Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын зарим нутаг болон төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с.  Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн нутгаар 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос 6-11 м/с. 10-12 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-8-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 7-9-нд говь тал хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

2.Объектын гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт “Бат-Монгол хийц” ХХК-ийн манаачийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 22:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 23:11 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхон ’’Улаанбаатар такси’’ ХХК-ийн хашаанд 36х13 метрийн хэмжээтэй агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 08:27 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 14 алба хаагч, 3 автомашинтай 08:44 цагт, нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 09:00 цагт очиж, 06:00 цаг ажиллаж, унтраасан.

Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжинт багт иргэн Б-гийн 43-27 ОРО улсын дугаартай Тоёото үйдвэрийн ’’Ланд крузер-80’’ загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 10:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 10:18 цагт очиж, автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж, унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд 6х3 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 08:05 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 08:09 цагт очиж, 50 минут ажиллаж, унтраасан.

Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд 10х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний 13:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 13:47 цагт очиж, 01:20 цаг ажиллаж, унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд 6х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 23:38 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 23:51 цагт очиж, 50 минут ажиллаж, унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.05-ны өдрийн 01:42 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 01:56 цагт очиж, 50 минут ажиллаж, унтраасан. Уг гал түймэрт иргэн Д /78 настай, эмэгтэй/ өртөж нас барсаныг тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн хүлээлгэн өгсөн.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын иргэн Д /39 настай, эрэгтэй/ 11.26-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.01-ний өдрийн 17:50 цагт хүлээн авч сумын Бургалтай багийн “Номгоны-Өвөр” гэдэг газраас /сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ иргэн Д-гийн 45-76 СЭҮ улсын дугаартай “Истана” загварын автомашиныг 12.01-ний өдрийн 09:40 цагт олсон. 12.04-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 61 дүгээр ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай, Сайхан сум дахь Цагдаагийн хэлтсийн 9 алба хаагч 1 автомашинтай, ар гэрийн 14 хүн 2 автомашинтай, нийт 31 хүн, 4 автомашинтай 08:50 цагт Баруунбүрэн сумын Бургалтай багийн “Номгоны өвөр” гэдэг газраас “Бургалтай” голын адаг, “Сэртэн Номгоны өвөр” гэдэг газар эрлийн ажиллагааг зохион байгуулж 18:30 цагт түр зогсоосон. 11.05-ны өдрийн 08:30 цагт эрлийн ажиллагааг дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР