Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0
1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт:   Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, төвийн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, төвийн аймгуудын зарим газраар 12-14 м/с, баруун болон говийн аймгуудын зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, үдээс хойшдоо ялимгүй цас орно, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, 4-6 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн зүүн хагаст цас, 14, 15-нд зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь, талын нутгаар, 14,15-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр хүйтний эрч чангарч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багт 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 02:31 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 02:33 цагт хүрэлцэн очиж 00:37 цаг ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Мөрөн сумын Чандагана багийн “Дэрс” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 62 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 20:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 20:40 цагт гарч 22:02 цагт хүрэлцэн очиж 1:48 цаг ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн “Хонхор”-ын 10 айлын байранд байшингийн дээвэр шатаж  байна гэсэн дуудлагыг 2017.11.10-ны өдрийн 14:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 14:16 цагт хүрэлцэн очиж, 00:59 цаг ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт иргэн С /8 настай, эмэгтэй/ 11.02-ны өдрийн 13:00 цагт хичээлдээ явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.02-ны өдрийн 21:41 цагт хүлээн авч ЦЕГ-ын 14 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 14 алба хаагч, 5 автомашинтай, тус сумын 1, 2, 3 дугаар баг, Сүлд баг, Борхойн багийн нутаг дэвсгэрт болон тус аймгийн Эрдэнэ суманд аймгийн Цагдаагийн газрын 1 алба хаагч, ар гэрийн 3 хүн, 1 автомашинтай мөн Улаанбадрах суманд аймгийн Цагдаагийн газрын 2 алба хаагч, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Бийж багийн “Цагаан бэлчир” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ тус багийн харьяат иргэн Г /51 настай, эрэгтэй/ 11.09-ний өдрийн 15:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.10-ны өдрийн 09:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 20 иргэн, 1 автомашин, 2 мотоцикль, 3 морьтойгоор 11.10-ны өдрийн 12:30 цагт хүрэлцэн очиж 4:40 цаг ажиллаж 16:10 цагт гэрээс нь хойд зүгт 10 км-т тус багийн “Цагаан-Уул” гэдэг газраас эсэн мэнд олсон.

Завхан аймгийн Яруу суманд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 56 км-т/ тус сумын харьяат иргэн Т /60 настай, эрэгтэй/ 11.08-ны өдрийн 09:00 цагт тус аймгийн харьяат иргэн Б-гийн 200 хонийг Яруу сумын төвөөс Улиастай сум руу тууж, хүргэх гэж гараад сураггүй алга болсон тухай мэдээллийг 11.09-ний өдрийн 18:24 цагт хүлээн авч тус сумын 12 иргэн, 3 автомашинтай 11:09-ний өдрийн 20:17 цагаас 11.10-ны өдрийн 04:00 цаг хүртэл эрлийн ажиллагааг зохион байгуулж, 11.10-ны өглөө эрлийн ажиллагааг дахин эхлүүлэхээр болж түр зогсоосон гэж Яруу сумын ЗДТГ-ын дарга Ц.Дамдинсүрэн тус аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. 11.10-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 7 иргэн 2 автомашинтай 11:27 цагт хүрэлцэн очиж 2:20 цаг ажиллаж тус сумын Хэц-Улаан багийн “Хөшөөтийн дөрөлж” гэдэг газраас эсэн мэнд олсон.

Өндрөөс аврах: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд орон сууцны 9 давхар байрны 8 давхрын гадна хананд дулаалга хийж байсан хувиараа хөдөлмөр эрхэлдэг 4 хүн дүүжин шатны түгжээ мултарч, унасан тухай дуудлагыг 11.10-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 авто машинтай 15:16 цагт хүрэлцэн очиход нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 21 дүгээр хорооллын иргэн Э /26 настай, эрэгтэй/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн иргэн М /23 настай, эрэгтэй/ нар гэмтсэн байсныг НЯТТТ-ын эмч ГССҮТ-д хүргэхээр авч явсан боловч замдаа нас барсан, нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны иргэн Д /20 настай, эмэгтэй/, нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны суугч иргэн Б /23 настай, эрэгтэй/ нар нас барсан тул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт “Хустай-Арал” гэдэг газрын чиглэлд 16-54  БӨТ улсын дугаартай “Элентра” загварын суудлын автомашинтай иргэн З /35 настай, эрэгтэй/ Ховд голын мөсөн дээгүүр зорчиж яваад мөс цөмөрч автомашин суусан тухай дуудлагыг 11.11-ний өдрийн 04:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 31 дүгээр ангийн 13 алба хаагч, 2 автомашинтай 04:31 цагт хүрэлцэн очиж 1:40 цаг ажиллаж автомашиныг татан гаргаж аймгийн Цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Баян-Өлгий аймгийн Толбо сумын 4 дүгээр баг /сумаас зүүн урагш 35 км-т/ Өлгий сумаас Дэлүүн сумын чиглэлд 20-12 БӨА улсын дугаартай “Уаз-469” загварын автомашин 11.08-ны өдрийн 20:30 цагт Толбо сумын 4 дүгээр багийн /сумаас зүүн урагш 35 км-т/ “Дөрөө” нуурын мөсөн дээгүүр зорчиж яваад мөс цөмөрч автомашин нь живж, жолооч Б /33 настай, эрэгтэй/ эсэн мэнд гарсан тухай дуудлагыг 11.09-ний өдрийн 11:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 31 дүгээр ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 17:45 цагт хүрэлцэн очиж нуурын захаас автомашин хүртэлх 400 метрийн мөсийг хагалж, зам гарган 11.10-ны өдрийн 14:50 цагт татан гаргаж нийт 20:05 цаг ажилласан.

4.Мал, амьтны гоц халдварт өвчин:

Дорнод аймгийн Баяндун сумын Яргай багийн “Үхэрт” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/ тус багийн малчин Г-гийн 4 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 10.17-ны өдрийн 17-2195 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан багийн “Хэрмэн толгойн-Ар” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 40 км-т/ тус сумын харьяат малчин Г-гийн 10 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 10.24-ний өдрийн 17-2255 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны 7 дугаар баг “Өвөр булгийн эх” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 40 км-т/ тус багийн харъяат малчин С-ийн 6 үхэрт 10.18-ны өдөр  мал, амьтаны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 10.24-ний өдрийн 17-2258 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Баян багийн “Хашаат” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т/ тус багийн харьяат малчин Г, Г, Г, Г нарын 17 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 10.27-ны өдрийн 17-2276 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Иххэт сумын Баян багийн “Зүүн сайр” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км/ малчин Б-гийн 12 үхэрт 09.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 09.29-ний өдрийн 17-118 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Наран багийн нутаг “Чандмань булаг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 30км-т/ тус багийн малчин А-гийн 1 үхэрт 10.26-ны өдөр  ’’Шүлхий’’ өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 11.01-ний өдрийн 17-2315 дугаар хариугаар ’’Шүлхий’’ өвчин болох нь;

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны “Дөтлүүрийн харзан-Өндөр”/тосгоны төвөөс хойд зүгт 14 км-т/  Төв аймгийн Баян сумын 2 дугар багийн харъяат малчин Т-гийн 1 үхэр, 10.16-ны өдөр,  “Мааньт” гэдэг газар /Мөн тосгоны төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хорооны харъяат малчин Ц-гийн 1 үхэр 10.17-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 10.24-ний өдрийн 17-2256, 17-2257 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Далт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ тус багийн харьяат малчин Б-гийн 4 үхэрт 10.23-ны өдөр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 11.01-ний өдрийн 17-2293 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Архангай аймгийн Жаргалант сумын Хоолт багийн “Бугатын-Эх” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 62 км-т/ тус багийн харьяат малчин Б-гийн 1 ямаанд 10.30-ны өдөр мал, амьтны халдварт “Галзуу” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 11.02-ны өдрийн 17-206 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР