Т.Бадрал: Гамшгийн эрсдэлийг бууруулах ажилд хүн бүр оролцох ёстой

0

 Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 2018 оны 07 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгаа билээ. Тэгвэл энэхүү хурлын ач холбогдол болоод Онцгой байдлын  байгууллагад тулгамдаж буй асуудлаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралтай ярилцлаа.

-“Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал” хоёр өдрийн турш манай улсад амжилттай хуралдлаа. Тус хурлаар оролцогч улсуудын оролцоо, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцаж, дүн шинжилгээ хийсэн байх. Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд Монгол улс ямар хэмжээнд явна вэ?

-Гамшгийн аюулыг бууруулах Дэлхийн хурал анх 1995 онд Япон Улсад болж байсан. Үүний дараагаар буюу 10 жилийн дараа 2005 онд Японы Хёого хотод дараагийн хуралдаан болсон. Япон улс нь газар хөдлөлтийн гамшгийн хамгийн эмзэг улсад тооцогддог. Тиймээс Япон улс үүнд тэргүүлэгч хэлбэрээр оролцож, уг хурлыг зохион байгуулсан. ”Хёогогийн үйл ажиллагааны хүрээ” баримт бичиг 2005-2015 оны хүрээнд хэрэгжсэн. Тус баримт бичгийн үндсэн агуулга нь Дэлхийн бүс нутгууд өөр хоорондоо гамшгийн эрсдэлийг бууруулахад хамтран ажиллах байсан юм. НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар тэр үед байгуулагдаж, эдгээр бүх үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэйгээр оролцож байгаа.

Дэлхийд Азийн сайд нарын хуралтай төстэй 11 механизм байдаг. Эдгээрийн нэг нь Азийн сайд нарын бага хурал юм. Тус хурал 2005 оноос хойш долоон удаа хуралдсан. Үүний таван хуралдаанаар нь Хёогогийн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэхээр хуралдсан. 2015 оноос дараагийн 10 жил эхэлсэн. Энэ 10 жил бол их онцлогтой. Учир нь 2005-2015 оны хооронд НҮБ-ын тогтвортой хөгжлийн асуудал яригдаж байсан бөгөөд тус асуудал дуусангуут дэлхий нийтийн гурван үндсэн баримт бичиг гарч ирсний нэг нь Сэндайн үйл ажиллагааны бичиг баримт хүрээ юм. Энэхүү баримт бичигт “гамшигтай тэмцэх, гамшгийн хор уршгийг арилгах асуудал нэгэнт өнгөрсөн юм байна. Цаашид гамшгаас урьдчилан сэргийлэх буюу гамшгийн эрсдэлийг бууруулах тал руу шилжих нь зүйтэй” гэдгийг онцолж байгаа. Тиймээс Монгол Улс ч ялгаагүй гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоо руу дахин шилжихээс аргагүй болж байна. Хууль эрх зүй, бүтцийн хувьд ч тэр, арга хэмжээний хувьд ч тэр. Гамшгийн эрсдэлийг бууруулах ажилд хүн бүр оролцох ёстой. Иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон хувийн байгууллагууд бүгд оролцож байж гамшгийн эрсдэлийг бууруулах ажил үр дүнтэй болно. Түүнээс төр ганцаараа хийх ажил биш юм байна гэдгийг дэлхий нийт, бүс нутаг, Монгол улсын хэмжээнд бүгд ойлгож байна                                                                                                               

Сэндайн үйл ажиллагааны бичиг баримтын хүрээ нь долоон гол зорилттой юм. Хамгийн гол зорилт буюу бидний хоцроод буй зүйл нь орон нутгийн асуудал юм. Монголын нөхцөлөөр сум, дүүрэг, баг, хорооны ажил дутагдаад байна. Долоон гол зорилтын нэг том ажил нь төлөвлөлт, зорилт, бодлогын үйл ажиллагаа. Хёогогийн үйл ажиллагааны баримт бичгийг хэрэгжүүлэх 10 жилд бид нэлээд хоцорсон. Үүнд олон шалтгаан бий. Тухайлбал, улс төр, эрх зүйн актууд шинэчлэгдээгүй гэх мэт. Харин Сэндайн үйл ажиллагааны баримт бичгийн дараа Монгол улс Гамшгаас хамгаалах тухай хуулиа шинэчилж гаргасан. Үүний үндсэн агуулга нь эрсдэлээ эхлээд тодорхойлъё, эрсдэлээ зөв тодорхойлсны дараа төлөвлөлтөө зөв хийе. Төлөвлөсний дараа хөрөнгөө тавья, үүний дараа хэрэгжүүлье юм. 15 жилийн хугацаатай Азийн сайд нарын долоон хурал хуралдана. Улаанбаатарт хоёр өдрийн турш болсон хуралдаантай ижил гурван хурал болно. Тус хуралдаанаар дараагийн хоёр жилийнхээ төлөвлөгөөг ярина.

Ирэх долдугаар сард болох Азийн сайд нарын хуралдаанаар бүс нутгийн сайд нарын улс төрийн тунхаглал гарна. Мөн хоёр жил тутмын хөтөлбөр буюу төлөвлөгөөг гаргадаг. Өнгөрсөн жил зургаан сарын хугацаанд Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон долдугаар хуралдаанаар Сэндайн үйл ажиллагааны баримт бичгийн хүрээг эхлээд хууль эрх зүйдээ тусгаад авъя. Дараа нь төлөвлөгөөгөө хийж, замын зургаа гаргая гэдэг асуудал яригдсан. Харин түүний биелэлтийг Улаанбаатарт болсон хуралдаанаар биелэлтийг нь дүгнэсэн. Ази Номхон далайн бүс нутгийн 62 орны хувьд биелэлт 40 хувьтай л байгаа юм байна. Дараагийн хоёр жилд үүний хувийг хэрхэн нэмэгдүүлэх вэ. Сэндайн үйл ажиллагааны бичиг баримтын хүрээнд тусгасан долоон том зорилтыг яаж бид хэрэгжүүлэх асуудлыг тодорхойлж, томьёолох талаар хэлэлцсэн.

Монгол улс Азийн сайд нарын бага хурлыг зохион байгуулснаар өөрсдийн хийж хэрэгжүүлснээ тайлагнах. Мөн бид яг ямар шатанд явж байгаагаа тодорхойлох юм. Улаанбаатарт болж буй хурлын дараа бид дахиад эрх зүйн акт, төлөвлөлтдөө шинэчлэлт хийх ёстой. Дутуу юм байна. Бид сая дүгнэлтээ гаргаж үзэхэд Монгол улс долоон зорилтын хоёрыг нь хэрэгжүүлж чадаагүй байна. Цаашид үүнийгээ сайжруулаад явах байх. Олон улсын үйл ажиллагаанд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгааг хэлмээр байна.

-НҮБ-ын төлөөлөгч Монгол улс Гамшгийн эрсдэлийг бууруулахад манлайлалтай оролцож байгаа гэдгийг онцолж байсан. Гамшиг осол байгалийн болон хүний нөлөөтэйгөөр бий болдог. Хүний нөлөөтэй байгалийн гамшиг тохиолдоход Онцгой байдлын байгууллага хэрхэн ажиллаж байна. Тоног төхөөрөмжийн хувьд бусад улстай харьцуулахад ямар төвшинд байна вэ?

-Яг харьцуулж хэлэхэд төвөгтэй. Азийн бүс нутагт хөгжингүй, хөгжиж буй улс, жижиг арлын улсууд ч байна. Бүгд хоорондоо ялгаатай. Бид гол нь хэнийг өөрсөдтэйгөө харьцуулах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Хөгжиж буй улс, ялангуяа далайд гарцгүй, хоёр том хөршийн дунд оршиж буйн онцлог шинж гэж байна. Зүүн хойд бүс нутагт манай хоёр хөршөөс гадна хоёр Солонгос, Япон зэрэг зургаан улс багтдаг. Эдгээрийг харьцуулахад инженер, техник технологи хөгжсөн Хятад улс маш том бүтцийн өөрчлөлтийг хийлээ. Хятад улс анх удаа түүхэндээ зургаан яамаа татан буулгаж Онцгой байдлын яамаа байгууллаа. Ерөнхийдөө манай Онцгой байдлын хийдэг зургаан ажлыг нэг яам болгож хийж байна. Хоёр хөрштэйгөө хамтарч ажиллах бололцоо бидэнд байна. Тиймээс хоёр хөршөө дагаж хөгжих боломж байна гэж харж байгаа. Дээрээс нь Япон улстай олон талын хамтын ажиллагаатай ажиллаж байна. Үүний нэг нь бид Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд хамтарч ажиллаж байна. Мөн гуравхан сарын өмнө Хойд Солонгостой хамтарч ажиллах санамж бичгээ байгуулсан. Түүнчлэн БНСУ-тай 12 жилийн турш хамтын ажиллагааг хөгжүүлж ажиллаж байна. Эдгээр улсуудтай харьцуулж үзвэл техник технологийн хувьд бид харьцангуй хойно яваад байна.

-Хүнээс хамааралтай гамшиг, осол дулааны улиралд түлхүү тохиолддог. Ялангуяа зун анхаарал болгоомжгүйн улмаас усанд осолдох асуудал нэлээд гардаг. Энэ нөхцөл байдалд ажиллах тоног төхөөрөмжийн хүрэлцээ ямархуу байдаг вэ. Мөн нэн яаралтай хэрэгтэй, авах шаардлагатай тоног төхөөрөмж Онцгой байдалд юу байна.

-Хүнд байна. Монгол улсын эдийн засаг суларсан сүүлийн гурван жилд энэ чиглэлд ямар нэгэн хөрөнгө оруулалт хийгээгүй. Хэдийгээр Монгол Улсын Засгийн газар, УИХ дэмжиж байгаа хэдий ч хөрөнгийн асуудал байнга дутагдалтай байдаг. Бид Улсын төсөв харахаасаа илүү Олон улсын хамтын ажиллагаа, зээл хөтөлбөрийн хэмжээнд тодорхой хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Ерөнхийдөө тоног төхөөрөмжийн хэмжээ 50 орчим хувь руу дөхөж байна. Бид ойрын гурван жилдээ энэ хэмжээг 80 хувьд хүргэе гэсэн зорилтыг дунд болон урт хугацаандаа тавиад явж байна.

Онцгой байдлын ерөнхий газрын санаачлалаар хэрэгжиж байгаа гадаад дотоодын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр энэ жил болон дараа жил нийт 60 орчим тэрбум төгрөгөөр аль ч улиралд ажиллах тоног төхөөрөмжийн хангалт хийхээр гэрээ хэлэлцээр байгуулаад байна. Дараа дараагийн хөтөлбөр санаачлагаа Засгийн газарт өргөн барьсан. Засгийн газар эцсийн шийдвэрийг гаргана. Хүний үйл ажиллагаатай холбоотой шинэ гамшиг, осол их гарч байна. Тухайлбал, хими, уул уурхайн гүний, өндөр буюу уулын аврах үйл ажиллагаатай холбоотой асуудлуудад Онцгой байдлын газар ажиллаж байна. Тэнд ажиллах тоног төхөөрөмж дутмаг байна. Мөн ой хээрийн түймрийн үед нисдэг тэрэгний асуудал байнга тавигддаг. Түймэр унтраахад Онцгой байдлын хүчин чадал хүрэлцэхгүй байна гэдгийг хаа хаанаа ойлгосон байх. Ойлгож буйн илрэл нь хандив тусламжаар илэрч байгаа юм.

 

Эх сурвалж: times.mn Л.Булганчимэг