Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн зарим сумдад бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 7-12 метр, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 15-20 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с. 15-17 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 20, 23-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20, 21-нд ихэнх нутгаар, 22, 23-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. 20-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа бүх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 46-51 градус, өдөртөө 35-40 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,  Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар  шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд “Талх чихэр” ХК-ийн нарийн боовны үйлдвэрийн чанах цехийн цахилгаан тогоо шатаж байна гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 08:18 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 08:23 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд хураалттай 700 боодол өвс, 20*40 метрийн хэмжээтэй саравч шатаж байна гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 06:20 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 06:56 цагт очиж, 06 цаг ажиллаж, нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 06:59 хүрэлцэн очиж  03 цаг тус тус ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Бургастайн гарам” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 35 км-т/ Өмнөговь сумын төвөөс “Хар тарвагатайн” нүүрсний уурхайн чиглэлд зорчиж байсан 60-65 УВА улсын дугаартай “Зил-130” загварын чиргүүлтэй ачааны автомашин онхолдсон тухай дуудлагыг 01.18-ны өдрийн 14:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн Эрэн хайх, аврах бүлгийн 3 алба хаагч, 1 текник хэрэгсэлтэйгээр 16:40 цагт очиж, 30 минут ажиллаж автомашиныг татаж босгосон.

4.Үйлдвэрлэлийн осол:

Ахуйн осол, гэмтэл: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Айраг багт 2 иргэн жорлонгийн нүхэнд унасан тухай дуудлагыг 01.18-ны өдрийн 19:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 7 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 19:19 цагт очиж, 10 минут ажиллаж, 4 метрийн гүнтэй жорлонгийн нүхэнд унасан иргэн С /25 настай, эрэгтэй/, М /35 настай, эрэгтэй/ нарыг гаргасан.

Үйлдвэрлэлийн осол: Төв аймгийн Баян сумын Цавчир багийн “Бөөрөлжүүт” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайн 50*100*4 метрийн хэмжээтэй цөөрмийн усанд тус уурхайн шахуургын ажилтан Г /24 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 01.18-ны өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 14:15 цагт очиж, 45 минут ажиллаж, цөөрмийн эргээс 20 метрийн зайд, 3.5 метрийн гүнээс цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн “Хагшаал” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 17 км-т/ тус сумын харьяат малчин Б-гийн хүү Б /7 настай, эрэгтэй/ 01.14-ний өдрийн 13:00 цагт “Булган” голын мөсөн дээр тоглож байгаад харзны усанд унаж, осолдсон тухай дуудлагыг 01.14-ний өдрийн 19:15 цагт хүлээн авч 01.18-ны өдрийн байдлаар аймгийн Онцгой байдлын газрын 29 алба хаагч, цагдаагийн хэлтсийн 8 алба хаагч, орон нутаг, ар гэрийн 63 хүн, нийт 100 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр 28 цооног гаргаж, 3 усчин аврагч 30 удаа, нийт 01 цаг 18 минутын турш шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР