Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Увс аймгуудын зарим нутгаар цас орсон. Баян-Өлгий, Хөвсгөл аймгийн нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос 7-12 м/с. 0-2 градус дулаан байна.

Төлөв байдал: 14-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр  цас орно. Салхи 14-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23  градус, өдөртөө 5-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан  байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд иргэн Г-гийн “Кресс” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.12-ны өдрийн 03:56 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 04:07 цагт очиж, автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж, унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн-Хангай багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.12-ны өдрийн 20:23 цагт хүлээн авч тус аймгийн  Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн  6 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 20:28 цагт очиж,  43 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тус сумын харъяат иргэн Т /60 настай, эрэгтэй/ өртөж, нас барсан байсныг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Багануур дүүргийн 25 дугаар  хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.12-ны өдрийн 21:36 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4  км замыг туулан 21:48 цагт очиж, 20 минут ажиллаж, унтраасан.

Хан-Уул дүүргийн 15 дугаар  хороо, Шувуун фабрикийн автозамын зорчих хэсэгт иргэн С-ийн “Аксент” загварын 80-13 УБТ улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.12-ны өдрийн 22:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5  км замыг туулан 23:00 цагт очиж, автомашины хөдөлгүүрийн хэсэг  шатаж байсныг 5 минут ажиллаж, унтраасан.

Баянзүрх дүүргийн 25 дугаар  хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.13-ны өдрийн 00:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4  км замыг туулан 00:20 цагт очиж, 20 минут ажиллаж, унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.13-ны өдрийн 03:56 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 04:05 цагт очиж, 30 минут ажиллаж, унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 6 дугаар гудамжинд “Старекс” загварын суудлын автомашин жалга руу гулсаж унах гэж байна гэсэн дуудлагыг 03.12-ны өдрийн 23:56 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 16.5 км замыг туулан 00:30 цагт очиж, 14 минут ажиллаж, аюулгүй болгосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР