Д.БАЯНАА: Усанд далд орсон машинаас арваад хүн аварч байлаа

0

Завхан аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Баянаатай уулзаж хөөрөлдлөө. Тэрээр Онцгой байдлын газар хэмээх энэ хэцүүхэн албаны урдаа барьдаг чадварлаг ажилтны нэг хэмээгддэг юм билээ.


-Онцгой байдлын аврагч хүн гэдэг дуудлага ирсэн үед бэлэн байдалд байх ёстой бэрх л алба юм даа. Хэдэн жил ажиллаж байна?

-Би Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул хүн. Онцгой байдлын газарт ажиллаад хорь гаруй жил болж байна.

-Гал, усны гамшиг гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг аюул гэгддэг. Голдуу ямар дуудлагаар явж байв?

-Гол усны голдуу дуудлагаар ажиллаж ирлээ. Ихэнхдээ нутгийн нууранд осолдож эндсэн хүмүүсийн цогцоснуудыг гаргаж байсан.

-Гаргасан хүнийхээ тоог багцаагаар гаргаж үзэв үү?

-Яг таг тоолж үзээгүй юм байна. Багцаагаар хориод шарил гаргаа болов уу.

-Завхан аймаг Алтай, Хангайн нуруудын олон нуур цөөрөмтэй. Чухам ямар нууруудад шумбан ажил үүргээ гүйцэтгэж байсан бол?

-Эрдэнэхайрханы Цагаан нуур, Улаагчины Хар нуур, Отгон сумын Буянт гол, Улиастайн Чигэстэйн гол, Богдын гол зэрэг олон л газраас хүн гаргаж дээ. Завхан аймгийн ойролцоо урсдаг Богдын гол 2000 оны зун улаанаар эргэлдэж сүйд болоход үерийн дуудлагад явахдаа машин нь усны мандалд далд орчихсон арваад хүний алтан амийг аварсан. Морьтой хүн ч айгаад ойртохгүй байсан шүү, тэр үед. Энэ миний усчин болсны хамгийн том ажиллагаа юм уу даа.

-Ер нь усанд живсэн хүнийг гаргахад хэдэн метр гүн усанд шумбах вэ?

-Хамгийн наад тал нь л таван метр гүн усанд шумбах энүүхэнд. Сантын Баян нуурт хүн эндчихлээ гэсэн дуудлагаар очиж дөчөөд метрт орж байсан. Нуурын замгийг цэвэрлэхээр зангуу чирнэ. Зангуу гэдэг маань урт олсонд туухай зүүж хоёр талаас нь татахыг хэлж байгаа юм л даа. Дом бодож тулга чирнэ.

-Тулгаар яаж домноно гэсэн үг вэ?

-Гал, ус хоёр харш гэж ярьдаг даа. Тэр утгаар галын тулгаас лус эмээдэг гэсэн дом юм уу даа. Хамгийн гол нь тулга арзгар тотготой учраас замаг намгийг ихээр шүүрдэж гаргаж ирдэг юм.

-Гол ус их үерлэдэг хамгийн хэцүү газрууд аль суманд их байдаг бол?

-Тэлмэн сумын Бүст нууранд хөлгүй тогтоол цүнхээлүүд их байдаг. Ёроол ёзоор нь ёстой харагдана гэж байхгүй. Юу ч харагдахгүй, түнэр хар цүнхээлүүд. Тэр ёроол харагддаггүй нь дүүрэн өт хорхой байдгаас болдог юм билээ. Цүнхээлүүдийнх нь гүн дор хаяж л арваас хорин метр хүрээд байх шиг байдаг юм.

-Усанд живсэн хүн ямаршуухан байдалтай байдаг бол. Өнгөрчихсөн гэхээр айдас төрөх үү?

-Ямар ч хүнд хэцүү үед үүрэг гүйцэтгэх тангараг өргөсөн болохоор дуудлага л ирсэн бол шөнө орой ч бай, өвөл зуны алинд ч байсан хэргийн газарт очиж ажиллах нь бидний үүрэг. Хойш суух юм уу, зүрхшээж эмээх ямар ч эрх байхгүй. Аль ч үеийн төр засаг маань Онцгой байдлынхан бидний ажлын байр, цалин хангамжийн талаар санаа тавьж ирсэн болохоор бид өмнөх ажлаа л нэр төртэй хийхийг эрмэлздэг. Тэрнээс айж эмээгээд байх утгагүй. Нуур цөөрөм, тогтоол цүнхээл усанд живж нас барсан эрэгтэй хүн голдуу л доошоо харсан байдалтай байрладаг. Хүндийн төв нь л тэгж татдаг байх.

-Өө, ямар сонин юм бэ?

-Усны гүн дотор фосфортож гэрэлтсэн цав цагаан юм л харагдана. Удаад өт хорхойд идэгдчихсэн бол уснаас гаргуут л энд тэндээс нь цус гоожоод ирдэг. Усанд өнгөө алдаагүй цав цагаан байсан шарил агаарт гаргаад ирүүт хөхрөөд харлаад эхэлдэг. Уснаас шарил гаргах эхний үед зүүдэнд орж ирээд, нүдэнд үзэгдээд их бодогддог л байлаа. Одоо ч төрийн сүлд минь харж байгаа гээд огт тоохоо ч больж дээ.

-Усны гүнд их хүйтэн байдаг уу?

-Одоо усны хувцастай ордог болсон болохоор харьцангуй гайгүй шүү. Тэрнээс арваад метрээс доошхи усны хэм их хүйтэн. Ихээр ч барахгүй аймаар хүйтэн. Яс янгинанам хүйтэн гэдэг л тэр байх. Их хүйтэн усанд орчихоор хоёр чихээр янгинатал хатгуулж өвдөнө.

-Яаж яваад усчин-аврагч гэдэг мэргэжилтэй болчихов. Жолооч ч юм уу, эсвэл ямар нэг эрсдэл багатай ажил сонгож болоогүй юм уу?

-Манайх Хар нуур, Тээлийн гол гэж жигтэйхэн ус ихтэй нуур голтой газар жилийн жилд зусдаг байлаа. Хүүхдүүд бид голын усанд умбаж, нууранд шумбаж л өнжинө. Манай Тээлийн гол чинь зарим газартаа гүнзгий нь 12 метр гүн уулын гол шүү дээ. Ёстой загас жараахай шиг байсан гэхэд хилсдэхгүй. Намайг 16 хүрдэг жил манай хамт олон Ховд аймгийн Хар ус нуурт тэмцээнд оролцохоор явах замдаа манай Хар нуур дээр үдлэн амрахдаа намайг усанд сэлэхийг хараад байсан юм билээ. Тэгээд надад санал тавьж, аав ээжид хэлээд авчирч байлаа. Түүнээс хойш энэ албанд завсаргүй ажиллаж байна даа.

-Энэ олон жилд ямар амжилтын эзэн болов?

-Усчин аврагч орон тоон дээр ажиллаж эхэлснээс хойш 2012 онд Аварга аврагч ажилтан болж байсан минь дурсгалтай санагддаг.

-Отгонтэнгэр хайрханд эндсэн уулчдыг хайх ажиллагаанд танай хамт олноос нэлээд хүн хүч ажиллав уу?

-Гуравхан сая иргэдээс маань уулын спортод сэтгэл зүрхээ өгсөн арван долоон сайхан зоригтон эндсэнд харамсаад баршгүй. Манай Онцгой байдлын газрын шинэ байрны нээлт 22-ны бүтэн сайн өдөр болж байсан юм. Тэгтэл гэнэт түгшүүр зарлаж манай Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болдын тушаалаар бидний арван гурван хүн Отгонтэнгэр хайрхан өөд очиж ажиллах аврах хүч хэрэгслийн томилгоонд дайчлагдсан.

Л.Батцэнгэл

Эх сурвалж: dnn.mn