Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт:  Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Эг, Үүр, Туул голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 14-19 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 10-12 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 11-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12,13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө  19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

2.Объектын гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Үйлдвэрийн район “Дархан мах миат фүүдс” ХХК-ийн оффиссын байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 12.09-ний өдрийн 07:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтайгаар 07:58 цагт хүрэлцэн очиж, 30 минут ажиллаж унтраасан.

 

Хувийн өмчид гарсан: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт иргэн Э-гийн 48-96 АРА улсын дугаартай, “Портер” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.10-ны өдрийн 04:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 5  алба хаагч, 1 автомашинтайгаар 04:19 цагт хүрэлцэн очиж, 23 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд байшин, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08:53 цагт хүлээн авч тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 09:02 цагт хүрэлцэн очиж, 50 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 7 дугаар хороонд чингэлэгт авто сэлбэг, байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.09-ний өдрийн 03:37 цагт хүлээн авч тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 03:53 цагт хүрэлцэн очиж, 50 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Эмт багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.09-ний 19:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 12 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 20:03 цагт хүрэлцэн очиж, 10 минут ажиллаж унтраасан.

3.Тэсэрч дэлбэрэх материалын осол:

Ахуйн шингэрүүлсэн хийн осол: Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хороонд ахуйн газ дэлбэрч хүн гэмтсэн байна гэсэн дуудлагыг 12:09-ний 22:21 цагт хүлээн авч тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 22:24 цагт хүрэлцэн очиж, 10 минут ажиллаж иргэн Б /36 настай, эрэгтэй/, Б /17 настай, эрэгтэй/ нар түлэгдсэн байсныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

4.Зам тээврийн осол:

Автозамын осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туул голын гүүрэн дээр 2 машин мөргөлдөж төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 12.09-ний өдрийн 13:28 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 13:47 цагт хүрэлцэн очиж, 30 минут ажиллаж 47-03 УНП улсын дугаартай “Приус” загварын автомашин, 69-20 УБЛ улсын дугаартай “Портер” загварын автомашинууд мөргөлдөж иргэн Т /36 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан зүүн хөл нь гэмтсэн байсныг ГССҮТ-ийн эмчид  хүлээлгэн өгсөн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын иргэн Д /39 настай, эрэгтэй/ 11.26-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.01-ний өдрийн 17:50 цагт хүлээн авч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн 11 алба хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 31 иргэн, 4 морьтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Баруунбүрэн сумын Бургалтай багийн “Номгоны-Өвөр” гэдэг газраас /сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ иргэн Д-гийн 45-76 СЭҮ улсын дугаартай “Истана” загварын автомашиныг 12.01-ний өдрийн 09:40 цагт олсон.12.10-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, 1 автомашин, ар гэр, орон нутгийн 23 хүн, 2 автомашин, 2 автомашин, нийт 33 хүн, 6 автомашинтайгаар иргэн Д-гийн автомашин олдсон цэгээс хойд зүгт, мөн газраас зүүн зүгт эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагаа түр зогсоосон.

Бусад: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн “Үхэр чулуу” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 15 км-т/ иргэн Ж-гийн 65-01 СҮЭ улсын дугаартай “Портер” загварын 1 зорчигчтой  автомашин цасанд суусан тухай дуудлагыг 12.10-ний өдрийн 01:10 цагт хүлээн авч тус аймгийн Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах аврах 47 дугаар ангийн 2 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 02:40 цагт хүрэлцэн очиж, 40 минут ажиллаж, автомашиныг цаснаас татан гаргасан.

Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Хөшигтийн хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 16 км-т/ 78-39 УНТ улсын дугаартай “Приус 20” загварын автомашин болон 11 зорчигчтой 2 автомашин цасанд суусан тухай дуудлагыг 12.09-ний өдрийн 16:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 19:30 цагт хүрэлцэн очиж, 45 минут ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР