Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн нутгаар бага зэрэг цас орж шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутаг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 25-30 градус, Их нууруудын хотгор болон Алтайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав, говийн нутгийн хойд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос 7-12 м/с, 14-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 12-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд зарим нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. 10-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар өдөртөө  хүйтний эрч суларч Увс нуур, Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Хэрлэн, Улз, Онон голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

2.Объектын гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр хороонд “Билл глоби” ХХК-ийн харуулын байрны дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 01.08-ны өдрийн 10:44 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10:52 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Хилчин”-ий 17 дугаар гудамжинд гүний худгийн байрны дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.08-ны өдрийн 16:16 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр, унтраах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 16:30 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.08-ны өдрийн 13:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн нийт 6 алба хаагч, 2 автомашинтай 13:07 цагт очиж 27 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багт иргэн А-гийн эзэмшлийн 14-87 ДАР улсын дугаартай “Ниссан Санни” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.08-ны өдрийн 22:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 22:50 цагт очиж  15 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.08-ны өдрийн 06:14 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 8 алба хаагч 2 автомашинтай 06:23 цагт очиж 57 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд хашаанд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 01.09-ний өдрийн 00:27 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 00:40 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Үнээн-Ус багийн “Оргих” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 75/ Улаанбаатар хотоос-Баян-Өлгий аймгийн чиглэлд зорчиж явсан 37-06 УБҮ улсын дугаартай 2 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.08-ны өдрийн 13:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашинтай 17:40 цагт очиж цасанд суусан автомашиныг олоогүй тул 01.09-ний өглөө эрэн хайхаар болсон.

Төв аймгийн Архуст сумын Ноён шанд багийн “Булагтай” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ Төв аймгийн Архуст сумаас-Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 15-97 УНР улсын дугаартай 1 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.08-ны өдрийн 17:19 цагт хүлээн авч Нийслэлийн Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 18:00 цагт очиж 10 минут ажиллаж цасанд суусан автомашиныг татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР