Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0
1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Эхийн голын Баянбүрд орчмоор 13-18 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос 5-10 м/с. 3-5 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд Хөвсгөлийн уулсаар, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. Өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 19-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байшин, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 12:25 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргnay 19 дүгээр хороо, Хандгайтын Богины-Амны зусланд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 12:43 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 20:31 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн 1 дүгээр хэсэгт гэр шатаж байна  гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 02:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /25 настай, эрэгтэй/ өртөж нас барсныг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн “Шохойн баюу” гэдэг газар иргэн Ө /27 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй /10.13-ны өдрийн 15:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 22:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 9 иргэн, 2 автомашинтай, нийт 17 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 10.14-ний өдрийн 16:20 цагт Даланзадгад сумын Их-Уул багийн “Малчны хороолол” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь  хүлээлгэн өгсөн.

Бусад: Завхан Тэс сумын Баян-Уул багийн “Гандангийн тохой” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 10 км-т/ 93-99 УНҮ улсын дугаартай “Исузу” загварын автомашинтай 3 иргэн голын усанд суусан тухай дуудлагыг 10.13-ны өдрийн 21:20 цагт хүлээн авч тус аймгийн  Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 57 дугаар ангийн 2 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж автомашиныг татан гаргаж, иргэн Б /46 настай, эрэгтэй/, Г /43 настай, эрэгтэй/, Ц /43 настай, эрэгтэй/ нарыг аюулгүй газарт хүргэсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР