Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Увс аймгийн нутагт бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Дархадын хотгор болон  Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 7-9 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 9-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 9.10-нд говь тал хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст хүйтэн Дархадын хотгор болон Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө  20-25 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө    7-12 градус хүйтэн байна.

2.Объектын гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.07-ны өдрийн 18:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 18:35 цагт очиж, 01:18 цаг ажиллаж, унтраасан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Хонхор багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.07-ны өдрийн 10:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 10:58 цагт очиж, 43 минут ажиллаж, унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд иргэн Б-гийн 57-93 УНР улсын дугаартай ’’Норд бенз’’ загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.07-ны өдөр 10:44 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10:56 цагт очиж, автомашины бүхээгний хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж, унтраасан.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд цахилгааны өрөөнд 20 литрийн газын бортоготой хийн халаагуур шатаж байна гэсэн дуудлагыг 12.07-ны өдрийн 12:21 цагт хүлээн авч Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 12:32 цагт очиж, 01:00 цаг ажиллаж, унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.07-ны өдрийн 21:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 21:18 цагт очиж, 40 минут ажиллаж, унтраасан.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 02:02 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 02:09 цагт хүрэлцэн очиж, 20 минут ажиллаж, унтраасан.

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.07-ны өдрийн 13:49 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 14:05 цагт очиж, 10 минут ажиллаж, унтраасан.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Тахилын даваа” гэдэг газар /Бороо Гоулд ХХК-ийн уурхайгаас урд зүгт 10 км-т/, /Ө-48066’00’’, У-106022’00’’/ 12.07-ны өдрийн 13:37 цагт 3.54 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс утсаар 12.07-ны өдрийн 13:59 цагт хүлээн авсан. Төв аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Борнуур сумын ЗДТГ-ын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй гэж мэдэгдсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын иргэн Д /39 настай, эрэгтэй/ 11.26-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.01-ний өдрийн 17:50 цагт хүлээн авч тус аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн 11 алба хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 31 иргэн, 4 морьтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Баруунбүрэн сумын Бургалтай багийн “Номгоны-Өвөр” гэдэг газраас /сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ иргэн Д-гийн 45-76 СЭҮ улсын дугаартай “Истана” загварын автомашиныг 12.01-ний өдрийн 09:40 цагт олсон. 12.07-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, 1 автомашин, тус аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн 13 алба хаагч, 2 автомашин, Баруунбүрэн сум дахь Цагдаагийн тасгийн 2 алба хаагч, ар гэр, орон нутгийн 10 хүн, 2 автомашин, орон нутгийн 13 хүн, 2 автомашин, нийт 48 хүн, 7 автомашинтайгаар иргэн Ч.Даваадоржийн автомашин олдсон цэгээс баруун урд зүгт “Бургалтай” голын адаг хүртэл 10 км-т, “Сэртэн Номгоны өвөр” уулын баруун хэсгээр 5км-т хунгарласан цасыг ухаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоосон. 12.08-ны өдөр эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багт тус сумын харъяат Ч /17 настай, эмэгтэй/ 12.07-ны өдрийн 09:00 цагт хичээлдээ явна гэж гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.07-ны өдрийн 22:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах аврах 43 дугаар ангийн 10 алба хаагч, Цагдаагийн газрын 14 алба хаагч, ар гэрийн 6 хүн, нийт 30 хүн, 7 автомашинтай 22:52 цагт эрлийн ажиллагааг эхлүүлсэн. 12.08-ны өдрийн 03:02 цагт тус сумын Өлзийт багийн ’’Шунхлай’’ ШТС-ын хажууд согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байхад нь олж Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР