Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0
1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Дундговь аймгийн нутгаар бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, Увс нуур болон их нууруудын хотгор, говийн бүс нутгаар 3-8 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:   Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, 1-3 градус дулаан байна.

Төлөв байдал: 12-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14, 15-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 12-нд Алтайн салбар уулс болон говийн нутгаар, 13-нд говь, талын нутгаар, 14, 15-нд зүүн аймгуудын нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. 15-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд иргэн Д-гийн 4 ханатай гэр, иргэн Б-гийн 5 ханатай гэр шатаж байна  гэсэн дуудлагыг 10.10-ны өдрийн 19:02 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 03:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 04:03 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн “Гурвалсан цагаан-Овоо” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 40 км/  хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.10-ны өдрийн 13:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж 10.10-ны өдрийн 18:30 цагт бүрэн унтраасан.

4.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим  багийн “Хилэнтийн гүүр” гэдэг газар /Мөрөн сумын төвөөс урд зүгт 10 км-т/ 64-15 ХӨҮ улсын дугаартай суудлын автомашин онхолдсоны улмаас жолооч П /31 настай, эрэгтэй/ “Дэлгэр мөрөн” голын зүг гүйж алга болсон тухай дуудлагыг 10.10-ны өдрийн 19:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 21:57 цагт голын эргийн бургаснаас эсэн мэнд олж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

5.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Архангай аймгийн Жаргалант сумын сумын төвөөс хойд зүгт 28 км-т /У-З48091/00//, Ө-100037/00/// 10.10-ны өдрийн 12:13 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлж тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад тухайн газар нь Эрдэнэ-Уул багийн “Талын-Өвөлжөө” гэдэг газар бөгөөд иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн хохирол учраагүй байлаа.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР