Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт:  Дархан-Уул, Дорнод аймгийн нутгаар бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 3 градус дулаанаас 2 градус хүйтэн,  говийн бүс нутгаар 2-7 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, ялимгүй цас орж, явган шуурга шуурна, салхи баруун хойноос 6-11 м/с. 10-12 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 7, 8-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 7-9-нд говь тал хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

2.Объектын гал түймэр:

 

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.05-ны өдрийн 11:34 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 11:43 цагт очиж 00:25 цаг ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын иргэн Д /39 настай, эрэгтэй/ 11.26-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.01-ний өдрийн 17:50 цагт хүлээн авч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн 11 алба хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 31 иргэн, 4 морьтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 12.01-ний өдрийн 09:40 цагт Баруунбүрэн сумын Бургалтай багийн “Номгоны-Өвөр” гэдэг газраас /сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ иргэн Д-гийн 45-76 СЭҮ улсын дугаартай “Истана” загварын автомашиныг 12.01-ний өдрийн 09:40 цагт олсон.

12.05-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 2 автомашинтай, тус аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн 7 алба хаагч, Баруунбүрэн сум дахь Цагдаагийн тасгийн 2 алба хаагч ар гэрийн 20 хүн, 2 автомашинтай нийт 42 хүн, 4 автомашинтай 09:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж Бургалтай голын эрэг дагуу 25 км-т зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт түр зогсоосон.12.06-ны өдөр эрэн хайх ажиллагааг  эхлүүлсэн.

Бусад: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд дулааны шугамын худагт 1 хүний цогцос байна гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 01:47 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 02:01 цагт очиж 00:25 цаг ажиллаж иргэн Ч /42 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

4.Мал, амьтны гоц халдварт өвчин:

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт иргэн Д-гийн 5 үхэрт 11.16-ны өдөр мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 11.18-ны өдрийн 17-2433 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон. Тус сумын Засаг даргын 11.18-ны өдрийн А/407 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. 12.05-ны өдрийн байдлаар голомтын бүсэд 123 айл өрхийн 1156 үхрийг устгаж, 2 дугаар ээлжийн вакцинжуулалтаар 1242 айл өрхийн 23733 бод мал, 2113 бог мал, 2184 тэжээвэр амьтан, нийт 28030 мал, амьтныг тарьж, 81125 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн. Голомтод нийт 124 хүн, 35 автомашинтай ажиллаж байна. Мөн Улаанбаатар-Дархан-Сүхбаатар өртөө хүртэлх 271, 269, 272, 264 дүгээр галт тэрэг, Зүүнхараа-Дархан-Эрдэнэт чиглэлийн 301, 302 дугаар галт тэргийг Зүүнхараа өртөөнд зорчигч буулгаж, суулгахгүй хязгаарлалт үргэлжилж, Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн 281, 282  дугаар галт тэргийг замын өртөө, зөрлөгт зогсоохгүй аялуулж байгаа бөгөөд, 12.04-ний өдрөөс сургуулийн үйл ажиллагааг нээсэн.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан багийн “Бүдүүний-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 13 км-т/ тус сумын харьяат малчин Б-гийн 2 үхэр, 11.29-ний өдөр мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч,  өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 12.04-ний өдрийн 17-2527 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон. Тус сумын Засаг даргын 12.01-ний өдрийн А/116 дугаар хариугаар хорио цээрийн дэглэм тогтоосон. Өвчилсөн 69 бод малыг устгаж, 3900 бог мал вакцинжуулж, 1200 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн. Голомтын бүсэд 13 айл өрхийн 683 бод, 9362 бог, нийт 10045 мал байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР