Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх,  Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Онон, Улз голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8-13 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с. 11-13 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн  хойд хэсгээр, 19-нд баруун болон төв аймгуудын нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 17-нд Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-нд ихэнх нутгаар, 20-нд говь талын нутгаар 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 19-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд гэр, эд хогшил, хураалттай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 09:00  цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 5.5  км замыг туулан 09:12 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11:04  цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 3.5  км замыг туулан 11:14 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сариг багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 15:57 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 3,5 км замыг туулан 16:01 цагт очиж, 1 цаг 03 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 16:54  цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 5  км замыг туулан 17:04 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Дэнж мандах багт иргэн Г-гийн эзэмшлийн “Соната” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 19:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 4 км замыг туулан 19:15 цагт очиж, 35 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд Төмөр хашаанд гагнасан боолтонд хүүхэд гараа хавчуулчихлаа гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 14:19 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 10 км замыг туулан 14:39 цагт очиж, 40 минут ажиллаж, Э (4 настай, эмэгтэй) боолтонд хуруугаа гацаасан байсныг аюулгүй болгосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР