Н.АМАРБАЯСГАЛАН: Албаа хүндэлж байгаа хамгийн энгийн илэрхийлэл нь дүрэмт хувцсаа зөв, сайхан өмсөхөөс эхэлнэ

0

Хуучин он хулжин одохоор зэхэж, шинэ он хаалга тогшиж байна. Айлчлан ирж буй шинэ оны босгон дээр бид жилийн ажлаа дүгнэн хэлэлцэж, амжилт бүтээлийн эздээ тодруулдаг уламжлалтай. Тэгвэл улиран одож буй 2017 ондоо ажил бүтээлийн амжилтаараа бусдыгаа хошуучлан “Оны шилдэг дуудлага хүлээн авагч”-аар шалгарсан НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн шуурхай зохицуулалтын оператор, ахлах ахлагч Н.Амарбаясгаланг бид энэ удаа урьж ярилцлаа. Ингээд түүнтэй хэрхэн хөөрөлдсөнөө толилуулья.

-Юуны өмнө “Оны шилдэг дуудлага хүлээн авагч”-аар шалгарсанд тань баяр хүргэе. Таны хувьд  энэ жил амжилт бүтээлээр дүүрэн байсан бололтой?

-Баярлалаа. Шинэ оноо амжилт бүтээлээр дүүрэн угтаж байгаадаа баяртай байна. Анх 2002 онд Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангид дуудлага хүлээн авагчаар ажилд орсноос хойш 15 жил болжээ. Энэ хугацаанд ажилласан ажил хөдөлмөрөө өндрөөр үнэлүүлж, шилдэг ажилтны нэгээр шалгарлаа. Хүн ардынхаа сайн сайхны төлөө ажилладаг болохоор шагнал минь хүртэл үнэ цэнэтэй, сэтгэл догдлол дүүрэн байсан шүү.

-Аливаа аюул ослын дуудлагыг хамгийн эхэнд хүлээн авч, мэдээллийг дамжуулна гэдэг тийм ч амар ажил биш биз?

-Тийм шүү. Утас дуугарахаар л хаана юу болж байгаа бол гэж бодохоос өөрийн эрхгүй түгшинэ. Иргэд маань ихэнхдээ тэвдэж сандарсан байдаг учраас мэдээллээ буруу өгөх, дутуу хэлэх зэрэг асуудал гарна л даа. Гэхдээ тухайн нутаг дэвсгэрийнхээ мэдээллийг мэддэг учраас дуудлага авангуутаа гал унтраах ангийнхаа аврагчдыг гаргаж, тухайн дуудлагын нөхцөл байдал, мэдээллийг холбогдох дарга нартаа уламжилж мэдээллэнэ. Дуудлагын дагуу аврагчид маань ажиллаж хүний амь нас, эд хөрөнгийг нь авран хамгаалаад ирэх тэр мэдрэмж үгээр хэлэхийн аргагүй байдаг. Баяр, бахдал өөрийн эрхгүй төрж, албаараа их бахархдаг.

-Энэ жил  хичнээн дуудлага хүлээн авсан бэ?

-Зөвхөн гал түймрийн 174 удаагийн дуудлага хүлээн авсан байна. Ер нь хаврын улиралд гал түймрийн дуудлага эрс нэмэгддэг. Нэг өдөр гэхэд  60 удаагийн гал түймрийн дуудлага хүлээн авч байсан үе ч байгаа. Зун, намартаа үер усны дуудлага, өвлийн улиралд зам даваа, халтиргаа гулгаа гээд аюул осол бүрээсээ шалтгаалан дуудлага нэмэгддэг. Мөн иргэд маань утас андуурч орж ирэх, тоглох зэргээр дуудлага өгнө. Ер нь ихэнх дуудлагын 60 гаруй хувь нь хуурамч дуудлага байдаг байсан. Сүүлийн үед харьцангуй буурсан.

-Тэгвэл өөрийн тань бусдаас ялгарах гол чанар юу вэ?

-Ажилдаа дурладаг зан юм болов уу. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлчихээд сууж байх ч сайхан шүү. Мөн сагсан бөмбөгийн спортын мастер цолтой тамирчин гэдгээрээ ялгарах байх. Учир нь илүү тэвчээртэй,  хурдан ойлгож, бусадтай багаар ажиллах тал дээрээ давуу талтай гэж боддог.

-Хэзээнээс эхэлж сагсан бөмбөгийн спортод “дурлаж” эхлэв?

-Арван жилд байхаасаа хичээллэж эхэлсэн. Өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн гээд бүх ангиллын улсын аварга шалгаруулах тэмцээнд удаа дараа тэргүүлж, спортын мастер цолыг 2010 онд хангасан. Сагсан бөмбөгийн спортын хувьд 35 наснаас дээш ахмадын ангилалд хамаардаг. Сүүлийн дөрвөн жил ахмадын ангилалд тоглож, энэ төрөлдөө бас дөрвөн удаагийн аварга болсон. Спортын ач гавьяагаар олон хүнтэй найзалж, нөхөрлөж, олонд хүндлэгддэг гээд давуу тал олон бий.

-Ингэхэд таны хамгийн дуртай гоёл…?

-Дүрэмт хувцас маань. Дүрэмт хувцсаа ном журмынх нь дагуу өмсч хэрэглээд биеэ зөв сайхан авч явахыг хичээдэг. Учир нь дүрэмт хувцсаа өмсөөд гадуур явахад хүмүүсийн нүдэнд өөрийн эрхгүй тусдаг. Тиймээс хувцсаа зөв сайхан өмсөхөөс л албаа хүндлэх, ард иргэддээ эерэг бодлыг төрүүлэх эхлэл тавигддаг гэж бодож хичээдэг дээ.

-Гэр бүлээ танилцуулаач?

-Нөхөр, гурван хүүхдийн хамт ам бүл тавуулаа амьдардаг. Манай хүн  ширээний теннисний  спортын дасгалжуулагч багш. Хоёр охин маань бас спортод их элэгтэй. Багаасаа л спортоор хичээллэж эхэлсэн. Одоо хоёулаа ширээний теннисний улсын шигшээ багийн тамирчид болсон. Ер нь хүүхдийг багаас нь төлөвшүүлэхэд спорт их чухал. Эцэг эх нь  хүүхдээ дэмжээд өгөхөд л болно гэж боддог.

-Удахгүй шинэ жил гарах нь. Танай гэр бүлийн хувьд шинэ жилийн баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Миний хувьд баярын өдрөөр ихэвчлэн ээлжтэй таардаг. Өнгөрсөн жил гэхэд ажлаа хийгээд л оноо гаргасан. Энэ л бидний мэргэжлийн онцлог юм даа. Гэхдээ баярын өдрөөр ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангаад ажиллана гэдэг сайхан шүү.

-Хамгийн сэтгэлд үлдсэн шинэ жилийн дурсамжаасаа хуваалцаач?

-Бүх л шинэ жил дурсамж дүүрэн байдаг. Өнгөрсөн жил хэдий ажилтай байсан ч баярын гэнэтийн бэлэг авч байлаа. Залуус сайн дураараа нэгдэж баяраар ажиллаж байгаа алба хаагчдыг баярлуулж явсан юм билээ. Ер нь ажил, амжилтын эхлэл болж, шинэ боломжийг олгодог учраас бүх шинэ жилийн баяр дурсамж дүүрэн байдаг даа.

-Баярлалаа. Шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг бэлгэдэе?

-Баярлалаа. Онцгой байдлын байгууллагынхаа удирдлага, нийт бие бүрэлдэхүүндээ болон нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олондоо шинэ оны баярын мэнд хүргэе. Та бүхний минь ажил үйлс үргэлж өөдөө байж, амжилт бүтээл дүүрэн, аз жаргалаар бялхам байхын ерөөлийг дэвшүүлье.

 

 “Онцгой мэдээ” сонин