Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт:   Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, зарим газраар 15-17 м/с хүрч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 8-13 градус, говь, талийн нутгаар 23-28 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бороо орохгүй, салхи баруун өмнөөс хойш эргэж 7-12 м/с, зарим үед 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 20-нд зарим газраар, 21-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 22-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас, 23-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 20-нд зарим газраар, 21, 22-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар багийн “Дэнж” гэдэг газар үйлчилгээний 2 давхар байшин, зочид буудлын 1 давхар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.18-ны өдрийн 13:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 60 км зам туулан 15:30 цагт очиж, орон нутгийн 60 иргэн, 8 автомашинтай 7 цаг ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багт өвсний хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.18-ны өдрийн 13:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дах Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 39 дүгээр ангийн 7 алба хаагч, 2  автомашинтай 9 км зам туулан 13:35 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.18-ны өдрийн 14:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км зам туулан 14:50 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Тэвш багийн “Лүнгийн-Овоо” гэдэг газар гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.18-ны өдрийн 15:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 24 км зам туулан 15:35 цагт очиход тухай гэр бүрэн шатсан байсан.

Төв аймгийн Зуунмод сумын Номт багт өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.18-ны өдрийн 16:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км зам туулан 16:22 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан. Иргэн Н /73 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн унтаж байхад нь сэрээж утаажилтын бүсээс гаргасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.18-ны өдрийн 19:11 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулан 19:16 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Улаан-Асга багийн “Хуштын-Эх” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.16-ны өдрийн 17:24 цагт хүлээн авч орон орон нутгийн 30 иргэн, 3 автомашин, 7 мотоциклтойгоор ажиллаж 04.17-ны өдрийн 00:05 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна. Гал түймэрт 5 га талбай өртсөн.

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Горхины-Эх, Ухантын даваа” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 20:13 цагт хүлээн авч 04.18-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан 37 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, Булган аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, нийт 65 алба хаагч, 6 автомашинтай, Байгаль орчны газрын ойн албаны даргаар ахлуулсан Эрдэнэбулган сумын 90 иргэн, Цагаан-Үүр сумын 40 иргэн, 131 иргэн, 9 автомашин, нийт 196 хүн, 15 автомашин, 8 мотоцикль, 47 морьтой ажиллаж түймрийн баруун, зүүн урд талыг унтраасан бөгөөд, хойд талдаа буюу “Эрээлж”, “Шар булуу”, “Хөх чулууны булан”, “Рашаантын гозгор”, “Өндөр хидмэгийн хяр” гэдэг газруудад унтраахаар ажиллаж байна.

Хээрийн түймэр: Завхан аймгийн Цагаанчулуут сумын Чавцаг багийн “Сонгино” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.18-ны өдрийн 16:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашинтай,  Цагаанчулуут сум дах Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан 14 иргэн, 1 автомашинтай унтраахаар ажиллаж мөн өдрийн 19:00 цагт цурманд оруулсан.

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу багийн “Гучингийн хойд хоолой” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 43 км-т/,/Ө-440 63/ 00//, У-1040 61/00/// 04.18-ны өдрийн 23:35 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад тухайн газар нь айл нутагладаг бөгөөд иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 6 дугаар багт иргэн С-ийн хашаанд муу усны 3.9 метр гүнтэй нүхэнд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат иргэн М-ийн хүү Э /6 настай, эрэгтэй/ унасан тухай дуудлагыг 04.18-ны өдрийн 17:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж Э /6 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР