Ц.Уранчимэг: Бусад байгууллагын хоёр жил гаруйн хугацаанд төлөвлөж хэрэгжүүлдэг ажлыг бид долоон сарын хугацаанд хийсэн

0

Энэ удаагийн дугаарын “Онцлох зочин”-оор ОБЕГ-ын харьяа Хүнсний нөөцийн салбарын дарга, хошууч Ц.Уранчимэгийг урьсан юм.

– Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Хүнсний нөөцийн салбар чанарын менежментийн тогтолцооны олон улсын ISO 9001:2015 (MNS ISO 9001:2016) стандартыг нэвтрүүлсэн. Яагаад энэ стандартыг нэвтрүүлэхээр зорив?

– ISO 9001 стандарт бол олон улсын байгууллагаас гаргасан стандарт. Энэ стандарт нь үйлчилгээ үзүүлэх ажлын чанарыг удирдах, хянах тогтолцоо бөгөөд олон улсын стандартад нийцсэн болохыг Төрийн болон Олон улсын байгууллагаар үнэлүүлдэг чанараа удирдаж байна гэдгийг нотолдог гэсэн үг юм л даа. Онцгой байдлын ерөнхий газраас 2017 онд дэвшүүлсэн зорилтдоо гамшгаас хамгаалах хууль эрхзүйн баримт бичгийг боловсронгуй болгоно гэж заасан. Энэ хүрээнд бид ISO 9001 стандартыг нэвтрүүлэх нь зүйтэй юм байна гэж үзээд ажлаа эхлүүлсэн. Ер нь бол төрийн үйлчилгээ түргэн шуурхай, чанартай хариуцлагатай болж байгаа юм. Үүний хүрээнд нэлээдгүй эерэг өөрчлөлтүүд орсон. Үүнд сахилга бат, эмх цэгцтэй болж хариуцлага тооцох хяналтын тогтолцоо бүрдсэн. Ажлын үр дүнгийн үнэлэмж сайжирч ажлын гүйцэтгэл, бүтээмж нэмэгдсэн.

-Хүнсний нөөцийн салбар ISO 9001 стандартыг нэвтрүүлснээр Онцгой байдлын байгууллага төрийн байгууллагуудын дотроос энэ стандартыг нэвтрүүлсэн анхны байгууллага болсон гэж сонссон?

– Үүнийг хариулахаас өмнө нэг юм ярих нь зүйтэй байх. Ер нь бол ямар ч байгууллага, компани олон улсад үйл ажиллагаагаа сурталчлахдаа манайх тийм тийм стандартуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллаж байна аа гээд зарлачихсан байдаг. Энийг бол ард иргэд болоод харилцагч байгууллагын хамгийн түрүүнд нэг номерт тавьдаг зүйл. Гэтэл Монгол Улсын хэмжээнд үүнийг ерөөсөө ярьдаггүй. Харин сүүлийн жилүүдэд олон улсын ISO 9001 чанарын стандартыг байгууллагууд үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхлээд байна. За ингээд үндсэн хариулалтаа хэлэхэд Стандартчилал хэмжилзүйн газраас наймдугаар сард манайд стандартын баталгаажилтын гэрчилгээг гардуулахдаа Монгол Улсад 80 гаруй байгууллага уг стандартыг хэрэгжүүлж, баталгаажилт авсан. Гэхдээ төрийн агентлагууд дотроос Онцгой байдлын байгууллага анхдагч нь болж байна гэсэн. Онцгой байдлын байгууллага дотроо бол Хүнсний нөөцийн салбар маань анхдагч болж байгаа юм. Олон байгууллага энэ стандартыг нэвтрүүлдэг ч аудитоор ороод, стандартын 131 шаардлагыг бүгдийг биелүүлээд баталгаажуулсан байна гэдэг бол хэцүү байдаг юм билээ.

-Тэгэхээр энэ стандартыг нэвтрүүлэхэд 131 төрлийн шаардлагыг зайлшгүй биелүүлэх хэрэгтэй болдог байх нь ээ?

-Тийм. Эдгээр шаардлагын хүрээнд баримтжуулсан мэдээлэл, бичиг баримтуудад дүн шинжилгээ хийж боловсруулалтыг хийдэг. Хамгийн түрүүнд энэ стандартыг нэвтрүүлэхийн тулд эхлээд Хүнсний тухай хууль, Хүнсний аюулгүй байдлын тухай хууль, Улсын нөөцийн тухай хууль, Төрийн нууцыг баримтлах тухай хууль гэх мэтчилэн хэчнээн хуулийн хүрээнд ямар ямар заалт нь хамаарах юм бэ гэдгийг шүүж гаргаж ирээд нийцлийн үнэлгээ хийж, биелэж байгаа биелэхгүй байгаагаар ангилан яаж биелүүлэх вэ, төлөвлөх вэ гэх мэтэд зорилтуудаа тодорхойлоод ажилласан даа. Энэ хууль, дүрэм журмын нийцлийг хангаж ажиллахын тулд салбарын хүрээнд 25 төрлийн журам, 5 заавар боловсруулсан байна. Ингээд албан бичиг хэрэг хөтлөлтийн эмх цэгцтэй болж, чанарын алдаа, дутагдал буюу үл тохирлыг эрс бууруулсан. Бидэнд гал унтраах маягаар ажиллаж байсан үе бий. Тэгвэл одоо бид гал унтраах биш урьдчилан сэргийлэх байдлаар ажиллаж байна гэсэн үг.

-Ямарваа нэг зүйлийг анхлан хийнэ гэдэг амаргүй. Та бүхний хувьд хэдий хэрийн хугацаа зарцуулж байж дээрх 131 шаардлагыг бүрэн хангав?

-Бусад байгууллагын хоёр жил гаруйн хугацаанд төлөвлөж хэрэгжүүлдэг ажлыг бид зургаан сарын хугацаанд хийсэн байна. Манай байгууллагын хувьд харьцангуй цомхон салбар учраас ажлаа шахаж хийх, хүмүүстэйгээ өдөр тутамд тулж ажиллахад амар байлаа. Гэхдээ стандартын хэллэгийг өөрийнхөө үйл ажиллагаатай уях нэлээд хэцүү байсан. Утгын зөрчилдөөн гарах вий гэдэгт санаа зовж, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч, хамтарч ажиллаж, яаж ойлгомжтой болгох вэ гэдэг дээр нэлээд анхаарч ажилласан. Энэ стандартыг нэвтрүүлснээр үйл ажиллагаандаа байнгын сайжруулалт хийгээд явах боломжтой. Төлөвлө, шалга, хэрэгжүүл, сайжруул гэсэн циклиэр үйл ажиллагаа нь явагддаг. Мөн бараа бүтээгдэхүүнд тавигдах шаардлага тодорхой болж байна. Нөгөө талаас ханган нийлүүлэгч байгууллагууддаа эргээд шаардлага тавих боломж бүрдэж байгаа юм. Үүний дагуу салбарын есөн ажилтан, алба хаагчийг дотоод аудиторын сургалтад хамруулан, гэрчилгээжүүлсэн. Ингэснээр салбарын үйл ажиллагаанд болон гэрээт хадгалагч байгууллагад дотоод аудит, дотоод хяналт, шалгалт хийж, үл тохирлыг илрүүлэн, боломжит хугацаанд залруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллах боломжтой болсон. Одоогийн байдлаар 178 орны 1 сая 400 мянга гаруй байгууллага энэ стандартыг нэвтрүүлсэн байна. Уг стандартыг нэвтрүүлж буй байгууллага хоног хоногоор нэмэгдэж байна гэсэн мэдээлэл байгаа. Эцсийн үр дүнг нэг үгээр хэлбэл дэлхийн түвшний менежменттэй болж, дэлхийн аль ч байгууллагатай нэгэн түвшинд нэг хэлээр ярьж ажил хэргээ бүрэн ойлголцох боломжтой боллоо гэсэн үг юм даа.

-Хүнсний нөөцийн салбарын хийсэн бас нэг том ажил нь “Агуулахын удирдлагын систем”. Энэ системийн давуу тал нь юу вэ?

-Агуулахын удирдлагын системийг нэвтрүүлснээр олон дэвшил гарч ирсэн. Аюулгүй ажиллагаанд өдөр тутамд тулгардаг эрсдэлүүд багассан. Хүний үйл ажиллагааг олон талаар хөнгөвчилсөн. Тухайлбал, манайх Хүнсний тухай хууль, Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг мөрдөж ажилладаг. Гэтэл агуулахад байгаа бараа материалаа эд хариуцагч нар маань тогтмол сэлгэн эргүүлж цэвэрлэгээ үйлчилгээ хийгээд яваад байгаа хэрнээ хугацаагаа мэдээллэхээ мартчих гээд байдаг. Бүүр хугацаа дуусахаас 2-3 сарын сандраад хэлэх тохиолдол ч байсан. Цуврал дугаарууд нь өөр өөр маш олон шошго байгаа учир эрэмбэлж бичих боломж байдаггүй зэрэг хүндрэл байсан. Гэтэл энэ программыг нэвтрүүлснээр цуврал тус бүрээр, ширхэг нэг бүрчлэн хугацаа нь дуусах дөхсөн бараануудын жагсаалт гараад ирдэг. Тэгэхээр түүнийг дараагийн үйл ажиллагаандаа төлөвлөх, сэлгэн шинэчлэх арга хэмжээг цаг алдалгүй авах боломжтой болж байгаа юм. Мөн агуулахын доторх нөхцөл байдлыг ажилчид өглөө 09:00 цаг, өдөр 15:00 цагуудаас хоёр удаа бүртгэлжүүлж байлаа. Энэ хугацаанд агуулахын орчинд нэлээд өөрчлөлт гарсан байдаг. Гэтэл автомат агуулахын мэдрэгчтэй системтэй болсноор агуулахын дотор хэдэн хувийн чийгшилтэй байна гэх мэт мэдээллүүдийг цаг тутамд авах боломжтой болсон. Бүх бараа бүтээгдэхүүнээ ухаалаг шошготой болгох боломж бүрдэж байгаа. Ингэснээр үйлдвэрлэгдсэн он, сар, гаж нөлөө, хадгалалтын хугацаа гээд бүх мэдээлэл автомат чипэн дээр сууж өгөх юм. Эндээс бүх мэдээллийг авах боломжтой. Бүтээгдэхүүний чийгшил ямар байх вэ, хугацаа нь хэдийд дуусах, агуулахын хаалгаар ямар бүтээгдэхүүн гарав гээд бүх мэдээлэл бүртгэгдэж, мэдээлэгдэнэ. Нэг ёсондоо агуулахын хаалгаар тийм байршилд байсан, тийм савлагаатай бараа бүтээгдэхүүн гарлаа, орлоо гэдгийг тэр дор нь мэдэх боломжтой гэсэн үг. Ингэснээр аюулгүй байдлаа бүрэн хангах боломжтой болсон. Ямарч төрлийн мэдээллийг ямар ч хэлбэрээ гаргаж харж болно. Улсын нөөцөд маш том дэвшил болсон гэж харж байгаа.

-Чанарын удирдлагын стандарт, Агуулахын удирдлагын системийг нэвтрүүлэхийн зэрэгцээ нэгдсэн лаборатори байгуулсан. Энэ олон том ажлыг яаж ингэж нэг зэрэг амжуулж чадав аа?

-Хийх ёстой ажлууд гэж үзээд л төлөвлөсөн, гүйцэтгэсэн. Би хийнэ гэж юу байх билээ хамт олныхоо хүчээр л ард нь гарсан даа. Лабораторийн хувьд бол Оросын холбооны улсад л гэхэд Улсын нөөцийн газар нь бүтэн институт ажиллаж байдаг. Тэнд улсын нөөцийн бараа материалыг ямар нөхцөлд хэрхэн удаан хадгалах вэ, хадгалалтын хугацааг чанарын өөрчлөлт гаргалгүйгээр яаж хадгалах вэ, ямар нэгэн эрсдэл тохиолдоход түүнийг яаж гаргах, хурдан түгээх вэ гэх мэтээр байнгын судалгаа шинжилгээ хийж байдаг. Ийм орчинд нэг жил хадгалахад ийм хэмжээний өөрчлөлт орсон байна, сав баглаа боодлыг өөрчлөхөд бүтээгдэхүүний шинж чанараа алдсан байна, алдаагүй байна, эсвэл энэ барааг долоон жил хадгалах боломжтой юм байна гэдгийг судлах, шинжлэн тогтоох хэрэгцээ бидэнд байна. Өмнө нь бид гурил, будаа, элсэн чихрийг өчнөөн олон жил л хадгалдаг байсан. Чанар нь мууддаггүй л байсан ш дээ гэж манайд 30 гаруй жил ажиллаж байгаа ажилтан, алба хаагчид ярьдаг. Одоо үүнийг судлах хэрэгтэй байна. Судалгаа шинжилгээ хийчихсэн, нотлох баримтуудтай байх шаардлагатай байна. Мөн Хүнсний аюулгүй байдал гэдэг бол хүмүүс амьдралынхаа туршид чанартай, шим тэжээллэг, эрүүл ахуйн шаардлага хангасан аюулгүй хүнсийг газар зүйн байршлаас үл хамааран хэрэглэх боломж бүрдсэн байхыг хэлдэг. Гэтэл манай байгууллагын хувьд онцлогтой бусад хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын бодвол удаан хугацааны турш хадгалах шаардлага гардаг тул дотоод хяналт, сорил, шинжилгээ тогтмол хийхгүй бол нөгөө чанар гэдэг зүйл алдагдах гээд байдаг. Тиймээс энэ лабораторийг байгуулсан. Энэ бүх ажилд маань Онцгой байдлын ерөнхий газар, Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газраас дэмжлэг үзүүлэн удирдлагаар хангаж ажиллаж байсан.

-Одоо оны төгсгөл ирж байна. Энэ онд Хүнсний нөөцийн салбар ололт амжилт ихтэй байна гэж хэлэх болох байх. Тэгвэл ирэх он буюу 2018 онд юу төлөвлөснийг тань сонирхож болох уу?

-Одоо бид лабораторийн үйл ажиллагаагаа сайжруулах, чадавхжуулах, бааз суурийг бэхжүүлэх хэрэгтэй байна. Эхний судалгаа шинжилгээгээ гаргаж, баримт нотолгоон дээр суурилан үйл ажиллагаагаа явуулах чадамжтай болох хэрэгтэй байна. Одоо байгаа лабораторийн тоног төхөөрөмжөө баталгаажуулахаар холбогдох материалуудаа Стандартчилал хэмжилзүйн газарт өгчихсөн байгаа яаралтай баталгаажуулмаар байна. Цаашид итгэмжлэл авах шаардлагатай байна гээд их ажил байна даа. Мөн Засгийн газраас үзүүлж байгаа буцалтгүй тусламжийн өрхийн багцыг гаргахаар төлөвлөж, танилцуулгыг бэлтгээд байна. Яагаад үүнийг хийх болсон бэ гэхээр, хүнсний тусламж үзүүлэхээр болоход нэг хүнд ногдох хэмжээгээр нь бодоод тэдэн хүнд тийм хэмжээний тийм төрлийн бүтээгдэхүүн гээд засгийн газрын тогтоол гарчихдаг. Гэтэл энэ тусламж маань газар дээрээ очихоор хүн бүрт тэгш хуваарилагдан хүрч байна уу гэдэг эргэлзээтэй. Тиймээс бид нэгэнт л хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байгаагаа чанартай болгоё гэж зорьсон хэрэг юм. Тусламж авч байгаа хүндээ яг өөрт нь өөр дамжлаг дамжихгүйгээр хүргэх арга хэмжээг авах хэрэгтэй гэдэг үүднээс энэ багцыг санаачилсан. Энэ багц маань батлагдчихвал ард иргэдэд тусламжийн үйл ажиллагаа маань хэнээс очиж байгаа вэ хэр хэмжээ вэ гэдэг нь тодорхой болно.

-Бид хоёр тэр чигтээ ажлаа ярьсаар байгаад таарлаа. Одоо жаахан Ц.Уранчимэг гэдэг хүний талаар яривал ямар вэ. Хаана, ямар сургууль төгсөв. Ажлын гараагаа хэрхэн эхэлж байв гээд л?

-Юмны учрал тохиол гэж их сонин шүү дээ. Өвөө маань цэргийн эмч хүн байлаа. Цэргийн ах, эгч нарыг харахаар эрэмгий зоригтой, эрч хүчтэй санагдаж, ийм л хүн болохсон гэж бодно. Ер нь цэргийн хүн болоод эх орондоо ихийг хийнэ гээд бүүр бат бодчихсон байсан. Тэгээд хүсэл мөрөөдлөө даган Батлан хамгаалах их сургуульд орж, электроникийн инженер мэргэжлээр төгссөн дөө. Гэхдээ сургуульд орсон жилээ би ингэхэд буруу газарт ирчихсэн юм биш байгаа гэж эргэлзэж байсан шүү. БХИС-т орохдоо би цагаан хоолтон байсан юм. Гэтэл мэдээж надад зориулсан хоол байхгүй. Сүүтэй гурил, будаа л иднэ. Карантинд явсан казарамд амьдарсан гээд л эр, эм гэж бараг ялгахгүй үүрэг даалгавар өгнө гээд их хэцүү жилүүд байсан. Тэгсээр нэг мэдсэн нь махан хоол иддэг болж, тэсвэр хатуужил, хүнээс үг дуулж сурах гээд их олон юм сурч сургуулиа ч амжилттай дүүргэсэн дээ.

-Ажил хөдөлмөрийнхөө гарааг хаанаас эхэлсэн бэ?

-Би нийслэлийн хөдөлмөр халамжийн газарт ажилд орох боломж гарснаар ажлынхаа анхны гарааг энэ байгууллагаас эхэлсэн. Эндээс би маш олон зүйлийг сурсан. Бичиг баримт боловсруулах, ачаалал дааж сурах гээд. Ажлын ачаалал ихтэй үед хоёр, гурван өдрөөр ч гэртээ харихгүй ажиллах тохиолдол гардаг байлаа. Харин гэр бүлийн хүн маань Өвөрхангай аймгийн Хархорин суманд томилогдож ажиллах болсноор ажлаасаа гарсан. Цагаан зээр, эмэгтэй хүн хоёр нутаггүй гэгчээр болсон доо. Нөхрийгөө дагаад Хархоринд очоод нэг жил гаруй ажилгүй байсан. Сургуулиа төгсөөд шууд ажилласан хүн чинь ажилгүй удахаар маш хэцүү болж ирдэг юм билээ. Тэгээд л ажил хайж эхэлсэн дээ. Гэтэл Хархорины Улсын нөөцийн салбарын дарга нь өөр ажилд томилогдсон даргагүй 2, 3 сар гаруй болж байгаа гэдэг сураг гарсан. Тэгэхээр нь би өөрөө цэргийн хүн, тэгээд ч төрийн захиргааны байгууллагад найман жил гаруй ажиллачихсан учраас үзээд алдая гэж бодоод материалаа өгсөн. Ингээд Хархорины Улсын нөөцийн салбарын даргаар томилогдож, дөрвөн жил гаруй ажилласан. Хархорины Улсын нөөцийн салбар олон жилийн түүхтэй, үндсэн бааз суурь сайтай, хуучны дарга нар нь маш мундаг авч явсан газар. Ер нь би их азтай. Дандаа мундаг дарга нартай ажиллаж таарсан. Энд ч дээд удирдлагууд маань ажлыг маань маш сайн ойлгодог гэж боддог. Ойлгохгүй бол бас хэцүү шүү дээ.

-Таныг харахаар их эршүүд гэмээр араншинтай санагддаг. Хүмүүс тэгж хэлж байв уу. Багаасаа цэргийн амьдралаар явчихсан, цэргийн сургууль дүүргэсэн хүмүүсийн нийтлэгдүү араншин ч гэмээр юм уу?

-Намайг хүмүүс аягүй эршүүд сайхан ш дээ гээд л ярьдаг юм. Муулаад байгаа юм уу, магтаад байгаа юм уу. Уг нь би чинь эмэгтэй хүн шүү дээ. Бас зарим нь яхир гэнэ. Гэхдээ ингэж харагддаг нь мэргэжлийн онцлог юм шиг байгаа юм. Мэдлээ гүйцэтгэе, тийм, үгүй гэдэг бидний харьцаа их хөндий санагддаг бололтой юм билээ.

-Ингэхэд чөлөөт цагаараа юу сонирхдог вэ?

-Аялах, хөдөө амрах их дуртай. Мал аж ахуй эрхлэх сонирхолтой. Гэр бүлийнхээ хүнтэй хэдэн цагаар ч хамаагүй мал, амьтан яриад суучихна шүү дээ. Уг нь би чинь унаган хотын хүүхэд. Гэрт ч амьдарч үзээгүй байсан. Гэтэл Хархоринд ажиллаж байхдаа зундаа голын эрэг дээр гэр бариад зусланд гарчихна. Тэгээд мал аж ахуйтай байх хэрэгтэй юм байна гэж гэр бүлийнхээ хүнийг ятгаад хэдэн адуу, саалийн үнээтэй болсон. Одоо ч гэсэн зав л гарвал хагас, бүтэн сайнаар мал руугаа явчихдаг. Хөдөө хээр гараад явахад бодол сайхан цэгцэрдэг. Өөртэйгөө байх боломж бүрддэг юм уу даа. Бас ном унших дуртай.

-Хамгийн сүүлд ямар ном уншив?

-Ерөнхийдөө судалгаа, шинжилгээний тухай, амжилтад хүрсэн хүмүүсийн тухай, түүхэн эх сурвалжийн номуудыг унших дуртай. Гэхдээ нэг ном барьж аваад, тэвэрч явсаар уншаад дуусгана гэж байдаггүй. Ажил дээр нэг, хоёр ном, гэрийн ширээн дээр, буйдангийн дэргэд, нойлд гэх мэтээр өөрт ойрхон газрууддаа, хаа сайгүй л тавьчхаад зэрэг зэрэг уншчихдаг гэх үү дээ. Өдөрт ямар ч байсан 30-аас нэг цаг орчмыг ном уншихад зарцуулдаг.

“Онцгой мэдээ” сонин