Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн нутгаар бага зэргийн цас орсон.

Өнөөдөр:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн уулархаг нутаг болон говийн аймгуудын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор,  Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 градус, Их нууруудын хотгор, болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 12-17 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с.13-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 15, 16-нд нутгийн зарим газраар, 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд  зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь тал хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Увс нуур, Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 28-33 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаа чиглэлийн автозамын зорчих хэсэгт иргэн Б-гийн 50-96 УБН улсын дугаартай, “Девоо” загварын автобус шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 21:42 цагт хүлээн авч тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 21:51 цагт хүрэлцэн очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 02:32 цагт хүлээн авч тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 02:40 цагт хүрэлцэн очиж,20 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баян-Өлгий аймгийн Бугат сумын Буга багийн “Их хөндий” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км/ тус сумын харьяат иргэн О /23 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 01.10-ны өдөр Өлгий сумын төвөөс Бугат сумын төвд гэртээ харих гэж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 01.12-ны өдрийн 14:43 цагт хүлээн авч тус аймгийн Бугат сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан 2 алба хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 24 иргэн 3 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Бусад: Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Борхошуу багийн “Жороогийн тариалан” гэдэг газар /Хархорин сумын төвөөс урд зүгт 80 км-т/ 59-22 ӨВО улсын дугаартай “Бонго” загварын, 3 зорчигчтой автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2018.01.13-ны өдрийн 19:10 цагт хүлээн авч Хархорин суман дахь Онцгой байдлын хэлтэсийн 3 алба хаагч,1 техник хэрэгсэлтэйгээр 21:50 цагт хүрэлцэн очиж, 45 минут ажиллаж, татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР