгтэй/, О /27 настай, эрэгтэй/ нар живж байсныг эсэн мэнд аварч, эмнэлгийн байгууллагад, мөн сумын харьяат иргэн Н /28 настай, эрэгтэй/ осолдсон байсныг 250 метрийн голчтой, 3 метр гүнтэй цөөрмийн даланг сэтэлж, усны түвшинг багасгаж, 05.20-ны өдрийн 23:50 цагт цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР