Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2-7 градус, Алтайн өвөр говиор 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 10-12 градус дулаан байна.

Төлөв байдал:  21-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, салхи 14-16 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 23-нд Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө  6-11 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. 23-24-нд өдөртөө ихэнх нутгаар дулаарна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 13:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 2 км зам туулан 13:36  цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 15:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтайгаар 2 км зам туулан 15:29 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 16:49 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 5 км зам туулан 16:53 цагт очиж, 2 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Булган аймгийн Булган сумын харьяат иргэн У /50 настай, эмэгтэй/ угаартаж, түлэгдсэн байсныг аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Их-Амын задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 19:47 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 4 км зам туулан 19:51 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нанзад багийн “Бүтэнжаргал” эмнэлгийн урд автомашины зогсоолд иргэн Б-гийн эзэмшлийн “Ланд крузер-100” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 20:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 1 км зам туулан 20:11 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 23:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 6.5 км зам туулан 23:30 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн Мааньт гэдэг газар /Орхон аймгийн төвөөс урд зүгт 40 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 74 км-т/ мал тууж явсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Д /32 настай, эрэгтэй/ уулын шар усны үерт осолдсон тухай дуудлагыг 03.19-ний өдрийн 20:23 цагт хүлээн авч Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, 03.20-ны өдрийн 00:30 цагт осолдсон газраас 1 км-ийн зайд үерийн уснаас цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР