Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Өвөрхангай аймгуудын зарим нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлшиж, Алтайн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар хойноос 5-10 м/с, говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 10-15 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос 5-10 м/с. 0-2 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 16-нд Алтай, Хангайн уулсаар, 17-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орж, салхи 7-12 м/с, 18-нд нутгийн баруун хагаст, 19-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи 12-14 м/с хүрч цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10  градус дулаан  байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.14-ний өдрийн 15:33 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 2 км замыг туулан 15:41 цагт хүрэлцэн очиж, 05 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн Хангай багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.14-ний өдрийн 20:55 цагт хүлээн авч тус суман дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 2,5 км зам туулан 20:59 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байшин, гарааш, RX-400 загварын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 03.14-ний өдрийн 22:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 7 км замыг туулан 22:50 цагт хүрэлцэн очиж, 01 цаг 30 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Архангай аймгийг Эрдэнэмандал сумын Тээл багийн “Өлөнт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5 км-т/, /Ө 48052/0.0//, У 101045/00/// 03.15-ны өдрийн 02:14 цагт 4,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 03.15-ны өдрийн 02:50 цагт ООГХ-ээс утсаар мэдээлсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас 03.15-ны өдрийн 03:19, 13:35 цагуудад тодруулахад “Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй”  тухай мэдээлсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Хүрээт багийн “Улаанхудаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т/ иргэн Т /62 настай, эрэгтэй/ 03.13-ны өдрийн 13:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.14-ний өдрийн 00:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай, нутгийн захиргааны байгууллагын 4 хүн, 1 автомашинтай, нийт 10 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 03.14-ний өдрийн 08:40 цагт Хүрээт багийн “Хангай нуур” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн.

Амиа хорлолт /аврах/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 03.14-ний өдрийн 21:52 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийн 7 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр 5.2 км зам туулан 22:04 цагт очиж, 14 минут ажиллаж иргэн Ж /39 настай, эмэгтэй/ 7 дугаар давхрын цонхноос унах гэж байсныг буулгаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР