Гурван давхар байшингийн дээвэр дээр сэрүү оргидог юм чинь гурван мянгаад метрт хүйтэн байхаас аргагүй

0

Отгонтэнгэр хаирханд эндсэн уулчдыг эрэн хайхаар хамгийн түрүүнд уулнаа авирсан Завхан аймгийн Онцгой байдлын газрын гурван аврагчтай Улиастай хотод ажлын нь газарт очиж уулзан ярилцлаа. Тэнгэрийн салхи л цасан хуйтай нөхөрлөж байдаг өндөрлөгт бусдыгаа түүчээлсэн тэд хэн хэн байв аа гэвэл химичин аврагч, уулчин, ахлагч Г.Маналжав, аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Б.Бадам-Очир, аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч У.Нямдаваа нар байсан юм. Үг цөөтэй ч үйлс бүтээлээрээ хамт олноо түүчээлсэн эдгээр залуусыг мэргэжлийн уулчдаас дутуугүй ажилласан гэж магтах хүн нэлээд байсан юм.

-Ослын дуудлага аравдугаар сарын 22-ны 14.30 цагт Завхан аймгийн Онцгой байдлын газарт ирлээ гэсэн. Та нар хэдийд осолдогсдыг хайж эхлэв?

Г.М: -23-ны 04.05 цагт бидний найман хүн эрлийн нэгдүгээр хэсэг болон Отгонтэнгэр уул өөд өгссөн. Цаг алдахгүйн тулд хавцлын дээгүүр нэг хэсэг нь, доогуур нөгөө хэсэг нь өгссөн. Уулын спортын олон улсын хэмжээний мастер Батманлай бид хоёр дээд талын хэсэгт багтаж, бусад зургаа маань доогуур явсан. Өдөр 13 цагийн үед байх, нисдэг тэргээр ирсэн Аврах тусгай ангийнхан Отгонтэнгэр хайрханы зүүн талын 3100 метрт нурангины хажуу талд хээрийн кэмпээ байгууллаа гэсэн мэдээллийн дагуу бид бага багаар доошилсон. Тэгээд 14 цагийн үед нурангин дээр хүрч очсон.

-Та нар ямар багаж хэрэгсэлтэй авирсан бол?

Г.М: -Мэргэжлийн уулчны хэмжээнд тоноглох багаж хэрэгсэл манай аймгийн Онцгой байдлын газарт байдаггүй. Ноднин ОБЕГ-ын хэмжээнд баруун таван аймагт “Уулчин” гэдэг сургалт явагдаж, нэг аймагт нэг багаж хэрэгслийн хангалт өгсөн. Тэр хувцас хэрэгслийг ашиглан ноднин би Говь-Алтай, Ховд аймгийн нутагт орших Хөх сэрхийн нуруунд уулын спортын олон улсын хэмжээний мастер, гавьяат тамирчин Гүррагчаа нарын уулчидтай хамтран авирсан. Тэр сургалтад хамрагдсан учраас аймгийнхаа Онцгой байдлын газрын уулчин- аврагч гэсэн орон тоон дээр ажилладаг юм.

Зүүн гар талаас Б.Бадам-Очир, У.Нямдаваа, Г.Маналжав нар. 2017.10.25-ны өдөр.

Завхан аймгийн Онцгой байдлын газарт

-Уулын иж бүрэн багаж гэхээр юу юунаас бүрдэх вэ?

Г.М: -Энгийн хоёр таяг байна. Мөсний таяг, шуудаг, аранз, аранзанд хөнжил, гудас багтана.

-Отгонтэнгэр хайрханы 3700 метрийн ондроос нуранги болсон 3100 метр газарт 600 гаруй метр газрыг туулж бууж ирэхэд хэцүү байв уу?

Г.М: -Батманлай бид хоёр хосоороо нэг олсонд орж авирсан. Өгсөхдөө гайгүй байсан ч буухдаа илүү цаг зарцуулж байсан. Бариувч байхгүй, бэхэлгээ муутай, хадаас шруф байхгүй учраас маш хүндрэлтэй байлаа. Бид бартаа саад ихтэй хадан хавцалд уулчид эндсэн байх магадлал өндрийг анх 07 цагт өгсөн.

-Амьд үлдсэн арван иргэн маань хаана хоноглосон байх юм?

Г.М: -Уулчид Отгонтэнгэр хайрханы орой дээр гарчихаад ирсэн мөрөөрөө буулгүй “Жаахан алсаас цасаа дагаад буучихъя” гэсэн байдалтай уруудсан юм билээ. Тэгээд урд хоёр олсныхон нь эндчихэнгүүт үлдсэн арав нь байсан газраа хоноглоод буцаад мөрөөрөө буусан байна лээ.

-Тэд оргилоос доош хэдэн метрт хоноглосон байх юм?

Г.М: -Оргилоос доош 3500 орчим метрт хоноглосон гэсэн.

У.Н: -Тэндээсээ хуучин мөрөөрөө буусан юм билээ. -Буугаад ирэхэд нуранги болсон 3200 метрт ямар үйл явдал өрнөж байх юм?

Г.М: -Эхний гурван шарилыг Аврах тусгай ангийнхан олсныг иридиум утсаар холбогдож мэдсэн. Биднийг бууж очсоор байтал зургаа долоон цогцсыг газар дээр нь гаргасан байсан. Тэгээд дээрээс хавцал руу хийсэхэд ямар ч хүн амьд гарах боломж тун бага юм байна гэдгийг дарга нарт мэдэгдсэн.

-Эхний арван цогцсыг гаргахад та нар хэдүүл ажилласан бол?

У.Н: -Эхний өдөр Аврах тусгай анги. Нийслэлийн Аврах хоёроос арван хүн ирсэн байсан. Хоёрдахь өдөр нэмж дөрвөн хүн ирсэн. Говь-Алтай, Ховдоос ирсэн уулчид, аврагчидтайгаа нийтдээ гуч орчим хүн ослын газар дээр ажилласан.

-Та бүхэн мэргэжлийн аврагч, уулчин, гал сөнөөгчид болохоор хэцүү нөхцөл байдалтай нүүр учирч л явсан байж таараа. Саяын уулчдын осол яг газар дээрээ ямаршуухан байв?

У.Н: -Өмнө нь хэцүү нөхцөл байдалтай өчнөөн таарч байсаан. Он гарсаар хил дээр хоёр цэрэг адуу усалж байсан цүнхээлдээ эндсэн ослын газарт очин биечлэн гаргаж л байсан. Хоёр гурван хоног ажилласан.

Г.М: -Бид чинь төрийнхөө өмнө тангараг өргөчихсөн болохоор иймэрхүү юм болсон газарт айж эмээгээд байлгүй очдог. Төрийн сүлд минь магнай дээр байдаг учраас ер нь сэжиглээд байхгүй шүү. Осолд өртөгсдийн биеийн байдал ерөнхийдөө өөрчлөгдсөн байсан. Хөл гар нь хугарсан ч юм уу, сонин байдалтай хөлдөцгөөсөн байлаа. Би өмнө нь Сант сумын Баян нуурт аялж байгаад эндсэн хүмүүсийн шарилыг гаргахад ажиллаж байсан гээд олон тохиол бий.

-Онцгой байдлын албанд хэд дэх жилдээ ажиллаж байна?

Г.М: -Дөрөв таван жил ажиллаж байна.

У.Н: -Гурваас дөрөв дэх жилдээ.

Б.Б: -Миний хувьд зургаан сар ажиллаж байгаа.

-Та нарыг уулнаас түгшүүр зарлаад буулгаад байсан. Хэрвээ тэгээгүй бол арван долоон хүнээ эхний өдөр олчих байсан, зарим нь амьд байх ч магадлалтай байлаа гээд шуугицгаасан?

Г.М: -Үндсэндээ 38-39 цаг орчим болчихсон, тэр өндөр хясаанаас шидэгдсэн учраас хүн амьд үлдэх ямар ч боломжгүй байсан.

Б.Б: -Түгшүүр зарлахын тухайд ууланд үе үе хуйрагнаад өвлөөс ч хүйтэн байсан. Гурван давхар байшингийн дээвэр дээр гарахад сэрүү оргиод хүйт даагаад байдаг юм чинь гурван мянгаад метрийн дээр хүйтэн байх нь аргагүй.

-Шарилуудыг 1.5-4 метрийн гүнээс гаргасан гээд байгаа. Тэр их цас уулын бэлд байсан юм уу, нурангинаас уруудаж буусан цас байв уу?

У.Н: -Манай аймагт энэ намар хоёр ч удаа цас орсон. Өндөрлөг газар учраас тэр хайлаагүй байсан байх магадлалтай.

Б.Б: -Дээрээс нь нурангийн цас орж ирсэн байх гэж би бодсон.

-Аврагч гэдэг амь дүйсэн мэргэжил. Та нарыг дуудлага аваад гарахад ар гэрийнхэн чинь санаа нь их зовнидог байх даа?

Г.М: -Би БХИС-ийг 2013 онд төгссөн. Гэргий маань аймгийн Нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажилладаг. Бид гурван сайхан хүүхэдтэй. Ар гэрийнхэн маань ч бидний албаны онцлогийг ойлгодог болохоор тэгтлээ санаа нь зовних нь гайгүй. Хамгийн гол нь аль болох эрсдэлгүй, чадварлаг ажиллах нь чухал гэж хичээнэ дээ.

У.Н: -Би Аврах тусгай ангид шүхэрчнээр ажиллаж байсан юм. Шүхрийн спортын гуравдугаар зэрэгтэй. 2009 онд ерөнхий боловсролын сургууль төгсөж, Төв аймгийн Алтанбулагт Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид алба хаасан. Манай анги чинь химийн анги байсан. Манайх хоёр хүүхэдтэй. Бага маань хавар гурван сард төрсөн муухай амьтан бий. Би Сэлэнгэд хэдэн сар гал түймрийн дайчилгаанд явахад л ар гэрийнхэн маань их саначихсан байсан.

Б.Б: -Тосонцэнгэлийн сургуулийг 2008 онд төгсөн, МУИС-ийн Завхан дахь салбар их сургуулийг татвар, нягтлан бодогч мэргэжлээр төгссөн юм. Завхан аймагт ний нуугүй хэлэхэд ширээний ажил хомсхон л доо. Тиймээс аврагч-гал сөнөөгчөөр Онцгой байдлын газарт ажилд орсондоо баяртай байгаа.

Эх сурвалж: Өдрийн сонин 2017.11.01

Л.Батцэнгэл