Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 23-28 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с.  20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар, 20-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. 21-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18, 19-нд Алтайн уулсаар, 20-нд баруун болон төвийн нутгаар, 21-нд ихэнх нутгаар 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 20-нд баруун аймгуудын нутгаар, 21-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хороонд худалдааны төвийн 15х20 метрийн хэмжээтэй, 3 давхар сендвчин барилга шатаж байна гэсэн дуудлагыг 05.16-ны өдрийн 21:52 цагт  хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 12 албан хаагч, 3 автомашинтай 1 км зам туулан 21:54 цагт очиж, 01 цаг 30 минут, нэмэлтээр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 9 албан хаагч, 3 автомашинтай 27 км зам туулан 22:40 цагт очиж, 01 цаг 10 минут тус тус ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд 15х15 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.16-ны өдрийн 23:15 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай 1.5 км зам туулан 23:22 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.16-ны өдрийн 21:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай 1 км зам туулан 21:32 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Бугант багийн “Бугант” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 70 км/    ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.14-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 32 хүн, 3 техник хэрэгсэл, 3 морьтойгоор ажиллаж 05.16-ны өдрийн 16:45 цагт түймрийг бүрэн унтрааж, тус багийн Байгаль хамгаалагчид хүлээлгэж өгсөн.

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Баянхонгор аймгийн Галуут сумын Үнэгт багийн “Бага булан” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 15 км-т,Ө-46073/00//, У-99096/00/// 05.16-ны өдрийн 11:31 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар 05.16-ны өдрийн 12:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын ЗДТГ-ын дарга Т.Алтантуяагаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Булган аймгийн Булган сумын Баянтөгөл багийн “Гүен“ гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 15 км/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Д /60 настай, эмэгтэй/ нөхөр Б /60 настай эрэгтэй/, хүргэн Т /32 настай, эрэгтэй/ нарын хамт 05.14-ний өдрийн 20:00 цагт тус газарт халиар түүхээр очоод 05.15-ны өдрийн 13:00 цагт сураггүй алга болсон тухай мэдээллийг тус сумын ЗДТГ-ын дарга аймгийн Онцгой байдлын газарт 05.17-ны  өдрийн 05:10 цагт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР