Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Эг, Үүр, Туул голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 14-19 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр  8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, ялимгүй цас орно, салхи баруун хойноос 6-11 м/с,  9-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 10-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 10-нд говь, тал, хээрийн нутгаар, 13-нд Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө  19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

2.Объектын гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд “Велл Март” ХХК-ийн баригдаж байгаа барилга шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 14:48 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 17 алба хаагч, 4 автомашинтай 14:57 цагт очиж 01:45 цаг, мөн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 14:54 цагт очиж 01:35 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд “Стандарт Бороо борти” ХХК-ийн уурын зуух шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 10:59 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 11:07 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Капитал центр”-ийн байранд цахилгаан хувиарлах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 20:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 21:01 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 26 иргэнийг гаргасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.09-ний өдрийн 03:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 03:47 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын иргэн Д /39 настай, эрэгтэй/ 11.26-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.01-ний өдрийн 17:50 цагт хүлээн авч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн 11 алба хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 31 иргэн, 4 морьтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Баруунбүрэн сумын Бургалтай багийн “Номгоны-Өвөр” гэдэг газраас /сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ иргэн Д-гийн 45-76 СЭҮ улсын дугаартай “Истана” загварын автомашиныг 12.01-ний өдрийн 09:40 цагт олсон.12.08-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, 1 автомашин, ар гэр, орон нутгийн 23 хүн, 2 автомашин, 2 автомашин, нийт 33 хүн, 6 автомашинтайгаар иргэн Д-гийн автомашин олдсон цэгээс хойд зүгт, мөн газраас зүүн зүгт эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагаа түр зогсоосон. 12.09-ний өдөр эрэн хайх ажиллагаа үргэлжилнэ.

Бусад: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтан тал багийн “Хунтын гарам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 25 км-т/ “Онги” голын мөсөн дээр тус аймгийн Арвайхээр сумын харьяат иргэн Л /24 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ наалдаж хөлдөн нас барсан байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 19:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашинтай 19:58 цагт очиж 35 минут ажиллаж цогцсыг мөснөөс салган аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР