Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймгийн нутгаар зөөлөн шороон шуургатай байна. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 8-13 м/с, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Ерөө голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж  Онон, Улз, Халх голын голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгаар 15-20 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 7-9 градус дулаан байна.

Төлөв байдал:  13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд зүүн аймгуудын нутгаар цас орж цасан болон шороон шуурга шуурна. Салхи 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь талын нутгаар  14-16 м/с хүрч ширүүснэ. 13-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн  байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, “Да-Хүрээ” техникийн захын хаалганы дэргэд иргэн Б-гийн эзэмшлийн “Бенз” загварын суудлын автомашины моторын хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 11:12 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 3 км замыг туулан 11:17 цагт очиж, 5 минут ажиллаж  унтраасан.

Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд агуулахын зориулалттай барилгын хана, дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 12:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 1 км замыг туулан 12:39 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 21:56 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 5 км замыг туулан 22:05 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны “Төгөл” амралтын газрын дэргэд эзэмшигч нь тодорхойгүй 2 байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.12-ны өдрийн 00:57 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 11 км замыг туулан 01:15 цагт очиж, 01 цаг 20 минут ажиллаж унтраасан. Цагдаагийн байгууллага эзэмшигчийг тогтоохоор ажиллаж байна.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын төв замын зорчих хэсэгт “Хьюндэй” загварын автобус “Ванет” загварын суудлын автомашины араас мөргөж, суудлын автомашины бүхээгт хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 03.11-ний өдрийн 14:04 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 14:16 цагт очиж,  иргэн Б /39 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргаж, ГССҮТөвд хүргэн шилжүүлэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өндрөөс аврах: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 6 дугаар багт хуучин барилга дотор боомилогдож нас барсан хүний цогцос байна, буулгаж өгнө үү гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 16:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 5 алба хаагч, 2 автомашинтай 16:03 цагт очиж, 50 минут ажиллаж, 14 метрийн өндрөөс иргэн Г /26 настай, эрэгтэй/-н цогцсыг буулгаж, Шүүхийн шинжилгээний албанд шилжүүлэн өгсөн.

Бусад: Увс аймгийн Тэс сумын Нуур багийн “Жирээгийн-Адаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ иргэн Н-ийн эзэмшлийн “Ёо Пажиро” загварын суудлын автомашин “Жирээг” голын мөсөнд цөмөрч, суусан тухай дуудлагыг 03.11-ний өдрийн 08:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай 150 км замыг туулан 11:30 цагт очиж,  4 цаг ажиллаж автомашиныг татан гаргаж, эзэмшигчид нь хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР