С.Пүрэвсамдан: Цэргийн хүн тушаал гарсан бол явах ёстой. Тэнд хэрэгтэй болоод л төр намайг томилж байгаа шүү дээ

0

Энэ удаагийн “Онцлох зочин” буландаа Баян-Өлгийн аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамданг урьж ярилцлаа.

-Та ОХУ-ын Иргэний хамгаалалтын академи төгсч ирээд л шууд Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын даргаар томилогдсон. Ийм томилгоо хүлээж байгаа гэдгийг мэдэж байсан уу?

-Мэдээгүй. Би 2016 оны долдугаар сарын 9-нд академиа төгсөөд Улаанбаатарт ирсэн. Яг наадмын үеэр гэсэн үг. Тэр зуны наадам долоо хоног үргэлжилсэн. Тиймээс бид ОБЕГ-ын даргад төгсч ирснээ долдугаар сарын 18-нд илтгэсэн юм. Тэгж илтгэхийн өмнөхөн буюу наадмын өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд үер болоод иргэд олноор хохирсон нөхцөл байдал үүсчихсэн, тэнд удирдлага, зохион байгуулалтын өөрчлөлт хийе гэдэг асуудал яригдсан байсан. Тэгээд л би долдугаар сарын 18-нд шууд Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын даргаар томилогдож, 22-нд ажлаа хүлээж авсан даа.

-Нэлээд хүндхэн нөхцөл байдал үүссэн үед та ажлаа хүлээж авсан юм байна. Таныг ажлаа авахаар очиход байдал ер нь ямархуу байв?

-Үерийн улмаас 160 гаруй өрхийн 1100 орчим иргэн хохирсон гэсэн нөхцөл байдал үүссэн. Хохирсон иргэд төр засгаас яаралтай арга хэмжээ авч, хохирлыг барагдуулах ёстой гэсэн байр суурьтай, учраа олохгүй бужигнасан байдалтай байсан. Үүнээс гадна аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга хоёр нь шинээр томилогдоод гуравхан хонож байгаа, аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн нь шинэчлэн томилогдоогүй байсан. Засаг даргын орлогч нь шинээр томилогдоод, надтай нэг өдөр очиж байгаа юм. Аймгийн дарга нарын өрөөнд хохирсон иргэд ирээд суучихсан, яах ийхээ мэдэхгүй хэдэн хүн, одоо яах вэ гэдэг нөхцөл байдалтай л байсан.

-Тэгэхээр та очоод өрөөндөө цүнхээ оруулж тавиад л шууд ажилдаа орсон байх нь. Хүндрэл, бэрхшээл хэр байв?

-Ажлыг маань Г.Ариунбуян дарга очиж хүлээлцүүлсэн юм. Биднийг очиход манай Б.Ууганбаяр хурандаа, УОК-ын нарийн бичгийн дарга М.Энх-Амар хурандаа нар тэнд ажиллаж байгаад зөрөөд Улаанбаатар руу явсан. Гэхдээ нөхцөл байдал үерийн дараа яг ямар болсон тэр хэвээрээ, усандаа нь усандаа, шалбааг нь шалбаагаараа, иргэдийн бухимдал ямар байдаг билээ, тийм хэмжээнд л угтаж авсан. Иргэд гадаа хашгиралдаад байж байхад “Өө, би ажлаа тухтай хүлээж аваад ажилдаа орно” гэх боломж байхгүй шүү дээ. Шууд л ажилдаа орсон. Мэдээж тактикийн хувьд хэцүү байгаагүй. Тэртэй тэргүй өмнө нь мэддэг л тактик. Харин орон нутгийн онцлог жаахан төвөгтэй байсан. Өлгийнхөн шар шавар, үртэс, үнсийг холиод, цементээр бэхжүүлээд байшингаа барьчихдаг. Тэр нь зориулалтын барилгын материал биш учраас их усанд удаад ирэхээр дэвтээд суулт үүсээд, нурах аюултай болчихсон. Хоёрт, Өлгий хотын инженерийн байгууламжийн төлөвлөлт буруу хийгдсэн учраас урсаад явчих ёстой ус тунаад тогтчихсон. Ийм л нөхцөл байдлын хүндрэлүүд байсан. Тухайн үед Монгол Улсын Засгийн газар маш хурдан арга хэмжээ авснаар 72 цагийн дотор нэн шаардлагатай эхний ээлжийн тусламжууд очиж эхэлсэн. Орон нутгийн зүгээс ч өмнөх дарга, удирдлагууд өөрсдийн хэмжээнд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч, биднийг очиход эрэн хайх ажиллагаа явагдчихсан байсан. Харин сэргээн босгох ажиллагаанд нэлээд хугацаа шаардсан.

-Баян-Өлгий аймаг хэдийгээр Монгол Улсын нэг аймаг ч гэлээ аж төрж суугаа үндэстэн, ястны зан заншил, хэл яриа бусад аймгуудаас илүү онцлогтой. Мэдээж Онцгой байдлын газар ажиллаж байгаа алба хаагчдаас ч энэ онцлог мэдрэгдэх байх. Үүнд хэр дасав. Ямар бодлого барьж ажиллав?

-Онцгой байдлын газрын хувьд миний өмнө туршлагатай дарга нар удирдаж байсан. Тухайлбал, Баттулга хурандаа байна. Манай туршлагатай дарга нарын нэг. Түүний өмнө одоо Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга хийж байгаа Энхжаргал дэд хурандаа 2013 онд анхны монгол даргаар томилогдон очиж байлаа. Тэгээд цэргийн алба бол ийм байх ёстой юм. Жагсаалын талбай ийм байна, шалган нэвтрүүлэх байр ийм байна гэх мэтээр цэргийн албатай холбоотой эхний зүйл заалтуудыг манай Энхжаргал хурандаа босгож тавьсан. Тиймээс цэргийн албыг тэнд зохих хэмжээгээр бүрдүүлчихсэн байсан. Үүнийг иргэд ч хэлдэг. 2013, 14 оноос л Онцгой байдлын газар цэргийн байгууллага гэсэн үнэр, дүр зураг орж эхэлсэн гэж. Үүнээс өмнө арав гаруй жил даргалсан Ерлан хурандаа, дараа нь Өмөрбек хурандаа гээд үе үеийн шилдэг дарга нарын хийж хэрэгжүүлж байсан ажлыг би үргэлжлүүлээд аваад явсан. Гэхдээ хамт олон дотроо гурван зорилт тавьсан.

-Ямар зорилтууд тавьсанаа сонирхуулж болох уу?

-Нэгдүгээрт, офицер бүрэлдэхүүний ур чадварыг дээшлүүлье, хоёрдугаарт, сургалтын чанар үр дүнг дээлшүүлье, мөн алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг сайжруулъя гэдэг гурван зорилт тавиад ажилласан. Манай хамт олон энэ зорилтуудаа бүрэн биелүүлсэн. Ерлан хурандаагаас хойш бараг 20 гаруй жил Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас гадаад сургалтад нэг ч офицер яваагүй юм билээ. Тиймээс 2016 онд ангийн захирагчаар ажиллаж байсан ахлах дэслэгч Ахадхажи гэдэг залууг ОХУ-ын Гал эсэргүүцэх академид явуулсан. Бусад офицеруудаа гадаад, дотоодын богино ээлжийн сургалтад явуулж эхэлсэн. Хашаан дотроо хэрүүл хийгээд өдрийг өнгөрөөхөөс гадагшаа гараад аливааг үзэж харах нь илүү шүү дээ. Мянга сонсохоор нэг үз гэдэг биз дээ.

-Тэгээд ирэхээр залуусын маань ч урам зориг сэргэнэ. Харах өнцөг нь ч өөр болно, тийм үү?

-Тэгэлгүй яахав. Гэхдээ үүнийг Баян-Өлгийн аймгийн Онцгой байдлын газрын дарга ганцаараа хийж чадахгүй. Онцгой байдлын ерөнхий газрын дарга, даргын зөвлөл бодлогоор маш сайн дэмжсэн. Дараа нь дотоод сургалтдаа өөрчлөлт оруулья гэж зүтгэсэн. Баян-Өлгий аймаг маань өндөр уулсын бүс учраас өвөл, хаврын улиралд хүчтэй цасан болон шороон шуурга ихтэй. Үүнтэй холбоотой дуудлага их ирнэ. Дээрээс нь гол, нуур ихтэй учраас усны дуудлага бас ихтэй. Ховд гол гэхэд л дөрвөн сумын нутаг дамжин урсдаг. Мөн баруун таван аймаг дундаа хамгийн их хүн амтай учраас хүн амын төвлөрлийг дагаад асуудал тасрахгүй. Тэгэхээр объектын түймрийн дуудлага бас их. Эдгээр дуудлагуудад Онцгой байдлын газрын хүч хэрэгсэл бэлэн байхын тулд маш сайн сургагдсан байх ёстой.  Тиймээс ахлагч бүрэлдэхүүн, аврагч, гал сөнөөгч, жолооч нар руугаа хандсан сургалтыг түлхүү явуулахыг чухалчилсан.

Тухайлбал, орон нутгийн засаг захиргаатайгаа тохироод Толбо нуурын дэргэд гүний усны дадлага сургуулилт хийх маш тохиромжтой талбай аваад, тэндээ жилдээ хоёроос доошгүй удаа сургалт явуулж эхэлсэн. Манай газарт 2014 онд камаз, 2016 онд Daewoo маркийн том оврын автомашинууд очсон юм. Гэтэл Баян-Өлгийн гудамжнууд нарийхан, ойрхон эргэлтүүдтэй учраас аврагчид маань галын дуудлага аваад цагтаа гардаг ч очих замдаа өнөө нарийхан гудамжуудад маневарлах гэсээр хугацаа алдаад байгаа нь ажиглагдсан. Тэгээд Замын цагдаатайгаа хамтраад жолооч нарынхаа ур чадварыг нэмэгдүүлэх сургалт дадлагуудыг эрчимжүүлсэн. Манай жолооч нар сайжирсан. Намайг томилогдоход миний орлогчоор Анхбаяр гэдэг залуу цуг томилогдсон. Мөн адилхан ОХУ-ын Гал эсэргүүцэх академи төгсөөд ирсэн. Энэ залуу гал сөнөөгчөөс эхлээд газрын орлогч хүртлээ яг энэ чиглэлээр сурч мэргэшсэн хүн. Энэ орлогч дарга маань гал сөнөөгчдийн өдөр тутмын дасгал сургуулиудыг, ангийн тактикийн сургууль, салааны тархалтын сургуулийг яг дүрмийн дагуу ийм байх ёстой гэдэг зарчмын шаардлага тавиад сургаж эхэлсэн. Алба хаагчдынхаа идэвхийг өрнүүлээд, онолын сургалт гэхээсээ илүүтэй дадлага сургуулилт дээр анхаарал  тавьснаар сургалтын чанар сайжирсан.

-Гуравдугаар зорилтоо мөн л бүрэн дүүрэн биелүүлсэн гэдэгт чинь итгэлтэй байна. Яагаад гэвэл, 48 айлын, найман давхар орон сууц оны өмнөхөн ашиглалтад орсон шүү дээ.

-Ажлаа авсныхаа дараа алба хаагчидтайгаа уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсож, судалгаа авсан юм. Тэндээс олон алба хаагч түрээсийн байранд амьдардаг, эсвэл аав, ээжтэйгээ амьдардаг гэх мэтчилэнгээр өөрийн гэсэн орон байргүй юм байна гэдгийг олж харсан. Уулзаад ярилцахад ч алба хаагчид маань “Бид ипотекийн зээлд хамрагдаж, хөнгөлөлттэй үнээр орон сууцтай болмоор байна” гэсэн хүсэлтийг тавьсан.

Тиймээс Онцгой байдлын ерөнхий газартаа Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын мэдлийн газар дээрээ алба хаагчдынхаа байрыг бариулья, зөвшөөрөл өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Ингээд ерөнхий газраас, Барилга, хот байгуулалтын яамнаас бүх холбогдох зөвшөөрөл нь ирсэн учраас орон нутгийн барилгын компаниудын захирлуудтай уулзаж, боломж нөхцлөө ярилцсаар нэг компанийг сонгон гэрээ байгуулаад ажилласан. Бид менежментээ зөв олж чадсан учраас улсын төсвөөс, Онцгой байдлын байгууллагаас нэг ч төгрөг гаргалгүйгээр маш богино хугацаанд барилгаа барьж дуусгасан. Үндсэндээ найман давхар барилгыг зургаан сарын дотор барьсан.

Баян-Өлгий аймагт орон сууцны үнэ мкв-т нь 1200000 төгрөг байгаа. Харин манай алба хаагчид мкв-ын 900 мянга төгрөгөөр байрандаа орсон. Мкв-ын 300 мянган төгрөгийн үнийн зөрүү гэдэг албан хаагчдадаа маш том дэмжлэг болж байгаа юм. Бас манай газарт албаны орон сууц гэж байхгүй. Очсон дарга нар нь түрээсийн байранд амьдардаг. Баруун хязгаарт томилогдож очоод, тэндээ түрээс төлөөд, ар гэр рүүгээ мөнгө явуулна гэдэг асуудалтай шүү дээ. Тиймээс албаны орон сууцтай болох хэрэгтэй гээд сая ашиглалтад оруулсан байрнаасаа 54 мкв хоёр өрөө байр хоёрыг, зургаан автомашины гараштай албандаа авсан. Энэ бол Өлгийн зах зээлийн ханшаар 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалт. Манайхаас нэг ч төгрөг гаралгүй 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирж байгаа юм. Ингэж бид алба хаагчдынхаа нийгмийн асуудлаас гадна албаны бэлэн байдлын асуудлыг давхар шийдэж чадсан. Хамт олон маань сайн дэмжсэн учраас энэ том ажлын ард гарч чадсан. Бид үйлчлэгчээсээ авахуулаад газрын даргаа хүртэл хамт зүтгэсэн.

-Тэгвэл 2018 оныхоо зорилтыг тодорхойлж амжсан уу?

-Би эхлээд нэг юм хэлье. 2017 онд Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар 61 удаагийн дуудлага хүлээн авсан. Үүний 40 гаруй нь объектын түймэр. Үлдсэн нь хүчтэй цасан болон шороон шуурга, үер усны дуудлага. Энэ дуудлагуудад манай алба хаагчид давхардсан тоогоор 120 гаруй хоног ажиллаж, 28 хүний амь нас, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагын 1.3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг гамшигт өртөхөөс авран хамгаалсан байна. Мэдээж биднийг дараагийн зорилтууд хүлээж байгаа. Онцгой байдлын ерөнхий газраас дэвшүүлсэн хоёр зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Онцгой байдлын газрынхаа зорилтыг тодорхойлоод ажилдаа орно.

Дээрээс нь манай депогийн барилга гуравдугаар зэрэглэлийн барилга. Энэ барилгад Онцгой байдлын газар Гал түймэр унтраах, аврах ангитайгаа цуг байрлаж, үйл ажиллагаагаа явуулдаг. Уг нь мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр манай барилгыг гурван давхар болгох боломжтой гэж гарсан юм. Тиймээс бидэнд эдийн засгийн хүндрэлтэй үед шинэ депогийн барилга бариулах мөнгийг улсын төсөвт суулгана гэж цаг алдалгүй орон нутгийн нөөц бололцоондоо тулгуурлаад энэ барилгаа өргөтгөх боломж байна гэдгийг орон нутгийн удирдлагууддаа хэлээд байгаа. Энэ бол зөвхөн Онцгой байдлын газрын барилгыг нэмэгдүүлж байгаа явдал биш, аймгийнхаа ард иргэдийн аюулгүй амьдрах боломжийг бүрдүүлэхийн төлөө хийж байгаа нэг үйл ажиллагаа юм.

Мөн аймгийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт Толбо нуурын эрэг дээр усчин аврагчдын хотхон байгуулах асуудлыг тусгуулж, газраа шийдвэрлүүлсэн. Одоо 2018 онд энэ газартаа ядаж л хашаа хатгах, сургалтын тоног төхөөрөмжүүд авах эхний ээлжийн хөрөнгө оруулалтыг орон нутгаас шийдвэрлүүлье гэсэн бодол байна. Мэдээж офицер бүрэлдэхүүний ур чадвар нэг жилийн дотор сайжирна гэж байхгүй. Тэгэхээр энэ сургалт маань үргэлжлээд явагдана. Шаардлагатай гэж үзвэл зарим офицеруудаа бүс дотроо сэлгэн ажиллуулья, заримыг нь дотоодын сургалтад  суулгая гэх мэт олон зүйлийг бодож, төлөвлөөд ажиллаж байна.

-Ингээд ажлын тухай яриад байвал та бид хоёрын яриа мөддөө дуусахгүй нь. Тэгэхээр хүн бүрийн ажил мэргэжлээ сонгож, амьдралын замд хөл тавьсан түүх өөр өөр байж, сонин содон дурсамж агуулж байдаг учраас С.Пүрэвсамдан гэдэг хүн яаж яваад Онцгойн хүн болсныг сонирхмоор байна?

-Миний төрийн тусгай албанд орсон тохиолдол их сонин л доо. Би эхлээд аав, ээжийгээ дурсах хэрэгтэй болов уу. Миний аав Сосорбурамын Сүхбаатар гэж хүн ббайсан. 2003 онд бурхан болсон. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын уугуул. Ээж Тоомойн Оюунбилэг маань одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа. Аавын маань талын ах дүү нарт цэргийн хүмүүс олон байдаг юм. Тэгээд ч хүүхэд байхад яагаад ч юм бэ цэргийн хувцастай хүмүүс их сайхан харагдана. Гэхдээ би инженер болно гэж боддог байлаа. Тэгтэл намайг 10 дугаар анги төгсдөг жил манай аймагт Цэргийн их сургуулийн инженерийн ангийн ганцхан хуваарь ирсэн. Тэрэнд өрсөлдсөн дөө. Миний аз байсан уу, хүүхдүүд тэр хуваарьт нэг их өрсөлдөөгүй юмуу, мэдэхгүй, би тэр хуваариа авсан.

Сургуулиа төгсөөд тухайн үеийн Зэвсэгт хүчний 122-р анги буюу Иргэний хамгаалалтын механикжуулсан 5-р хороонд шууд ротын захирагчаар томилогдож байлаа. Хамт төгссөн 22 хүүхдээс ганцаараа ротын захирагчаар шууд томилогдсон юм. Тэр анги нь одоогийн манай Аврах тусгай анги. Энэ ангидаа ротын захирагчаас штабын орлогч хүртлээ дэвшиж ажилласан. 2003 онд хууль гарч, 2004 онд Зэвсэгт хүчний 122-р анги буюу Иргэний хамгаалалтын механикжуулсан 5-р хороо маань Гамшгаас хамгаалах тусгай анги болж бүтэц нь өөрчлөгдсөн. Тэр үед Зэвсэгт хүчнээс хүмүүс ирж биднээс цаашид Зэвсэгт хүчиндээ ажиллана гэсэн нь өргөдлөө бичиж өгөөрэй, бид өөр газарт шилжүүлнэ. Энэ ангидаа үлдэнэ гэвэл цаашид статус нь өөрчлөгдөөд явах нь байна шүү гэж санал асуусан. Би саналаараа ангидаа үлдсэн. Сургуулиа төгсөөд иргэний хамгаалалтаас эхлүүлээд энэ хүртэл явж байна даа. Ангидаа ажиллаж байгаад 2011 онд Говь-Алтайн даргаар томилогдсон. 2014 онд ОХУ руу Иргэний хамгаалалтын академид явсан. Ирээд 2016 онд Баян-Өлгий гээд яг л нэг чиглэлээрээ явж байна.

-Цэргийн хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэж нэг үг байдаг даа?

-Хуучин бол тийм үг байсан юм билээ. Одоо бол тэгж ярихаас илүүтэй Цэргийн хүн тушаалаар гэж ярих нь илүү ойрхон сонсогдоод байдаг юм. Нутаггүй гэхээр ер бууж өгдөггүй юм. Цэргийн хүн тушаал гарсан л бол явах ёстой. Тэнд хэрэгтэй болоод л төр намайг томилж байгаа шүү дээ. Мэдээж ар талд хүндрэлүүд бий. Гэр бүл, үр хүүхэд минь намайг томилогдсон газар бүрт дагаад явалтай биш. Хүүхийн сургууль соёл, багш солигдох хүртэл асуудалтай. Бидний ард үр хүүхэд маань үлдэх учраас тэднийгээ зөв хүмүүжүүлэх ёстой. Тиймээс одоо хоёр талд л амьдарч байна. Би тэндээ төрийнхөө албыг гүйцэтгээд, эхнэр хотод үр хүүхдээ өсгөөд л явж байна.

-Хөдөө орон нутагт томилогдон ажиллаж байгаад ОХУ руу явчихсан. Сургуулиа төгсч ирээд хотод суурьших болов уу гэсэн бодол гэргийд чинь байсан л байх. Баян-Өлгийд томилогдлоо гэдгийг гэрийнхэн чинь хэрхэн хүлээж авсан бэ?

-Хүний л хань юм чинь хамт байхыг хүснэ шүү дээ. Би ч гэсэн хүн юм хойно гэр бүлтэйгээ хамт байхсан гэлгүй яах вэ. Гэхдээ өнөөдөр ийм л байна. Тушаал бол тушаал. Өөрийн тань хэлдгээр хөдөө ажиллаж байгаад явсан юм чинь ирээд төвдөө ажиллах байх гэсэн бодол гэргийд маань байсан байх. Би бол цэргийн хүн учраас хаашаа ч томилж болно гэсэн сэтгэлзүйн бэлтгэлтэй байсан. Тэртэй тэргүй би сургуульд нь яваад ирсэн юм чинь.

Гэхдээ л Баян-Өлгийд томилогдсоноо нэлээд халгаж байгаад ийм шийдвэр гарчээ гэж хэлсэн дээ. Манай хүн их тайван хүн л дээ. Тэгсэн нэлээд бодож байснаа “За одоо тэгвэл яах вэ дээ. Чи ажлаа бод, би амьдралаа бодъё” гэж байгаа юм. /инээв/ Тэгээд хүүхдүүдтэйгээ хотдоо үлдээд, би ажлаа хөөгөөд л тийшээ явсан даа.

-Одоо хүүхдүүд чинь хэр том билээ?

-Би гурван хүүхэдтэй. Том хүү Эрдэнэбаяр маань Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийн 1-р курсын оюутан. Охин Нарансолонго маань “Тольт” сургуульд гуравдугаар анги. Хамгийн бага охин маань намайг хойно Москвад байхад төрсөн юм. Цэлмэнгийх гэж охин байгаа.

-Ямар ховор, содон нэр вэ?

-Энэ их учиртай. Эхнэр төрөөд гурав хонож байтал Т.Бадрал генерал Москвад ирдэг юм, ажлаар. Би тэр үед үндэсний группийн дарга байсан учраас даргыг хүлээж аваад, нөхцөл байдлаа танилцуулах үүрэгтэй. Тэгээд даргатай үдийн цай уугаад сууж байтал гэнэтхэн “Хүүхэддээ нэр өгье. Эмээ, өвөө нь нэр ирүүлнэ гэсэн. Чи бас нэр ирүүлээч” гэж эхнэрийн ярьсан нь санаанд ороод “Дарга аа, эхнэр төрчихсөн. Гурван хонож байна. Охинтой болсон. Ээж нь намайг нэр явуул гэсэн юм. Ийм үед таныг ирсэнд би их билэгшээж байна. Та нэг нэр хэлээч. Таны өгсөн нэрийг би охиндоо өгье” гэлээ. Тэгсэн нь дарга болох юм уу гээд нэлээд бодож байснаа надад хоёр нэр хэлсэн юм. Нэг нь Соёнгийх, нөгөөх нь Цэлмэнгийх гэж.

Би ийм нэр өмнө нь сонсож байгаагүй учраас даргаас ерөөсөө сонсч байгаагүй нэрүүд байна, ямар учиртай нэрүүд вэ гэхэд “Ийм хоёр хүүхэд байдаг юм. Аав нь их мундаг хүн бий. Би таньдаг юм. Ганцхан нэр хэлмээргүй байна. Чи өөрөө зөвшөөрч байгаа бол энэ хоёр нэрнээс сонгоод нэгийг нь охиндоо өг” гэсэн. Тэгээд гэртээ ирээд жаахан бодож байгаад эмэгтэй хүүхэд юм чинь Цэлмэнгийх гэдэг нэрийг нь өгье гэж шийдээд эхнэр рүүгээ хэлсэн юм.

Тэр үед эгч нь бас дүүдээ нэр өгөх гээд бодчихсон байж л дээ. Манайх хэзээнээсээ л хүүхдүүдийнхээ нэрийг будаанд хийгээд шигшчихдэг юм. Тэр уламжлалаараа хүмүүсийн өгсөн нэрүүдийг будаанд хийгээд шигшсэн чинь Цэлмэнгийх гэдэг нэр гараад ирж. Тэгсэн эхнэр маань эгчийнх нь хүслийг бодоод буцаагаад хийчихсэн байгаа юм. Тэгээд дахиад шигшсэн чинь дахиад гараад ирсэн гэсэн. Тэгээд л өгчихсөн. Ийм л учиртай нэр.

-Сонин сайхан түүх байна. Тэгвэл ажил, амьдралын замд огт мартагдашгүй дурсамж болон үлдсэн зүйлүүд бас байдаг. Тийм дурсамжаасаа хуваалцаач гэвэл?

-Ярьвал олон сонин түүх, дурсамжууд бий л дээ. Аврах тусгай ангид ажиллаж байхад Минжийн хангайн түймэрт явсан юм. Оныг нь мартчихаж. Манай ангиас 20 хүн, Төв аймгаас Төмөрбаатар 20 хүнтэй, Багануураас бас 20 хүн Мөнгөнморьт дээр нийлээд Минжийн хангайн түймрийг унтраахаар явлаа. Сумынхан араас гурав хоногийн дараа хүнс хүргэж өгөх ёстой. Бид түймрээ хөөгөөд бүүр цаашлаад даян руу гараад явчихсан чинь араас хүнсний хангалт ирдэггүй. Гурав хонолоо, хүнс дууслаа. Хувийн үүргэвчнийхээ жоороор дахиад хоёр хонолоо. Ус уугаад л яваад байдаг. Хүн олон хоног өлсөөд ирэхээр сэтгэлзүйд нь өөрчлөлт орж эхэлдэг юм. Үүрэг өгөхөөр өөдөөс уцаарлана, тэрийгээ өөрөө ч мэдэхгүй гэх мэтийн асуудлууд байлаа.

Тэр үед манай Лхагвадорж гэдэг ахлагч бидний “баавгай” гэж нэрлэдэг үлээгч аппарат үүрч явдаг. Өнөөх нь эвдэрсэн юмуу, ажиллахаа больчихсон байсан юм. Тэгээд явж байтал хоёр бамбарууш модонд авираад гарчихсан байхтай манайхан тааралдаад, сонирхоод дөхөөд очихгүй юу. Тэгтэл цаанаас нь эх баавгай нь гараад ирж. Мэдээж бамбаруушаа харамласан баавгай хамгийн аюултай. Тэгсэн нь хамгийн түрүүнд өнөө Лхагвадорж явж байгаад баавгай харуутаа сандраад өөрийнхөө “баавгай”-г татсан чинь өнөө асдаггүй “баавгай” нь асчихаж. Мотор хүржигнээд ирэхээр нөгөө эх баавгай ч ашгүй буцаад явсан байгаа юм. Асаагүй бол яах ч байсан юм билээ.

Бас нэг удаа бид дүн өвлөөр Хөвсгөл далай руу дуудлагаар явсан юм. Бидний үед одоогийнх шиг усны шумбалтын иж бүрэн хувцас байдаггүй байлаа. Гэтэл өвөл нэгдүгээр сард Хөвсгөл далайд машин цөмөрч орчихоод бид очлоо. Усны хувцас байхгүй болохоор L1-ийг өмсгөөд, завсар зайг нь скочоор дараад л аврагчдаа ус руу оруулна. Тэр хүйтэнд хүн усанд үсрээд л хоёр минут болно. Гараад ирэхэд хамар, чихний үзүүр нь хөлдчихсөн байна. Тэгсэн мөсний эрэг дээр байгаа иргэд “Наад муу төмөр чинь ямар хамаатай юм бэ. Хүн аллаа. Хүүхэд аллаа” гэж бидэн рүү уурлаад бөөн юм болж байсан гээд иймэрхүү сонин тохиолдлууд олон бий. Гэхдээ энэ бүгд дандаа ард иргэдийн аюулгүй байдлын төлөө аврагчид маань амь насаа үл хайрлан зүтгэж байсны л баталгаа юм даа.

-АТА-д 10 жил болчихоод анх удаа хөдөө орон нутагт томилогдоход ямар мэдрэмж төрж байв?

-Хүн нэг газраа 10 жил болохоор байгаа орчиндоо дасчихдаг юм билээ. Говь-Алтайн даргаар томилогдсон томилолт бас л гэнэтийн байсан. Тэр үед манай ангийн захирагч Батмөнх хурандаа байсан юм. Батмөнх хурандаа нэг өдөр ерөнхий газар дээр Амгаланбаяр дарга дуудаж байна гэдэг юм байна. Дарга дуудлаа гэхээр муу л юм бодож байгаа юм чинь. Яваад очсон чинь нааш суу гэж байна. Өмнө нь ганц хоёр удаа өрөөнд нь орохдоо үүдэнд нь зогсч байгаад л буцаж байсан болохоор чихэндээ итгэсэнгүй. Тэгээд суулаа. Тэгсэн Амгаланбаяр дарга ангийн захирагч руу залгаад, утсаа чанга яригч дээр нь тавиад ярилаа. Захирагчаа тантай нэг яриа байна. Би танай Пүрэвсамданг хөдөө явууллаа гэлээ. Захирагч ч цаанаас нь “Өө тэгэлгүй яахав, манай Самдан чинь их сайн залуу. Олон ч жил ажилласан. Одоо хөдөө гадаа явахад асуудал байхгүй, миний хувьд татгалзаад байх юмгүй ээ” л гэж байна. Дарга ч утсаа таслаад, за хөдөө явна аа гэлээ. Миний хоолой дээр “хаашаа” гэдэг асуулт тулж ирээд байсан ч асууж чадалгүй, “Мэдлээ” гээд босоод зогссон чинь яв гэж байна. Гүйцэтгэе гээд л хаашаа явахаа ч  мэдэж чадалгүй гараад явсан. Эхнэртээ очоод хөдөө яв гэнэ, хаашаагаа ч мэдсэнгүй гэтэл асуухад яадаг юм бэ, чи л гэж байна.

Говь-Алтай явна гэдгээ даргын зөвлөлөөр орохдоо л мэдсэн. Ямар сайндаа гарч ирээд нэг мэргэжилтний өрөөнд ороод газрын зураг дээрээс нь Говь-Алтайг хайж байгаа байхгүй юү. Тэгсэн чинь 1000 км-ын цаана байгаа юм чинь. Гэтэл одоо түүнээсээ холд оччихоод сууж байна.  Одоо үүнээс цааш газар үгүй ээ гэж би заримдаа хошигнодог юм.

-Тэгвэл таны бахархал гэвэл…?

-Аав, ээжээрээ бахархана. Төрсөн нутаг усаараа бахархана. Энэ хүртэл явахад миний хажууд үргэлж байсан ханиараа бахархана. Хамт олноороо бахархана. Хамт олонгүй бол би хэн юм бэ. Нэг л бие хүн шүү дээ. Хамт олон байгаа учраас Пүрэвсамдан гэж хүн гарч ирж байгаа юм.

Ийнхүү албаны яриагаар эхэлсэн бидний ярилцлага инээд хөгжөөнтэй адал явдлаар өндөрлөж байна. Хийж бүтээх их үйлсийн зам нь мөнхийн гэгээн гэрэлтэй байг ээ.

“Онцгой мэдээ” сонин