Гал унтраах техникийн олон төрөлт спортын олон улсын хэмжээний мастер цолтон гурваар нэмэгдлээ

0

Алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбааг нэмэгдүүлэх, бие бялдарын тэсвэр хатуужил олгох, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангуулахад чиглэсэн Гал унтраах техникийн олон төрөлт спортыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, ахмад тамирчин Д.Цэнд-Аюуш, Л.Дашзэвэг, А.Цэрэнбал нарыг Олон улсын хэмжээний мастер цолоор шагналаа.

Шагналыг Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян гардуулж өгсөн юм.

Ахмад тамирчин Д.Цэнд-Аюушийн хувьд 1977 онд довтолгооны шатанд 19,4 секунд гүйж, Монгол Улсын рекордыг тогтоон Гал унтраах техникийн олон төрөлт спортын төрөлд Монгол Улсын анхны мастер цолыг хүртэж байжээ. Мөн бусад төрлөөр Л.Дашзэвэг, А.Цэрэнбал, Б.Дашдэлэг нар Монгол Улсын мастер цолыг анх хүртэж байсан аж.

Дашрамд сонирхуулахад, Гал унтраах техникийн олон төрөлт спорт Монгол Улсад 1956 оноос эхлэн үүсэж, хөгжсөн бөгөөд 1971 онд спортын нэгдсэн ангилалд орсон анхны албаны спорт болсон түүхтэй.

Өнөөдрийн байдлаар Гал унтраах техникийн олон төрөлт спортоор хичээллэдэг зэрэг цолтой 800 гаруй тамирчин байдаг. Тэдгээрийн 21 нь Олон улсын хэмжээний мастерууд юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.