Д.Ганзориг : Гал сөнөөгч нь эр хүний бахархмаар мэргэжил гэж би боддог

0

Олон улсын гал сөнөөгчдийн өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах аравдугаар ангийн, IV салааны гал сөнөөгч Д.Ганзоригтой ярилцлаа.

-Сайн байна уу? Танд олон улсын гал сөнөөгчдийн өдрийн мэнд хүргэе. Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?

-Намайг Доржнямын Ганзориг гэдэг. Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн. Улаанбаатар хотод 2002 онд шилжиж ирж байлаа. Одоо эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Гал түймэр унтраах, гамшгаас хамгаалах штаб гэж байх үеэс гал эхлээд энэ газарт тасралтгүй 16 жил гал сөнөөгчөөр ажиллаж байна.

-Яагаад гал сөнөөгч мэргэжлийг сонгосон бэ?

-Миний хоёр ах Дархан-Уул аймагт нэг нь гал сөнөөгч, нөгөө нь галын автомашины жолооч хийдэг байсан. Ах нарыгаа харахаар цэргийн хүн болмоор, бахархмаар санагддаг байсан ч ах нартайгаа хамт ажлаад яахав гэж бодоод ороогүй. Түүний дараа манай он жав Дарханы 22 дугаар ангиас Төвийн гал команд руу гал сөнөөгчөөр шилжиж ирсэн юм. Тэр үед найзтайгаа уулзаад нэг л мэдэхэд гал сөнөөгч болчихсон явж байсан даа. /Инээв/

-Анхны галын дуудлагад явахад ямар санагдаж байсан бэ?

-Яваад очиход гал маналзаж байсан. Би чинь шинэ цэрэг. Шинэ цэрэг бол хошууч гал сөнөөгчийн ард дагаж явдаг. Гал өөдөөс төөнөж байсан ч би огт айгаагүй. Хүн дуртай сонирхсон зүйлдээ хэзээ ч хойш суудаггүй. Аль болох ая эвийг нь олж хийх гэсэн сэтгэл үргэлж байдаг. Тэгээд л хуучин гал сөнөөгч ах нарыгаа дагаж их зүйл сурч мэдэж байлаа.

-Энэ мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь вэ?

-Дуудлага авч хүний эд хөрөнгө, амь насыг авраад, галыг бүрэн гүйцэд унтрааж ард нь гараад суух тэр агшинд хамгийн сайхан мэдрэмж төрдөг. Сэтгэлээс нэг том юм аваад хаячихсан мэт хөнгөрөөд л… Би 16 жил гал сөнөөгч хийхдээ мянга гаран дуудлагад явж гал унтраагаад байна. Гал сөнөөгч нь эр хүний бахархмаар мэргэжил гэж би боддог. Бид өглөө долоон цагт цуглаад хувцсаа өмсөж, биеэ бэлдэнэ. Найман цагт эхний хонхоор томилолтоо уншаад, ээлж хүлээлцэнэ. Тэгээд л 24 цаг галдаа явна, машин  техник, орон байраа цэвэрлэнэ. Бүх ажил цагийн хуваарийн дагуу явдаг. Бид салаагаараа нэг гэр бүл шиг л байдаг.

-Онцгой байдлын албан хаагч нь хүний амь насыг авардаг ачтан. Хүний амь нас аварч байсан удаагаасаа яриач?

-Хүний амь нас гэдэг юунаас ч илүү үнэтэй. 2008 онд байрны сантехникч залуугийн амь насыг аварч байсан. Нарийхан цонхоор багаа зүүгээд мөлхөж ороход маш их утаатай. Гэсэн ч тэр хүний амийг аварч чадсан. Тэр үйлийг минь хамт олон маань өндрөөр үнэлж “Онц гал сөнөөгч” тэмдгээр энгэрийг минь мялааж байлаа. Бидний хувьд энэ шагнал нь урлаг соёлоор бол гавьяатын дайтай үнэлэх бахархмаар тэмдэг. Энэ бол миний амьдралын хэзээ ч мартагдашгүй сайхан мөч.

-Цаг наргүй энэ их ажлын хажуугаар гэр бүлдээ хэрхэн санаа тавьдаг вэ?

-Ар гэрийн асуудлыг ард минь үлдэх гэргий минь зохицуулдаг. Эхнэртээ л даатгана. Манай мэргэжлийнхэн байнгын бэлэн байдалд байдаг. Хэзээ ч дуудаж, хаашаа ч явж болно. Манай эхнэр намайг ойлгодог мундаг эмэгтэй бий. Энэ албаны эрчүүдийн эхнэрүүд бидэнтэй адил тэвчээртээ, хатуужилтай хүмүүс байдаг байх.

-Энэ ажлыг хийж байх хугацаанд шантарч байсан удаа бий юу?

-Надад шантарна гэдэг зүйл огт байдаггүй. Надад битгий хэл гал унтраах байгууллагын эрчүүдэд шантрах гэсэн сэтгэхүйтэй хүн байхгүй. Шантардаггүй хүн л энэ байгууллагад ажиллаж чадна. Дуудлагаас дуудлага дамжин шөнө дөл, өдөр хоног хамаагүй явна. Хүнд хэцүү нөхцөлд хүнд бэрх  зүйл зөндөө тохиолдоно. Тэр бүрт тайван, бүх зүйлийг зөв талаас нь ойлгодог байх хэрэгтэй.

-Дуудлагаар очиход ихэвчлэн ямар шалтгааны улмаас гал алдсан байдаг вэ?

-Иргэдийн хайнга анхаарал болгоомжгүй, сэрэмжгүй үйлдлээс болж гал гарсан байдаг. Жишээ нь өнөө өглөө дуудлага авч аравдугаар хороололд очсон. Жижиг өрөөнийхөө цонхтой ойр зул асаасан. Цонх онгорхой байсан учраас салхинд хөшиг хийсч, зул унасны улмаас гэр нь шатчихсан байгаа юм. Энэ мэтчилэн иргэд эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол их гардаг. Мөн нэмж хэлэхэд хэзээ ч бага насны хүүхдийг гэрт цоожилж үлдээж болохгүй. Хамгийн буруу, аюултай үйлдэл. Эцэг эхчүүдийн болгоомжгүй байдлаас болж санаанд оромгүй ослууд гардаг. Тиймээс хүн бүр дор бүрнээ сонор сэрэмжтэй байж, гал түймрээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

Эх сурвалж:  Control.mn    М.БААСАНДЭЛГЭР