Гамшгаас хамгаалах команд штабын сургууль эхэллээ

0

Онцгой байдлын ерөнхий газраас Хэнтий аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр 06:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор эхэлж, аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн нээлтийн арга хэмжээнд Сургуулийг удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Батжаргал нарын удирдлагууд оролцлоо.

Сургуулийн үеэр аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагуудын гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалган, жагсаалын жигдрэлтийн сургуулийг явууллаа. Гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг шалгах жагсаалд 500 гаруй ажилтан, алба хаагч, 40 гаруй техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.

Мөн аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах 11 албадын удирдах бүрэлдэхүүн “Бүх шатны нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, гэнэтийн ослын үеийн удирдлага, зохион байгуулалт, харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлтийн болон мал, амьтны гоц халдварт өвчин, өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн гэсэн цагийн байдлын өгөгдлийн дагуу бүлгээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.