Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх,  Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Онон, Улз голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8-13 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с. 11-13 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн  хойд хэсгээр, 19-нд баруун болон төв аймгуудын нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 17-нд Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-нд ихэнх нутгаар, 20-нд говь талын нутгаар 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 19-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 15:46 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 5.5  км замыг туулан 15:55 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Улаан чулуутын хогийн цэгт “Сайн цаас” ХХК-ийн түүхий эд цуглуулах хашаанд 110 тонн орчим хаягдал цаас шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 17:04 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 8  км замыг туулан 17:21 цагт очиж, 8 цаг 30 минут, нэмэлтээр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 8.5  км замыг туулан 17:51 цагт очиж, 7 цаг 10 минут тус тус ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангайн багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 16:48 цагт хүлээн авч тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 3 км 1 замыг туулан 16:54 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Ланз багийн “Баян-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 11:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 18 алба хаагч, 2 автомашинтайгаар 25  км замыг туулан 12:10 цагт очиж, 8 цаг 50 минут ажиллаж унтраасан.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын  Хармай багийн “Минж булаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 80 км-т/ 04.16-ны өдрийн 18:18 цагт /Ө-51031/00//, У-98022/00/// 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 04.16-ны өдрийн 18:34 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга, ЗДТГ-ын дарга нараас тодруулахад тухайн тайгын бүс нутагт айл нутагладаггүй бөгөөд иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Ой, хээрийн түймэр:

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Горхины-Эх, Ухантын даваа” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 20:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 72 иргэн, 3  автомашин, 8 мотоцикль, 19 морь, нийт 84 хүн, 12 техник хэрэгсэл, 19 морьтойгоор унтраахаар ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Төгөл багийн “Дотор мөс” гэдэг газар  /сумын төвөөс зүүн  зүгт 10 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.16-ны өдрийн 09:24 цагт хүлээн авч орон нутгийн 34 иргэн, 4  техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 04.16-ны өдрийн 19:00 цагт бүрэн унтрааж тус багийн байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Гал түймэрт 1 км урттай, 300 метрийн өргөнтэй талбай өртсөн.

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Улаан-Асга багийн “Хуштын-Эх” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.16-ны өдрийн 17:24 цагт хүлээн авч орон нутгийн 30 иргэн, 3  автомашин, 7 мотоцикльтойгоор ажиллаж 04.17-ны өдрийн 00:20 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна. Гал түймэрт 5 га талбай өртсөн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Үйлдвэрлэлийн осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Алтай констракшн” ХХК-ын барьж буй хотхоны барилгын талбайд туслан гүйцэтгэгч “Тольт дэнлүү” ХХК-ийн 36 метрийн өндөртэй цамхагт кран унаж 1 хүн гэмтсэн тухай дуудлагыг 04.16-ны өдрийн 17:40 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай бүлэг 4.5 км замыг туулан 17:50 цагт очиход “Тольт дэнлүү” ХХК-ийн ажилчин БНАСАУ-ын иргэн Ч /35 настай, эрэгтэй/ крантайгаа унаж хөнгөн бэртсэн байсныг НТТТ-ийн шуурхай бүрэлдэхүүн ГССҮТ-д хүргэсэн байсан. Ослын газарт ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан шуурхай ажлын хэсэг очиж ослын нөхцөл байдалтай танилцахад дээрх кран 17, 18 дугаар үеэрээ хугарч, зэргэлдээх “Баянмонгол” хотхоны байрны дээвэр дээр унаж, буцаж газарт унахдаа “Приус-30”, “Приус-20”, “Приус-20”, “Вингөурд” загварын автомашинуудын дээр унаж гэмтэл учруулсан байна. Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хамтарсан ажлын хэсэг ослын газрын үзлэг, шалгалтыг явуулсан, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР