С.Даваацэрэн: Уламжлалт эмнэлгийн цогц эмчилгээг бий болгохын төлөө ажиллаж байна

0

Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа, Давтан сургалт, сэргээн засах төвийн дэргэдэх “Жаргалант” сувиллын Сэргээн засах, уламжлалтын их эмч, дэслэгч С.Даваацэрэнтэй ярилцлаа.

-Эмэгтэйчүүдийн баяр болох гэж байна. Онцгой байдлын албанд харьяалагддаг эмч бүсгүй хэрхэн баярладаг нь сонирхол татаж байна. Завгүй алба хэдий ч тодорхой хэмжээнд баярладаг байх?
-Эмэгтэйчүүдийн баяраар хамгийн түрүүнд ээжийгээ баярлуулдаг. Би олон эгчтэй. Бүгдэд нь баярын мэнд хүргэж, баярлуулахыг хичээдэг. Мөн олон сайхан бүсгүйчүүдтэй хамт ажил­­ладаг. Манай сувиллын ихэнх эмч, сувилагч эмэгтэй учраас тэ­дэн­тэйгээ баярлана. Сувиллын зү­гээс бүсгүйчүүдээ баярлуулахаар олон үйл ажиллагаа зохион байгуулдаг. Гэнэтийн бэлэг барина, эрчүүд маань хоол хийж өгнө. Гэртээ очоод бас баярлана. Нөхөр, хүүхдүүд маань на­майг чадлынхаа хэрээр л баярлуулна шүү дээ.

-Тэр жилийн эмэгтэйчүүдийн баяраар маш их баярлаж билээ гэж бодогдох дурсамж байдаг байх. Тэр дурсамжаасаа хуваалцаач. Хүнд мартагдашгүй зүйл гэж байдаг даа?
-Нөхрөөсөө их том бэлэг авч, баярлаж байсан. Манайх нөхөр бас цэргийн хүн. Хурандаа цолтой. Надад цэцэг, бялуу авч өгөөд, өөрийнхөө хэмжээнд сайхан баярлуулдаг. Харин тэр жил эмэгтэйчүүдийн баяраар утсаар ярихдаа “ажил ихтэй, баярлуулж амжихгүй шүү” гэсэн юм. Баярлуулахгүй юм байх л гэж бодсон. Орой ирэхдээ чихэр ч юм уу авчирах байлгүй дээ, гэрт хүн байхгүй байгаа байх. Хүүхдүүд хөдөө явчихсан юм чинь гэж бодоод очсон. Гэтэл гэр­тээ том ширээ засчихсан, тоглолтын та­сал­бар аваад хүлээж байсан. Тэр л их гэнэтийн, мартагдашгүй баяр бол­сон доо. Хоёулханаа сайхан орчин бүрдүү­лээд баярласан болохоор бүр ч их гоё байсан.

-Цэрэг, цагдаагийн албаныхан байн­­га бэлэн байдалд байх ёстой. Тийм болохоор баяраар сэтгэл амар, ажилдаа санаа зовохгүйгээр баяр­­лах нь бас хомс байдаг болов уу?
-Манай албаны дүрэмд байдаг. Утас байнга асаалттай байх ёстой. Ажлын онцлогоос шалтгаалаад хамаагүй баяр­лаж болохгүй. Утас байнга хажууд байх хэрэгтэй. Гурваас илүү дуудуулах ёсгүй. Үргэлж л бэлэн байдаг. Утсаа байнга ха­раастай байна. Дууг нь хаана гэсэн ойл­голт байхгүй. Байнга цэнэглэнэ. Цэнэг нь дуусч байна уу гэдгийг харна. Нэгэнт бидний ажил юм чинь дүрэм, журмаа л дагана шүү дээ.

-Ачаалалтай ажилтай, баярлаж ча­дахгүй жил таарна биз?
-Байлгүй яах вэ. Бид ээлжээр жи­жүүрт гарна. Жижүүртэй байж таарвал тэр өдрөө ажлаа л хийнэ. Баяр болж бай­на уу, үгүй юу гэдэг нэг их хамаатай биш. Хүнээ үзнэ, эмчилнэ, асарч сувил­на.

-Сүүлийн үед эмэгтэйчүүдийн эр­хийг хамгаалах өдрөөр бүсгүйчүүд эрхийнхээ төлөө тэмцдэг болмоор байна гэсэн санал их гарах болж. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Эмэгтэйчүүдийн эрх маш ихээр зөр­чигдөж байгаа талаархи мэдээлэл цахим ертөнцөд гарах болж. Нөгөө талаар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр хүмүүс олон ажил хийдэг болж. Миний дунд сургуулийн нэг найз эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг байгууллагын тэргүүн. Түүнтэй байнга хамтарч ажилладаг. Гаргасан санал, уриалгыг нь дэмждэг. Эмэгтэйчүүдийн баяраар зөвхөн баярлаад өнгөрөх биш ганц бие, өрх толгойлсон ээжүүд, өсвөр насны эхчүүдийг дэмжиж, ажлын байраар хангах, туслах санаачилгыг найз маань гаргадаг. Тэр болгоныг нь дэм­жиж ажилладаг юм. Ер нь бол эмэг­тэй­­чүүд баярлахын хажуугаар эрхийн­хээ тө­лөө ч гэсэн тэмцэх хэрэгтэй гэж бод­дог.

-Онцгой байдлын албанд хэзээ орсон бэ. Яагаад энэ байгууллагатай хувь заяагаа холбов?
-Би уламжлалтын эмч мэргэжлээр сургууль төгссөн. Мэргэжлээрээ 10 жил ажилласан. Улаанбаатар хотод долоо, гадаадад хоёр жил ажиллаж байлаа. Сүүлд Онцгой байдлын ерөнхий газрын пэйж хуудсанд эмч авна гэсэн зар гарсныг хараад, энэ ажилдаа орсон юм. Би цэргийн хүн болох хүсэлтэй байсан. Манай нөхөр Зэвсэгт хүчний жанжин штабт ажилладаг, цэргийн хүн. Хүрээлэл цэргийнхэн болохоор их сайхан санагддаг байсан. Өмсч байгаа дүрэмт хувцас нь гоё. Баримталж байгаа зарчим нь хүртэл маш их таалагддаг байлаа. Гэхдээ эмч болохоор тэр салбар руу орчихож чадахгүй байсан юм. Гэтэл энэ сувилалд эмч авна гэсэн зар хараад, ажиллахаар шийдсэн. Хамгийн сайхан санагдсан зүйл нь онцгой байдлын албан хаагчид гэдэг бусдын төлөө амь хайргүй тэмцэж, ажилладаг хүмүүс. Ийм хүмүүст эмчилгээ, тусламж үзүүлнэ гэдэг үнэхээр сайхан. Би хүүхэд байхын л хүнд туслах дуртай байсан. Эмч болох хүсэл хүнд туслах сэтгэлээс минь ургаж гарсан. Хүнд туслаад, тэд надад баярлалаа гэж хэлж байвал би маш их баярладаг. Тиймдээ ч эмч болсон. Би бүр хувийн эмнэлэг нээнэ. Тэр дундаа хүнийг үнэгүй эмчилдэг эмнэлэг нээнэ дээ. Санхүүгээ төслөөр ч юм уу шийдүүлчихвэл бусдын төлөө буян хийнэ гэсэн бодолтой. Одоо ч тэр мөрөөдлөө орхиогүй яваа. Өнөөдөр хүний төлөө бие, сэтгэлээ зориулдаг Онцгой байдлын ажилчдын эрүүл мэндийн манаанд зогсвол, тэднийг илүү эрч хүчтэй ажиллахад тусалбал дам дамандаа олон хүнд тус болно гэж бодож, энэ ажилд орсон. Миний мөрөөдлөөс нэг их хол зөрөхгүй ажил гэж боддог юм. Онцгой байдлын залуус чинь маш хүнд ажил хийдэг. Өнөөдөр миний төлөө л амиа өгч байгаа юм. Би тэр хүнд ямар ч хамаагүй байтал миний төлөө гал, ус руу орно. Ийм сайхан сэтгэлтэй, гэгээн үйлстэй хүмүүсийн төлөө мэддэг чаддаг бүхнээ зориулъя гэж бодож энэ ажилд орсон доо.

-Та хамгийн дуртай ажлуудаа хамтад нь хийж байгаа хүн байна. Маш их сэтгэл хангалуун, аз жаргалтай ажилладаг байх?
-Хийж байгаа ажлаасаа аз жаргалыг мэдэрдэг. Би тоглоомоор найзууддаа хэлдэг юм. Энэ хорвоогийн хамгийн сайхан хувцсыг би өмсдөг. Эмчийн халадыг хүн болгон өмсч чадахгүй. Ха­рин өмссөн хүн бүрт сайхан зохидог. Эм­чийн халад өмссөн байхад хэн ч харсан “Энэ хүн эмч. Надад тусална” гэсэн итгэл сэтгэлийг өвөртөлж явдаг. Цэргийн хувцас ч гэсэн сайхан. Хүн болгонд зохидог. Цэргийн форм өмссөн хүн дэг журам, сахилга батыг харуулж, үлгэрлэж байдаг юм. Би тэгэхээр хамгийн сайхан хоёр хувцсыг өмсч байгаа хүн гэж бахархаж боддог.

-Та гурван тангараг өргөсөн юм байна. Тангараг өргөнө гэдэг бол улсынхаа, иргэдийнхээ өмнө том амлалт өгч байгаа хэрэг шүү дээ. Гэтэл та гурван том амлалт өгчихөж. Их сонирхолтой санагдлаа?
-Эхлээд эмчийн тангараг өргөсөн. Би эмч болно, ёс суртахуун, бүх зүй­лийг чандлан барьж, тэр хүнийг өвчин зовлонгоос нь салгаж өгнө гэж тангараглан ажиллаж байгаа. Мөн онцгой байдлын албан хаагчийн тан­гараг өргөсөн. Энэ албанд ажиллаж байгаа олон залуучуудын нэгэн адил хүний төлөө өөрийгөө золиосолж, амьдралаа зориулна гэсэн тангараг өргөсөн. Түүнээс гадна, цэргийн тангараг өргөсөн. Манай байгууллага өнгөрсөн жил Зэвсэгт хүчний харьяа болоод, цэргийн тангараг өргөсөн юм. Тангарагт үнэнч байна гэдэг бол хийх ажлаа зөв, чанартай хийхийн л нэр. Хэрвээ тэр тангарагтаа үнэнч байж чадахгүй ажлаа хийхээ болино. Энэ бол миний үхэн үхтлээ баримтлах зарчим.

-Онцгой байдлын албан хаагчид болон ард иргэдэд үйлчилдэг “Жар­галант” сувиллынхаа талаар мэ­дээлэл өгөөч. Манай уншигчдын за­рим нь энэ сувиллын талаар мэ­дээлэлгүй байж магадгүй?
-Манай сувилал ИНЕГ-ын харьяанд байсан. Одоо онцгой байдлын албан хаагчид болон иргэдэд үйлчилдэг болж өөрчлөгдсөн. Бид ажил үүргийнхээ хуваарийн дагуу сэргээх засах, уламж­лалт эмчилгээг хийдэг. Голлож онцгой байдлын албан хаагчид, тэдний гэр бүлд үйлчилнэ. Мөн энгийн иргэдэд хүчин чадлынхаа хэмжээнд үйлчилнэ. Өндөр настнууд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлж болно. Мөн эрүүл мэн­дийн даатгал төлдөг бүх иргэд манай­хаас хөнгөлөлттэй үйлчилгээ авах боломж­той. Манай сувиллын гол онцлог гэвэл 20 орчим мэргэжлийн эмч ажилладаг. Бүгд мэргэжлээрээ гурваас дээш жил ажил­ласан. Уламжлалт болон сэргээн засах эмчилгээг хийнэ. Сэргээн засах эмчилгээний орчин үеийн тоног тө­хөөрөмжүүд ч манайд бий. Эмч нар маань олон жил ажилласан учраас өөр өөрсдийн хийх ажлаа дэндүү сайн мэддэг. Бариа засалч гэхэд 15-20 жил ажилласан хүмүүс байна. Бид сар бүр төлөвлөгөөний дагуу хүн бүр шинэ эмчилгээний аргыг шинээр нэвтрүүлж, баталгаажуулж, судалгаа шинжилгээ хийдэг. Бусад сувилалд огт байдаггүй нэг эмчилгээ манайд бий. Онцгой байдлын албан хаагчдад үйлчилдэг гэдэг утгаараа сэтгэлзүйн эмчилгээ хийдэг. Мэргэжлийн сэтгэлзүйч ажилладаг. Онцгой байдлын албан хаагчид гал, ус руу орно. Муугаар хэлэхэд, амиа алдсан олон хүнийг хардаг. Тиймдээ ч сэтгэлзүйн хямралд өртөх нь бий. Гэтэл онцгой байдлын албанд ажилладаг мэргэжлийн сэтгэлзүйч гэвэл гурав, дөрөвхөн хүн бий. 4000 хүнд гурав, дө­рөв­хөн сэтгэлзүйч хүрэлцэхгүй нь ойлгомжтой шүү дээ. Тухайн ажил­лаж байгаа анги, салбарынхаа албан хаагч­дад л үйлчилгээ үзүүлэхээс хэ­тэрч чадахгүй. Харин манай суви­лалд бүх анги, салбараас албан хааг­чид ирж хэвтэж, эмчлүүлдэг. Тэ­дэнд сэтгэлзүйн эмчилгээ хийдэг. Ган­цаар­чилсан, байгалийн сэтгэлзүйн эм­­чилгээг хийж байна. Энгийн ир­гэ­дэд ч гэсэн сэтгэлзүйн эмчилгээ хийнэ. Нойр­гүйдчихсэн, бухимдалд ороод, түү­нээсээ болоод өвчилчихсөн хү­мүүст сэтгэлзүйн ган­цаарчилсан эм­чил­гээг хийдэг. Ма­найд сэтгэлзүйн эм­чилгээний хоёр тан­хим бий. Түүнээс гадна, манайх усан эмчилгээг хийдэг. Үүгээрээ бусад сувиллаас ялгардаг. Усан эмчилгээндээ дэвтээлэг эмчилгээ гэж бий. Уламжлалт анагаах ухаанд таван рашааны дэв­тээлэг гэдэг эмчилгээ юм. Бид эмийн үйлд­вэрүүдээсээ хувь тэнцүүлж, ний­лүүлж хийсэн эмээ авдаг. Түүнийгээ ра­шаан болгож буцалгаад, хүмүүсээ эм­чилдэг. Үе мөч нь өвдчихсөн, хавдсан хүмүүст маш үр дүнтэй. Хий маш сайн дарж өгнө. Жишээлбэл, нэг хүний гар хугараад, буруу бороолоод эдгэчихсэн, тэр нь өвддөг байж болно. Эсвэл үе мөч нь өвдөж байгаа тохиолдолд дэвтээлгээ бага усанд буцалгаад шавар шиг шавчихдаг юм.

-Танай сувилалд ирж үйлчлүүлж буй хүмүүсийг үзээд, сэтгэлзүйн эм­чилгээ хийлгэ гэж та бүхэн зөвлөж, эм­чилдэг юм уу. Эсвэл үйлчлүүлэгч сэтгэлзүйн эмчилгээ хийлгэх хүсэлт гаргасан тохиолдолд эмчлэх үү?
-Өвчтөн ирэхэд хамгийн түрүүнд эмч нар үзнэ. Тэгээд эмчилгээгээ бичиж өгнө. Өнөөдөр та хэсгийн барианд тэдэн удаа орно. Төчнөөн удаа бумба тавиулна гэх мэтээр. Хэрвээ тухайн өвчтөн нойргүйдчихсэн, бухимдлаас үүдэлтэй өвчтэй бол сэтгэлзүйн эмчилгээнд орно гэдгийг нь хэлж өгнө. Бүлгийн эмчилгээ гэж хийнэ. Өнөөдөр 10 хүн ирлээ гэхэд тэдэнд бүгдэд нь сэтгэлзүйн эмчилгээ шаардлагатай бол бүгдийг нь эмч өрөөндөө оруулаад, сэтгэлзүйн эмчилгээгээ хийнэ. Хэрвээ хэн нэгэнд нь бусдад ярихгүй, нууцлах шаардлагатай зүйлтэй хүмүүс байвал ганцаарчилсан эмчилгээ бичиж өгдөг. Сэтгэлзүйч бичсэн эмчилгээг хараад, ганцаарчилж уулзах шаардлагатай хүн бай­вал өрөөндөө оруулаад, яриад, зов­лонг нь сонсоод, эмчилгээ хийгээд гар­гадаг.

-Хотын утаа униар, дуу чимээнээс хол, цэвэр агаарт сувилуулахаар эмчилгээний үр дүн илүү байх уу?
-Манайх хотоос нэг их хол биш. “Буянт-Ухаа-2” хорооллоос урд, Жар­га­лантын аманд. Байгаль сайхантай, ху­сан ойтой. Тиймээс байгалийн сэтгэлзүйн эмчилгээг хийдэг. Түүнээс гадна, цэ­вэр агаар, хүчилтөрөгч гэдэг бол тархины судасны нарийсал, бүхий л төрлийн сэтгэл бухимдал, ядаргаанд нөлөөлдөг. Тиймээс бид ирж сувилуулж байгаа хүмүүстээ өдөрт 15-20 минут заавал цэвэр агаарт гарч, ой руу явахыг зөвлөдөг. Зуны улиралд эмчлүүлж байгаа бүх хүн аваад, ууланд гарч салхилуулдаг. Тэр зуураа яаж эрүүл аж төрөх, хэрхэн хөдөлгөөний идэвхтэй амьдрах. Яагаад нуруу чинь өвдөв. Яаж нуруу өвдөхөөс сэргийлэх вэ гэх мэт зөвлөгөөг өгдөг. Зундаа орой болохоор амрагчдаа бүжигт оруулдаг. Мөн амрагчдын дунд шатар, даам, дартс, ширээний теннисний тэмцээн зохион байгуулж, иргэдийн стрессийг тайлдаг. Цаашид бид эмчилгээнийхээ төрлийг нэмнэ. Сэргээн засах эмчилгээнийхээ тоног төхөөрөмжийг нэмэхээр тө­сөл бичээд өгчихсөн байгаа. Шийдэгд­чих­вэл сэргээн засах төвийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах ч боломжтой бол­но. Ерөөс уламжлалт эмнэлгийн цогц эмчилгээг бий болгохын төлөө ажил­­лаж байна.

-Аль ч уламжлалтын эмнэлэгт байхгүй цогц эмчилгээг бий бол­го­хын төлөө ажиллаж байна гэж ойл­гож болохоор юм байна?
-Сар болгон бид шинэ эмчилгээ оруулж ирж, түүнийхээ дагуу судалгаа хийдэг тухай дээр дурьдсан. Таван эмч бай­лаа гэхэд таван шинэ эмчилгээ нэвт­рүүлнэ гэсэн үг. Эмчилгээний төр­лүүд өдөр өдрөөр нэмэгдээд явдаг. Эмч, сувилагчид маань багц цагийн сур­галтад хамрагддаг. Тэр сургалтаас олж авсан шинэ аргаа нэвтрүүлнэ. Мөн ижил төрлийн сувиллуудаар явж, судалгаа хийдэг. Тэр сувилалд ийм эмчилгээ хийж байгаа юм чинь манайх ч гэсэн болох юм байна гээд л шинээр нэвтрүүлдэг.

-Нийтдээ хэдэн төрлийн эмчилгээ хийдэг вэ?
-Яг тэдэн төрлийн гэж хэлэхэд хэцүү. Маш олон төрлийн эмчилгээ хийж байгаа. Физик эмчилгээний аппарат гэхэд 10 гаруй төрлийнх байна. Тэр болгоноор хүнийг эмчилнэ. Нэг аппа­ратаар хоёр, гурван янзын эмчилгээ ч хийдэг. Тийм болохоор багцалж хэлэх боломжгүй. Бариа заслын эмчилгээнд гэхэд олон өвчтөн орж болно. Аарцаг, нурууны бариа засал хийж байна. Бүтэн биеийн тосон бариа. Тантай тосон бариа гэж бий. Таван төрлийн тосон бариа байдаг. Гоньдтой тосон бариаг тарган, бадгана ихэдсэн хүнд хийдэг. Гажаатай тосон бариаг хөгшид, ядарсан хүмүүст хийх жишээтэй. Их тарган хүмүүсийг тураах эмчилгээнд оруулахын тулд арвайтай бариа хийж байна. Арвайгаар бариа хийдэг учраас гадна талын өөхөн давхаргыг сулладаг. Тэр бариатай хавсруулаад зүү эмчилгээ хийнэ. Цахилгаан зүү тавьж, хоолны дуршлыг бууруулдаг. Гэх мэт хавсарсан эмчилгээнүүд ч бас бий.

-Энгийн иргэд танай сувилалд хэвтэхийн тулд яах ёстой вэ. Зорьж ирээд, үзүүлээд л хэвтчих үү?
-Манай сувилалд ирээд, үзүүлээд хэв­тэж болно. Шээс, цусны шинжил­гээ­гээ хийлгээд аваад ирвэл илүү үр дүнтэй. Уламжлалтын их эмч нар судас бариад, оношилно. Сувилалд хэвтэхэд шаард­лагатай зүйлс бий. Цагаан хэрэглэл, ба­риа заслын даавуу гэх мэт. Мэдээж иргэний үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр хэрэгтэй. Ерөөсөө манайд хэвтэхийг хүссэн хүн бүр чөлөөтэй хандаж болно.

-Хүн уламжлалт эмчилгээ хийл­гээд, сувилалд хэд хоног хэвтвэл өв­чин нь илаарших боломжтой юм бол?
-7-10 хоног хэвтэх хэрэгтэй. Гэх­дээ тухайн хүний өвчний үе ша­таас шалт­гаална. Өвчин нэлээд хүндэрчих­сэн, олон хоногийн эмчилгээ шаардлагатай хүмүүс ирдэг. Ямар өвчтэй, хэр удаан эмч­лэгдэх вэ гэдгээсээ шалтгаалаад курс эмчилгээ хийх шаардлагатай болдог. Эхлээд 10 хоног хэвтэж, эмч­лүүлээд, сар амардаг. Эргэж ирээд да­хиад 10 хоног гэх мэтээр эмчлүүлэх шаард­лагатай хүмүүс ч бий.

 

 

 

Н.Пунцагболд  эх сурвалж:dardas.mn