Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0
1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшиж, бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос  6-11 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Эхийн голын Баянбүрд орчмоор 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус дулаан, бусад нутгаар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, 0-2 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с. 15-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Говь-Алтай  аймгийн Есөнбулаг сумын Түмэн багт эзэнгүй хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 02:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 5 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн “Шохойн баюу” гэдэг газар иргэн Ө /27 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй /10.13-ны өдрийн 15:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 22:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 автомашинтай, Нутгийн захиргааны байгууллагын 9 хүн, 2 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР