Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон зүүн аймгуудийн нутгаар бага зэргийн шуургатай, бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс 6-11 м/с, баруун аймгуудын нутгаар түр зуур 18-20 м/с, төвийн аймгуудын нутаг болон говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор, Монгол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус,  бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал: 15-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 15-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгаар түр зуур 18-20 м/с, 16,17-нд зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороонд зочид буудал шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 08:53 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 08:58 цагт очиж, 15 минут ажиллаж, унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт хашаа, хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 13:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 13:35 цагт очиж, 30 минут ажиллаж, унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг багт шатахуун түгээх станцын хажуу талд тус сумын харъяат иргэн Н-ийн  эзэмшлийн “Аванте Экс-Ди” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 14:31 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 0.5 км замыг туулан 14:32 цагт очиж, 4 минут ажиллаж, унтраасан.

Хэнтий аймгийн Мөрөн сумын Бүрээт баг, “Их уулын-Ар” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 10 км-т/ хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 15:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 48 км замыг туулан 16:29 цагт очиж, 16 минут ажиллаж, унтраасан. Уг гал түймэрт орон нутгийн 13 хүн, 1 машин ажилласан.

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 15:55 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 15:57 цагт очиж,  10х12 метр хэмжээтэй байшингийн тааз, үүдний хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж, унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 01:15 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 01:22 цагт очиж, 15 минут ажиллаж, унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хаягдал тос дахин боловсруулах үйлдвэрийн түүхий эд шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 02:44  цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 02:54 цагт очиж, хаягдал тос дахин боловсруулах үйлдвэрийн түүхий эд, цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг 01:20 цаг ажиллаж, унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн “Зүүн-Эхийн бургас” гэдэг газар /сумын төвөөс баруун урд  зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.12-ны өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 12 алба хаагч, орон нутгийн 56 иргэн, нийт 68 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 05.13-ны өдрийн 06:15 цагт түймрийг цурманд оруулж, 13:45 цагт бүрэн унтрааж, тус багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Түймэрт нийт 20 га талбай шатсан.

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Ар бэрх” гэдэг газар  /сумын төвөөс  хойд зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.13-ны өдрийн 18:42 цагт хүлээн авч Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 30 хүн, нийт 42 хүн, 4 автомашинтайгаар ажиллаж, 05.14-ний өдрийн 03:15 цагт түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Гал түймэрт 4 га талбай шатсан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар  хороо, Нарны хорооллын урд тал дахь “Дунд гол”-ын гүүрний баруун талд үерийн хамгаалалтын далангаас иргэн Т /28 настай, эрэгтэй/ унаж, тархи нуруундаа хүнд гэмтсэн авсан, далан дотроос гаргах шаардлагатай байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 19:08 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 19:14 цагт очиж, 8 минут ажиллан гаргаж, нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 2 дугаар баг, “Бумбат тосгон” гэдэг газар “Хэрлэн” голд цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 20:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 21:00 цагт очиж, тус сумын 9 дүгээр багийн оршин суугч иргэн Б /51 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР