Хэнтий аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

0

Монгол Улсын Шадар сайдын Хэнтий аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг тус аймагт 2018 оны 04 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулах юм. 

Тус сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан өнөөдрөөс эхлэн Хэнтий аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллахаар боллоо.

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллаж байгаа бөгөөд ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсгийн гишүүд өнөөдөр орон нутгийн удирдлагатай уулзалт зохион байгуулж, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн штабуудаар орж, сургалт явуулах бэлтгэл бэлэн байдалтай танилцаж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөв.

Гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургуулийн зорилго нь болзошгүй томоохон гамшгийн үед аймгийн нутаг дэвсгэрийг аймаг өөрийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгаас хамгааах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн нөхцөлд хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгддэг.

Команд штабын сургуулийн үеэр сургуулийн цагийн байдлын дагуу зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох,  сургуулийн цагийн байдлын дагуу бүлгээр ажиллах, дадлага сургуулиуд зохион байгуулагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.