Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с. Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 14-19 градус, говийн бүс нутгаар 2-7 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 14-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 12-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд зарим газраар, 14-нд ихэнх нутгаар, 15-нд говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 14, 15-нд хүйтний эрч чангарна.

2.Объектын гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Идэр-Улаан багт орон сууц шатаж байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 01:22 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтайгаар 01:27 цагт очиж, 00:12 цаг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Ч /46 настай, эрэгтэй/ өртөж, угаартсан байсныг аварч, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.10-ны өдрийн 07:38 цагт хүлээн авч тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 07:41 цагт очиж, 12 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг иргэн 12.10-ны өдрийн 15:50 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 16:04 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.10-ны өдрийн 21:57 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 22:06 цагт очиж, 35 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд зоогийн газарт эд хогшил шатаж байна гэсэн 12.10-ны өдрийн 10:20 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 11:27 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан. 25 иргэнийг утаажилтын бүсээс гаргасан.

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.10-ны өдрийн 18:21 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 18:29 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.10-ны өдрийн 14:00 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 14:09 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын иргэн Д /39 настай, эрэгтэй/ 11.26-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.01-ний өдрийн 17:50 цагт хүлээн авч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн 11 алба хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 31 иргэн, 4 морьтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Баруунбүрэн сумын Бургалтай багийн “Номгоны-Өвөр” гэдэг газраас /сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ иргэн Д-гийн 45-76 СЭҮ улсын дугаартай “Истана” загварын автомашиныг 12.01-ний өдрийн 09:40 цагт олсон.

12.10-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, 1 автомашин, Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн 5 алба хаагч, 2 автомашин, ар гэр, орон нутгийн 13 хүн, 2 автомашин, нийт 28 хүн, 8 автомашинтайгаар иргэн Д-гийн автомашин олдсон цэгээс хойд зүгт, 200 метрийн өргөнтэй 7 км зайд самнаж, автозамын дагуу 6 км зайд цас ухаж, “Бургалтай” голын дагуу 9 айлын өвөлжөө, саравчийг шалгаж  эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг 19:50 цагт түр зогсоож, 12.11-ний өдөр эрэн хайх ажиллагаа үргэлжилнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР