Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0
1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод, Дорноговь, Өмнөговь, Хэнтий аймгийн зарим газраар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшиж, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 3-8 хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 5-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн зүүн хагаст, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11-нд баруун аймгуудын нутгаар, 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь, талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.09-ний өдрийн 14:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 6 алба  хаагч, 1 автомашинтай 15:00 цагт хүрэлцэн очиж 00:15 минут ажиллаж, унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байр шатаж байна гэсэн дуудлагыг 11.09-ний өдрийн 21:28 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 21:38 цагт хүрэлцэн очиж 00:20 минут ажиллаж, унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 01:34 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 01:49 цагт хүрэлцэн очиж 01:15 цаг ажиллаж, унтраасан. Гал түймэрт иргэн Б /28 настай, эрэгтэй/-ийн нүүр, гарын хэсэг түлэгдсэн байсныг нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн. Мөн нэр, нас хүйс нь тодорхойгүй 1 иргэн шатаж нас барсан байсныг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт иргэн С /8 настай, эмэгтэй/ 11.02-ны өдрийн 13:00 цагт хичээлдээ явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.02-ны өдрийн 21:41 цагт хүлээн авч тус аймгийн Замын-Үүд сумын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 17 дугаар ангийн 14 алба хаагч, Цагдаагийн хэлтэс, сайн дурын 150 иргэн, нийт 164 хүн, 1 автомашинтай тус сумын 1 дүгээр багт 11.09-ний өдрийн 12:40 цагаас 21:35 цаг хүртэл эрлийн ажиллагааг  зохион байгуулж, 11.10-ны өдөр дахин эхлүүлэхээр болсон.

Ховд аймгийн Чандмань суманд /аймгийн төвөөс 165 км-т/ Улаанбаатар хотоос хотоос Ховд аймгийн Дарви сум руу нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Ж /35 настай, эрэгтэй/ 11.06-ны өдөр 63-73 УБИ улсын дугаартай бага оврын ачааны автомашинтай хүнсний бараа хүргэж өгөөд 11.08-ны өдрийн 16:00 цагт Ховд аймгийн Чандмань суманд, 17:00 цагт Жаргалант сум руу явж байна гэж ар гэрийнхэндээ гар утсаар холбогдож хэлээд сураггүй болсон тухай дуудлагыг 11.09-ний өдрийн 01:33 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 автомашинтай 11.09-ний өдрийн 05:20 цагт Чандмань сумын чиглэлд явж эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан бөгөөд иргэн Ж 11.06-ны өдрийн 08:15 цагт эхнэр А-тай утсаар холбогдож 11.08-ны өдрийн 20:30 цагт Жаргалант сумын төвд ’’Минж’’ зочид буудалд ирж хоносон тухайгаа мэдэгдсэн тул эрлийн ажиллагааг зогсоосон.

Завхан аймгийн Яруу суманд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 56 км-т/ тус сумын харьяат иргэн Т /60 настай, эрэгтэй/ 11.08-ны өдрийн 09:00 цагт тус аймгийн харьяат иргэн Б-гийн 200 хонийг Яруу сумын төвөөс Улиастай сум руу тууж, хүргэх гэж гараад сураггүй алга болсон тухай мэдээллийг 11.09-ний өдрийн 18:24 цагт хүлээн авч тус сумын 12 иргэн, 3 автомашинтай 11:09-ний өдрийн 20:17 цагаас 11.10-ны өдрийн 04:00 цаг хүртэл эрлийн ажиллагааг зохион байгуулж, 11.10-ны өглөө эрлийн ажиллагааг дахин эхлүүлэхээр болж түр зогсоосон гэж Яруу сумын ЗДТГ-ын дарга тус аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. 11.10-ны өдрийн 08:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газраас 12 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн бүлэг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Толбо сумын 4 дүгээр баг /сумаас зүүн урагш 35 км-т/ тус сумын харьяат иргэн Б 11.08-ны өдрийн 20:30 цагт ’’Уаз-469’’ загварын автомашинтай “Дөрөө” нуур дээгүүр зорчиж яваад мөс цөмөрч автомашин нь живсэн тухай дуудлагыг 11.09-ний өдрийн 11:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 31 дүгээр ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 17:45 цагт хүрэлцэн очиж нуурын захаас автомашин хүртэлх 400 метрийн мөсийг хагалж, зам гарган 11.10-ны өдөр Дэлүүн сумаас ирэх ’’Камаз’’ загварын автомашинаар татаж гаргахаар болж, ажиллагааг 20:30 цагт түр зогсоосон.

Бусад: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Хоёр-Даваа”  гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ тус сумын Буданчийн уурхайгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Улаанбаатар хотын харьяат иргэн М-ийн 27-33 УНЛ улсын дугаартай “Соната-7” загварын автомашины цахилгаан энергийн үүсгэгч эвдэрч хээр зогссон, 3 зорчигчтой, осгох гэж байна гэсэн дуудлагыг 11.09-ний өдрийн 02:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 19 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 06:50 цагт хүрэлцэн очиж, автомашины цахилгаан энергийн үүсгэгч эвдэрч зогссон байсан тул автомашиныг чирж Төв аймгийн Батсүмбэр суманд 11.09-ний өдрийн 08:21 цагт хүргэж, Улаанбаатар хотын харьяат иргэн М /39 настай, эрэгтэй/, иргэн Ж /36 настай эрэгтэй/, Ц /30 настай эрэгтэй/ нарыг ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн.

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутаг “Сүүжийн-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 40 км-т/ Америкийн Нэгдсэн Улсын  иргэн  T /33 настай, эрэгтэй/, S /33 настай, эмэгтэй/ нар 47-61 УНП улсын дугаартай “Ниссан Навара” загварын суудлын автомашинтай Ёлын-Амаас Даланзадгад сум руу зорчиж яваад цасанд суусан тухай дуудлагыг 11.09-ний өдрийн 16:12 цагт тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрээс хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 21 дүгээр ангийн 8 алба хаагч, Цагдаагийн газрын 6 алба хаагч, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 4 ажилтан, нийт 18 хүн, 3 автомашинтай 19:15 цагт хүрэлцэн очиж, Америкийн Нэгдсэн Улсын  иргэн  T /33 настай, эрэгтэй/, S /33 настай, эмэгтэй/ нарын 47-61 УНП улсын дугаартай “Ниссан Навара” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг гаргаж, аймгийн төвд авчирсан.

4.Мал, амьтны гоц халдварт өвчин:

Дорнод аймгийн Баяндун сумын Яргай багийн “Үхэрт” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/ тус багийн малчин Г-гийн 4 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 10.17-ны өдрийн 17-2195 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан багийн “Хэрмэн толгойн-Ар” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 40 км-т/ тус сумын харьяат малчин Г-гийн 10 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 10.24-ний өдрийн 17-2255 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны 7 дугаар баг “Өвөр булгийн эх” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 40 км-т/ тус багийн харъяат малчин С-ийн 6 үхэрт 10.18-ны өдөр  мал, амьтаны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 10.24-ний өдрийн 17-2258 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Баян багийн “Хашаат” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т/ тус багийн харьяат малчин Г, Г, Г, Г нарын 17 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 10.27-ны өдрийн 17-2276 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Иххэт сумын Баян багийн “Зүүн сайр” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км/ малчин Б-гийн 12 үхэрт 09.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 09.29-ний өдрийн 17-118 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Наран багийн нутаг “Чандмань булаг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 30км-т/ тус багийн малчин А-гийн 1 үхэрт 10.26-ны өдөр  ’’Шүлхий’’ өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 11.01-ний өдрийн 17-2315 дугаар хариугаар ’’Шүлхий’’ өвчин болох нь;

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны “Дөтлүүрийн харзан-Өндөр”/тосгоны төвөөс хойд зүгт 14 км-т/  Төв аймгийн Баян сумын 2 дугар багийн харъяат малчин Т-гийн 1 үхэр, 10.16-ны өдөр,  “Мааньт” гэдэг газар /Мөн тосгоны төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хорооны харъяат малчин Ц-гийн 1 үхэр 10.17-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 10.24-ний өдрийн 17-2256, 17-2257 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Далт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ тус багийн харьяат малчин Б-гийн 4 үхэрт 10.23-ны өдөр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 11.01-ний өдрийн 17-2293 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Архангай аймгийн Жаргалант сумын Хоолт багийн “Бугатын-Эх” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 62 км-т/ тус багийн харьяат малчин Б-гийн 1 ямаанд 10.30-ны өдөр мал, амьтны халдварт “Галзуу” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 11.02-ны өдрийн 17-206 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

5.Мэдээлэл:

Ховд аймгийн Дарви сумын Булаг багийн “Арвалайн-Булаг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт  60км-т/ тус сумын харьяат иргэн Б /54 настай, эрэгтэй/ 11.08-ны өдрийн 18:30 цагт малаа хураахаар гэрээсээ гараад одоо болтол сураггүй байна гэсэн дуудлагыг 11.09-ний өдрийн 10:50 цагт хүлээн авч тус аймгийн Дарви сумын ЗДТГазраас 8 хүн, Цагдаагийн газраас 2 хүн, нийт 10 хүн, 2 автомашинтай 11.09-ний өдрийн 10:50 цагт эрлийн ажиллагааг зохион байгуулж, 14:25 цагт тус багийн ’’Говь’’ гэдэг газраас /гэрээс нь урд зүгт 15 км-т/ эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн гэж цагдаагийн газраас тус аймгийн Онцгой байдлын газарт 14:40 цагт мэдэгдсэн.

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Жаргалмандах багийн /сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ ’’Өгөөмөр’’ гэдэг газар тус багийн харьяат иргэн Б /57 настай, эрэгтэй/ 11.08-ны 23:00 цагт ’’Гурамсан’’ гэдэг газар руу гахай агнахаар морьтой явсан. 11.09-ний өдрийн 13:00 цагт эхнэр О-той Хилийн цэргийн 1 дүгээр заставын ’’Хашаат’’ харуулын байранд уулзахаар тохиролцсон боловч тухайн газартаа ирээгүй бөгөөд мөн өдрийн 17:00 цагт унаж явсан морь нь эмээл, хазаар, ганзагалаатай богцтойгоо сумын төвөөс баруун зүгт 30 км-т ’’Ноёны-Ам’’ гэдэг газарт нутаглаж буй малчин Х-гийн адуунд ирж нийлсэн тухай мэдээллийг 11.09-ний өдрийн 22:30 цагт хүлээн авч тус аймгийн Түшиг сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан 4 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн бүлэг 22:55 цагт хүрэлцэн очиж 00:24 цагт гэрээс нь баруун зүгт 7 км зайтай Дэлгэцэнгийн голын эргээс цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн гэж Түшиг сумын ЗДТГ-ын дарга тус аймгийн Онцгой байдлын газарт 00:30 цагт мэдэгдсэн.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР